Их-7 бүлгээс өчигдөр /2022.05.08/ Оросын газрын тосны импортыг хориглох төлөвлөгөөгөө зарлалаа. Хориг арга хэмжээний хүрээнд Оросын газрын тосны импортыг үе шаттайгаар зогсоож, хориглох замаар эрчим хүчний хараат байдлаас гарна гэв. Үүнийг цаг тухайд нь эмх цэгцтэй хийж, дэлхий дахиныг өөр эх үүсвэрээс газрын тосоор хангана гэдгээ амлажээ.
“Оросын газрын тосноос татгалзаж, чулуужсан түлшнээс хараат байдлаа бууруулан, цэвэр эрчим хүч рүү шилжих ажлыг эрчимжүүлнэ. Цаг уурын зорилтын хүрээнд хэрэглэгчдийг тогтвортой бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр хангаж, түншүүдтэйгээ хамтран ажиллана” гэж тэд үргэлжлүүлэн мэдэгдэв.
Их-7-ийн бүрэлдэхүүнд АНУ, Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи гэсэн улсууд багтдаг. Мөн Европын холбоог хүндэт гишүүнээр тооцдог аж. Дээрх улсуудын ихэнх нь Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн худалдан авч, Путины дайныг шууд бусаар санхүүжүүлж буй орнуудыг буруутгаж буй.
Газрын тосны хориг арга хэмжээнээс гадна ОХУ-ын банк санхүүгийн системд чиглэсэн шинэ төлөвлөгөөгөө мөн зарлав. Энэ хүрээнд Оросын ард түмний мөнгийг үрэн таран хийдэг санхүүгийн элитүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийг онилж байна.
Украины ерөнхийлөгч Зеленский дайн эхэлснээс хойш Путины эсрэг хамгийн хатуу байр суурийг баримтлахыг Их-7 болон холбоотнуудад уриалж буй. Гэвч АНУ болон бусад улсууд Оростой шууд зөрчилдөж, дэлхийн гуравдугаар дайныг өдөөх вий гэсэн болгоомжлолын үүднээс Украины нутаг дэвсгэрт нислэгийн хориотой бүс тогтоох тухай түүний уриалгыг үл тоомсорлож байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ