Ялалтын баярыг угтаж, өнгөрсөн амралтын өдрөөр Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотод парад зохион байгуулсан нь зарим иргэдийн шүүмжлэлд өртөөд буй. Энэ асуудлаар олон улс судлаачдын байр суурийг хүргэж байна.
ОЛОН УЛС СУДЛААЧ П.НАРАНБАЯР:
-Аугаа эх орны дайн гэсэн хэллэгээс эхлэн бодох ёстой болов уу. Энэ үгийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд хэрэглэдэг. АНУ гэх мэт улс орон энэ үгийг хэрэглэдэггүй. АНУ, БНХАУ, Их Британи улсууд холбоотон улс байсан ч энэ үгийг хэрэглэдэггүй. Харин нөгөө талд байлдсан улс болох Япон улс нацист Германыг ялсан баяр гэж нэрлэдэг. Тэгэхээр нэр томъёоны зөрүү их гарч ирж байна. Хоёрдугаарт, энэ нь цаанаа үзэл суртал нь өөр байгааг илэрхийлж буй. Нэг хэсэг Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг үзэхээр дэлхийн 50 улс орны төрийн тэргүүн Москвад очсон. Фашизмыг дарсан, бүхэл бүтэн үндэсний эсрэг, хүн төрөлхтний эсрэг дахин бүү дайн гараасай гэсэн агуулгаар оролцдог байсныг бүгд мэдэж буй.
Дэлхийн хоёрдугаар дайн үүссэн гол шалтгаан нь эдийн засгийн хориг, зөрчлөөс үүдэлтэй.
Эдүгээ түүхчид дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн гол улсуудаар нацист Герман, Итали, Японыг нэрлэдэг. Тэнхлэгийн орнууд ч гэдэг. Тэд шинэ газар нутаг, колонийг хүсэж дэлхийн энд тэндгүй дайныг дэгдээв. Үүний цаад шалтгаан нь хаалттай эдийн засгийн блокууд байв. Тийм ч учраас дэлхийн хоёрдугаар дайны энэ гашуун сургамжийг давтахгүйн тулд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ зэрэг байгууллага үүссэн учиртай.
Путин 77 жилийн өмнө дууссан ЗХУ-Германы хоорондох дайны ялалтыг өөрийн засаглалын үзэл суртлын үндэс болгодог. 1939 онд Польшийг хуваан эзэлсэн түүхээ ч хав дарж, түүнийгээ “түүхийг гуйвуулахыг хориглох” гэсэн нэрийн доор хөрш улс орнууддаа сөхөхгүй байхыг тулгадаг.
Нацист Германыг нугачин дарахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ үүний цаана коммунизм, нацизм гэсэн баруун, зүүний хэт даврагч дэглэм оршин байсныг шинэ үеийн монголчууд бид нэвт шувт харж байх учиртай.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаар 70 жилийн хөгжил цэцэглэлт явагдсан. Хүмүүс дайныг мартаж болохгүй. ОХУ-г онцлоод байгааг би дотроо гайхдаг. Ялалтын парадыг манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам өмнө хийдэггүй байсан. Энэ жил хийж байгаа нь улс төрийн зорилготой гэж харж байна.
МУИС-ИЙН ОУХНУС-ИЙН АХЛАХ БАГШ Д.ОЮУНСҮРЭН:
-Ялалтын баярын парадыг Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгууллаа. Энэ асуудлыг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ. Элчин сайдын яамнаас жагсаал зохион байгуулах нь хэр зохимжтой вэ?
-1961 оны Венийн конвенци гэж бий. Уг конвенцийн гол агуулга нь дипломат Төлөөлөгчийн газрууд, Элчин сайдын яамд суугаа улсынхаа дотоод хэрэгт ямар нэг байдлаар оролцож болохгүй гэсэн заалт байдаг. Тэрийг зөрчсөн зүйл болчихлоо. Өөр нэг Монголын төрийн бус байгууллага зохион байгуулсан бол асуудалгүй. Элчин сайдын яам нь зарлалаа өөрийнхөө албан ёсны хуудсуудаар тавьсан байна лээ. Энэ нь олон улсын эрх зүйг зөрчиж буй асуудал юм.
-Уг жагсаалд Монгол Улсын иргэд оролцсон нь бидний нэр төрд сөргөөр нөлөөлөх үү?
-Мэдээж манай улсын нэр төрд сөргөөр нөлөөлнө. Хамгийн гол нь Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуульд заасан байдаг. Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас жагсаал, цуглаан зохион байгуулна гэдэг байж болохгүй. Мөн Үндсэн хуульд дайныг сурталчлахыг хориглосон. Ер нь жагсаал зохион байгуулагчид дайныг дэмжиж, Үндсэн хуулийн эсрэг зүйлийг хийгээд байна.
-Гадаад харилцааны яам энэ тал дээр анхаарч ажиллах ёстой байх. ОХУ-ын Элчин сайдын яамнаас өмнө нь Монгол Улсын иргэдэд зориулж мэдэгдэл гаргаж байсан шүү дээ?
-Жагсаал хийх зөвшөөрлийг нь өөрсдөө өгсөн учраас Засгийн газар дэмжиж байна гэсэн үг юм. Тэгэхээр Гадаад харилцааны яам ямар нэг үйлдэл хийхгүй байх. Зүй нь Гадаад харилцааны яам бусад улсад мэдэгдэл гаргаад, ОХУ-ын Элчин сайдыг дуудаад байр сууриа илэрхийлээд явах нь практикт бий. Манайхны хувьд ОХУ-г одоо хүртэл дэмжээд Украинд болж буй үйл явдлыг "цэргийн тусгай ажиллагаа" хэмээн нэрлэж байна. Олон улсад ОХУ, Украины дайн гэж яриад байхад "цэргийн тусгай ажиллагаа" гэх мэтээр ярьж буй. "Цэргийн тусгай ажиллагаа" гэдэг нэр томъёог хэрэглэж байна гэдэг нь дайныг дэмжиж, ОХУ-ын талд орж байна гэсэн үг шүү дээ.
Холбоотой мэдээ