
Монголбанкнаас Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлого, судалгааны газрын мөнгөний бодлогын хэлтсийн дарга Р.Саранцэцэг, Валют, эдийн засгийн газрын төлбөр тэнулийн статистик судалгааны хэлтсийн дарга С.Болд нар оролцож банкны салбарын өнөөгийн байдлыг мэдээллээ. Тэдний тайлбарласнаар манай улсын макро эдийн засгийн байдал, бодит секторууд сэргэхийн хэрээр санхүүгийн систем, түүн дотроо банкны салбар сэргэж байгаа гэв. Хүмүүсийн банкинд итгэх итгэл ч улам нэмэгдэж байгаа гэнэ. Улсын хэмжээнд хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн нь үүнийг баталж буй юм. Өнгөрсөн оны долдугаар сард 1,7 их наяд төгрөгийн хадгаламж байсан бол энэ оны долдугаар сард 2,1 их наяд төгрөг болж, даруй 400 гаруй тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн арилжааны банкуудын зээл олголт ч нэмэгджээ. Өнгөрсөн онд наймдугаар сарын эхээр 2,7 их наяд төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан бол өдгөө гурван их наяд төгрөгт хүрээд байгааг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Түүнчлэн банкуудын чанаргүй зээлийн хэмжээ буурчээ. Өнгөрсөн онд нийт зээлийн 20 орчим хувь нь чанаргүй гэсэн тодотголд багтаж байсан бол өдгөө зургаан хувиар буураад байгаа гэнэ. Энэхүү 14 хувийн чанаргүй зээлд татан буугдсан Анод, Зоос банкны зээлдэгчид багтаж буй бөгөөд тэднийг хасч тооцвол чанаргүй зээлийн хэмжээ есөн хувьтай байгаа аж.
Д.Цээнэ