Дайныг эсэргүүцэгч "No War" иргэдийн хөдөлгөөнөөс өнөөдөр/2022.05.09/ мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний зүгээс өнөөдөр 13:00 цагаас Сүхбаатарын талбай дээр Засгийн газрыг эсэргүүцэж, огцортол нь жагсаал хийнэ гэлээ.
"No War" иргэдийн хөдөлгөөний гишүүн:
-Ялалтын баярын мэнд. Энэ баяр бол дэлхий даяар хүчирхийллийг ялан дийлсэн, дайн дахиад болгохгүйн төлөө дэлхийн нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэсэн өдөр. Тэрнээс биш Орос ямар нэгэн жижиг улсыг балбаад байгаа талаараа баяр хийгээгүй. Монголчууд үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд үүнийг үзээд сууж байвал та ч бас ойлгох хэрэгтэй. Дэлхий нийтээрээ Гитлерийн Германы хүчирхийллийг тэсч даван туулж, энх тайвныг цогцлоосон өдөр юм шүү. Өчигдөр парад хийлээ гээд өөрсдийгөө өмөөрч байна лээ. Парад бол жагсаал гэсэн үг. Үндсэн хуульд жагсаал гээд зүйл заалт бий. Жагсаал бол дайн үймээн самуун, хүчирхийлэл гаргаж болохгүй гээд Үндсэн хуульд бий. Үүнээс салбарлаад Эрүүгийн хуульд ч бий. Өчигдөр РЦНК, Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд нар нийлж, дүүргийн засаг дарга нь, хотын дарга Д.Сумъяабазар, Цэргийн үлээвэр хөгжмийнхөн, Батлан хамгаалах яам нь дэмжээд дайныг дэмжсэн жагсаал боллоо.
“No War” хөдөлгөөнийхөн энх тайвны төлөө жагсч байгаа. Хүмүүс гуйвуулж байх шиг байна. Энэ дэлхийн иргэд энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй.
Бид өнөөдөр /2022.05.09/ 13:00 цагт “No War” жагсаалыг эхлүүлнэ. Данхан толгойтой, данхар төр огцрох ёстой. Ямар ч мэдрэмжгүй. Өчигдөр гайхамшигтай гутамшигтай өдөр боллоо. Монголын өрх бүрийн нэг гишүүн Европ, Америк гээд гадаадад амьдарч байгаа. Тэднийгээ бодох хэрэгтэй. Гадаад валют тэдгээр хүмүүсээс дамжиж л орж ирж байгаа. Хар жагсаалтад орохгүйн төлөө өнөөдөр жагсъя.
"No War" иргэдийн хөдөлгөөний гишүүн:
-Нэг сарын өмнө залуучууд “Ажлаа хий” жагсаалыг долоо хоног өрнүүлсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яаж ажлаа хийдгийг харлаа. Одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Өнөөдөр 13:00 цагаас талбай дээр огцор гэдэг шаардлага хүргүүлж жагсана. Энэ жагсаалд үр хүүхэд, ач зээгээ боддог хүн бүр ирээсэй гэж хүсч байна.
Дайн бол хүчирхийлэл. Ийм нийгэмд дайныг өдөөх нь хамгийн балмад зүйл. Украинд болж буй дайн бол хүчирхийлэл, алан хядлага, дарангуйлал гэж бид 11 удаа жагссан.
Гадаад хэргийн яам нэг ч удаа албан ёсны мэдэгдэл хийгээгүй. ОХУ-ын Элчин сайдын албан ёсны фэйсбүүк хуудсаар гарсан Монгол Улсын иргэдийн юу бодох, юу эс бодохыг заасан мэдэгдэлд нот бичиг явуулсан гэж худлаа ярьсан. 14 хоногийн дараа “Бид нар уулзсан. Бид нарын буруу юм байна” гэх мэдээллийг гаргасан.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дандаа худлаа ярьдаг. Жагсаалын хоёр дахь өдөр 67 залууг баривчилсан. Энэхүү үйл явдлынхаа үеэр хүний эрхийн маш ноцтой зөрчлүүдийг гаргасан.
Иргэд бухимдсан чинь арга хэмжээ авлаа гэсэн боловч одоо болтол тийм үйлдэл болсонгүй. Монгол Улсын Засгийн газарт ажиллаж буй сайд бүр салбар бүртээ худлаа ярьдаг. Замын-Үүдийн гацааг хоёрхон сарын дотор алга болгоно гээд хоёр зуны нүүр үзлээ.
Төсөв батлаад хоёр удаа тодотгол хийсэн. Залуучууд хэмнэ гэсэн гээд 25 хувь хэмнэ гэсэн боловч 40 хувь нэмээд ороод ирсэн. Сангийн сайд нь ийм худалч.
Covid-19-ийн үеийн төсвийн мэдээллийг одоог хүртэл ил болгоогүй. Эмч нарын цалин нэмэгдээгүй. Дотоодох асуудлаа шийдээгүй байж гадагшаагаа дайныг, хүчирхийллийг дэмжсэн үйлдэл Засгийн газар хийж байна. Бид алан хядлагыг дэмжсэн улс болоод байна. Өчигдөр жагсаалд оролцсон хүмүүст хэлэхэд та нар яаж үр хүүхэд, ач зээ нарынхаа нүүрийг харах гэж байна. Тэд нарт чинь Өмнөд Солонгосын виз ч гарахгүй. Дайныг дэмжиж жагсч байгаа үйлдлийг чинь дэлхий нийт харж байгаа. Үнэхээр харамсалтай байна.
Монгол Улс дайныг дэмжиж байгаа. Шадар сайд хийн хоолойг дамжин өнгөрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Э.Одбаяр:
-Засгийн газар хүч түрэн соёлын өвийн газруудыг устгасан. Тэр үеэс л шаардлагуудыг тавьж байсан. Иргэдийн оролцоотой илэрхийлж буй байр суурийг огт сонсдоггүй. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардаж байсан. Мөн Ерөнхий сайд жендэрийн мэдрэмжгүй мэдэгдэл хийж байхад нь ч шаардлага тавьсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байж бухимдал арилдаг. “No Double Standard” хөдөлгөөнөөс болж олон залуучуудыг хэрэгт татсан. Энэ мэтчлэн шаардлагуудыг тавьж ирсэн. Жагсаал цуглаан, мэдэгдэл гээд бүхий л аргаар шаардлага хүргүүлж байсан. Хариуцлага хүлээж чаддаг, ийм зүйл байдгийг харуулж өгөөч гэж л бид хүссэн. Засгийн газрыг огцруулах нь улс орныг тогтворгүй байдалд оруулж байгаа гэсэн үг биш. Ашиглалтын хугацаа нь хэтэрсэн бол нэг удаагийн салфетка шиг, живх шиг сольж байх хэрэгтэй. Алдаанууд овоорсоор байгаад улс орныг хүнд хэцүү байдалд оруулдаг. Улс орны хөгжил пи ар, пропагандагаар явдаггүй. Хийсэн ажлаа пи-арддаг болохоос биш хийгээгүй ажлаа хийсэн мэт, эдийн засаг нь өсөөд байгаа юм шиг пропоганда явуулбал хор уршиг дагуулна.
Дайныг эсэргүүцсэн 11 удаагийн жагсаал боллоо. Бүгд л дайныг эсэргүүцлээ. Хэвлэл мэдээлэл ч олон удаа дамжууллаа. Уржигдар Эрдэнэт хотын залуучууд, иргэд “No War” жагсаалыг хийлээ. Энэ жагсаал болоод дуусмагц энэ дайныг дэмжсэн жагсаал болов.
Ялалтын баярыг тэмдэглэдэг уламжлалт баяр мэтээр зөвтгөж байна. Батлан хамгаалах яам, Засгийн газрын оролцоогүйгээр ахмад дайчид даруухан тэмдэглэж болох байсан. Гэтэл илтэд дайныг дэмжсэн агуулгатай жагсаал хийлээ. Украины салан тугаарласан бүс нутгууд болох Донецк, Луганскийн далбаатай, Путины түрэмгийллийг дэмжсэн “Z” үсэгтэй туг далбаатай гэх мэтээр дайныг дэмжсэн байлаа.
Өмнө нь 11 удаа дайныг эсэргүүцэж жагсаал хийн олон улсад муухай харагдахгүй шүү гэсэн. Улс нь байр сууриа илэрхийлээгүй ч иргэд нь хэнээс ч айхгүй, Оросоос хараат бусаар хэлэх үгээ илэрхийлдэг гэдгээ харуулсан. Гэтэл гуравдугаар сарын 1-ний өдөр хоёр дахь жагсаалын үеэр цагдаа нар, халзан фашистуудтай нийлэн “Шоронд хийнэ, ална” гэх мэтээр сүрдүүлж байлаа. Эрдэнэтэд үзэл бодлоо илэрхийлэх гээд очиход байрлаж байсан буудал руу цагдаа нар мэдэгдэх хуудас барьж ирсэн. Жагсаал эхлээгүй байхад буудал руу орж, ирсэн. Цагдаа нар хүний эрхийн мэдрэмжгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс цагдаа нарт сургалт явуулсан. Гэвч ахиц дэвшил гарсангүй. Саатуулагдсан залуусаас нэг нь ч мэдээлэл хийгээгүй байгаа биз дээ. Ингэж л айлгасан.
Өнөөдрийн жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан гэхээсээ илүүтэйгээр өчигдрийн жагсаалыг эсэргүүцэж, олон улсад “Бид нар дайныг дэмжээгүй шүү” гэдгээ илэрхийлэхийн тулд бүх нийтийн олныг хамарсан тайван жагсаалыг өрнүүлнэ.
Энэ удаад огцортол нь жагсана. Олон улсад шившгээ дэлгэж болохгүй. Жил болгон энэ өдрийг дайны эсрэг өдөр хэмээн зарлаж байна. Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр бол дайны эсрэг өдөр. Дайныг дэмжсэн Засгийн газрыг огцруулах иргэдийн хөдөлгөөн өнөөдөр өрнөнө. 200 мянган ам.долларын тусламжийн асуудал яригдсанаас бусдаар өөр зүйл хийсэнгүй.
Төвийг сахих тогтоолыг хүчингүй болгосон. Үүний дараа хийн хоолойн асуудал яригдсан. Энэ бол илэрхий дайныг дэмжсэн үйлдэл.
И.К.Азизов гэдэг нөхөр иргэдийг юу хийхийг, юу ярихыг заасан. Манай улс төвийг сахиагүй. Сахисан мэт харагдуулж байна. Түдгэлзэж байна гэчихээд дайныг дэмжиж байна.
Холбоотой мэдээ