Жилд дунджаар 2500-3000 орчим өсвөр насны охид ээж болдог

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Жилд дунджаар 2500-3000 орчим өсвөр насны охид ээж болдог

Дэлхийн хэмжээнд жилдээ нийт төрөлтийн 10 орчим хувь нь
15-19 насны охидын төрөлт байдаг бол манай улсад энэ үзүүлэлт долоо орчим хувийг
эзэлдэг бөгөөд жилд дунджаар 2500-3000 орчим өсвөр насны охид ээж болдог байна.
Тэдгээр өсвөр насны охидын 74 хувь нь ганцаараа бие даан хүүхдээ өсгөдөг байна.
Мөн эдгээр охидын нэлээдгүй хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байх
нь бий. Энэ талаар болон өсвөр үеийн охид, эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудлаар
“Гүнж” төвийн захирал Ч.Ундрахтай уулзаж ярилцсан юм.

-Өсвөр насны
охид эрт бэлгийн харилцаанд орж, үүнтэй уялдан амьдралын замаа буруу эхлэх
хандлагатай байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Зөвхөн охидууд ч гэлтгүй өсвөр үеийн охид, хөвгүүдэд
хандаж хэлэх дуртай нэг үг бий. Энэ нь бэлгийн харилцаанд орж болно оо. Гэхдээ
энэ харилцаанд орох шийдвэр гаргахаасаа өмнө цаашид гарах сөрөг үр дагаврыг би
шийдвэрлэж чадах билүү гэдгийг эхлээд сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жирэмснээс
хамгаалах аргууд болон бэлгийн замаар дамжих халдваруудын талаар би мэдэх билүү.
Өөрийгөө хэрхэн хамгаалах билээ, хэрэв жирэмсэн болчихвол яах вэ, хүүхдээ
гаргах уу үгүй юу. Гаргахгүй гэвэл аюулгүй үр хөндөлтийг сонгож болох уу. Жирэмсэн
болчихвол надад ямар шинж тэмдэг илрэх вэ гээд бэлгийн эрүүл мэндийн боловсрол,
мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Ингээд өөрийнхөө хувьд эрсдэлээс хамгаалах мэдлэг
чадвартай болсон хойноо бэлгийн харилцаанд орж болно. Тэрнээс биш одоо хүний эрхийн
тухай ярих болсон цагт бэлгийн харилцаанд орж болохгүй гэж яриад байж болохгүй.
Гол нь дараа нь гарах сөрөг үр дагаврыг хариуцах чадвартай эсэхээ бодох
хэрэгтэй. Үүнээс гадна охидууд маань өөртөө итгэлтэй, илүү хүчтэй зоригтой
болохыг хичээх хэрэгтэй. Эмэгтэй хүний бие гэдэг халдашгүй дархан байх ёстой. Хэн
ч бидний биеийн тухай зөвшөөрөлгүйгээр ярих, хүрэх ёсгүй. Гэтэл ЕБС-иуд дээр
очиж яриа хийх үеэр охид ихэвчлэн “хөвгүүд ямар ч зөвшөөрөлгүйгээр биед нь хүрэх,
хөхөвчийг нь тайлах зэргээр тоглоом, шоглоом хийдэг” гэдэг. Харин багш нар “Хөвгүүд
угаасаа тэгдэг юм шохоорхоод л, шилжилтийн нас гээд тоохгүй өнгөрдөг” хэмээн
хэлдэг. Уг нь энэ үйлдэл хөвгүүд, охидын өчүүхэн асуудал юм шиг боловч цаанаа
олон үр дагаврыг агуулж байдаг.

-Танай төвд
охид, эмэгтэйчүүд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?

-Манай зөвлөгөө өгдөг утсаар илүүтэй холбогдож, биднээс
мэргэжлийн зөвлөгөө авдаг. Учир нь манай төв өсвөр насны охид, хөвгүүд болон
залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн ажил
үйлчилгээнд оролцуулах замаар чадвартай, бие даасан хүн болоход нь тусалдаг.
Мөн өсвөр насандаа буюу 13-19 насандаа хүүхэд төрүүлсэн охид, залуу ээжүүд
болон 14-25 насны боловсрол, мэргэжил, орлогогүй охид хөвгүүд, эмэгтэйчүүдэд
тусламж, дэмжлэг үзүүлдэг. Харин залуу ээжүүдийн эрхийн зөрчил янз бүр. Ихэнхдээ
бүрэн бус болон бүрэн дунд боловсролтой байдаг тул сурч боловсрох, эрүүл
мэндийн үйлчилгээ авах эрх нь зөрчигддөг. Эсвэл их дээд сургууль, коллежийн 1-2
 дугаар дамжаанаас гарсан байдаг тул хүүхдээ
харах хүнгүйгээс үргэлжлүүлэн сурах, боломжгүй гэртээ хүүхдээ хардаг. Мөн
төрсний өмнөх, дараах, халамж үйлчилгээ, төрсөн хүүхдийн эрүүл мэндийн асуудал
зэргээс гадна гэр бүлийн гишүүд тэднийг ойлгохгүй үл тоох, үг хэлээр доромжлох
зэргээр байнгын дарамттай нөхцөлд амьдардаг.

-Залуу
ээжүүдэд хандан ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?  Хамгийн сүүлд ямар ажил хийсэн бэ?

– Энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын өдрийг “Бид эрхээ
мэднэ” нэртэйгээр энэ сарын 10-нд Хан-Уул дүүргийн залуу ээжүүдийг оролцуулсан
өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь мэргэжлийн сургалтанд
хамруулж, ажил амьдралын замыг нь заахаасаа илүүтэй эмэгтэй хүн ямар байх,
эрхээ хэрхэн хамгаалах, эрүүл мэнд болон нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэл олгох,
хамгийн гол нь өөртөө итгэлтэй болоход нь тусалдаг. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй,
зоригтой, хүчтэй, шийдэмгий, гаргасан шийдвэртэй итгэлтэй байж чадвал заавал
гэрт сууж хэн нэгнээс хараат байх шаардлагагүй. Ингэснээр гэрт суулгүй, ажил
хийж үр хүүхдээ өсгөх чадвартай, мэдлэгтэй болгох нь бидний хийж буй ажлын үр
дүн. Түүнчлэн эр нөхөр нь эхнэрээ үг хэлээр доромжлох нь гэр бүлийн хүчирхийлэл
мөн үү зэрэг тэдний амьдралд тулгараад байгаа асуудлуудыг заахаар илүү үр
дүнтэй байдаг. Дээр нь нийгэмшүүлэх зорилгоор оролцоог дэмжиж, олон нийтийн
ажилд хамруулснаар бусад өөр шигээ охидтой танилцаж, тэдэнтэй өөрийгөө жиших,
суралцахаас гадна манай төвийн оюутан охидтой ойр байснаар тэдэн шиг болох,
суралцах зэргээр сэдэл авдаг. Мөн өөр бусад ТББ-уудаас зохион байгуулж буй
ажилд оролцоод ирэхээр аяндаа нийгмийн идвэхитэй болж, тэмцэж эхэлдэг.  Зарим охид бидний ажилд оролцохын тулд
гэрээсээ зугтаж ирсэн тохиолдол ч бий. Мэдээж дандаа зугатаж болохгүй чраас бид
гэр бүлийнх нь хүмүүстэй уулзаж, ажлаа танилцуулж, тэдэнд ойлгуулахыг хичээдэг.
Гэхдээ гэр  бүлийн гишүүдтэй ажиллахад
бэрхшээл их гардаг.

-Яагаад
ганцхан Хан-уул дүүргийн залуу ээжүүд оролцсон юм бэ?

-Өнгөрсөн онд Нидерландын “Мамакаш” сангийн төслөөр Баянзүрх
дүүрэгт ажилласан. Бид жилд нэг л дүүргийг онцлон  авдаг. Учир нь Монгол Улсын хэмжээнд өсвөр
насандаа хүүхдээ гаргасан эхчүүдийн судалгаа байдаггүй. Статистикийн ерөнхий
газраас 15-19 насны эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдийн тоо гэсэн ганц судалгаа л
гардаг. Гэтэл хэд нь ихэр байгаад хичнээн ээж төрсөн тухай баримт болж
чаддаггүй болохоор яг хэдэн охин хүүхэд төрүүлж ээж болсон бэ гэдэг тоо гаргах
боломжгүй. Түүнчлэн 15-аас доош насны хүүхэд гаргасан охид статистикт ордоггүй.
Тэгээд дүүрэг хороон дээр очин нарийвчлан судалгаа гаргах гээд хэдэн настай,
хэн гэдэг хүн хүүхэд төрүүлэв гэдгийг асуухад мэдэх хүн байдаггүй тул 3-4 сарын
судалгаанд зарцуулдаг. Ингэхдээ өрхийн эмчтэй уулзаж, бүртгэлтэй төрсөн
ээжүүдийн нэрсээс түүж авч байж гаргасан. Өнгөрсөн онд нийтдээ 600 орчим охид
ээж болсон гэсэн тоо байгаа ч бас л бодитой тоо биш. Хөдөөнөөс ирсэн, бичиг
баримт шилжүүлэггүй зэрэг шалтгаантай хичнээн залуу ээж байгааг хэлж мэдэхгүй. Тэднээс
50 ээжийг сонгож авсан бөгөөд арав арваар нь бүлэг болгож , нэртэй, уриатай,
өөрийн гэсэн хэлэлцэх сэдэвтэй. Ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо бүлгээрээ
оролцдог бөгөөд мэргэжлийн сургалтанд хамруулдаг. Мэргэжлийн сургалт гэдэг бол
нэг талаараа хөшүүрэг. Учир нь Монголчуудын сэтгэлгээ их хэцүү. Сургалт
явуулья, чадвартай болоход чинь туслая, үнэ төлбөргүй гэхээр хандах хүн их бага
байдаг мөртлөө мэргэжлийн сургалтанд үнэ төлбөргүй хамруулна, унааны мөнгийг
чинь өгье гэхэд илүү ихээр хамрагддаг. Сургалтанд суусны дараах судалгаагаар
60-70 орчим хувь нь ажлаа хийж, зарим нь ямар нэгэн шалтгааны улмаас ажлаасаа
гарсан байдаг.

– Өнгөрсөн
оны 11 сарын сүүлээр танай төвийн хамт олон бэлгийн хүчирхийллийн хохирогч
охиныг авчирч байсан. Охин одоо хаана байгаа вэ?

– Охиныг авчирсны дараа түүнтэй харилцахад их хүндрэлтэй
байсан ч нэлээд удаан хугацаагаар сэтгэл зүйн эмчилгээ хийсний үр дүнд бидний асуултанд
хариулт өгөх болсон. Түүнийг хоёр настай байхад өргөж авсан эмээ нь нас барж,
эмгэний хүү охин хоёртой үлдсэн юм билээ. Эмгэний хүү буюу өргөж авсан аав
нь  долоон настайгаасаа эхлэн зургаан
жилийн турш хүчирхийлж, өргөмөл эх нь ад үздэг байсан гэсэн. Манай төв тус
аймагт сургалт зохион байгуулж байх явцдаа охины асуудлыг мэдэж, холбогдох
хүмүүстэй уулзаж, зөвшөөрөл авч байж, хотод авчирсан. Ерөнхийдөө манай төвөөс
үзүүлсэн туслалцаа, үйлчилгээ дууссан тул охиныг аюулгүй газар буюу хүүхдийн
халамжийн нэг төвд асран хамгаалуулж байгаа. Харин өргөмөл эцгийг шүүх асуудал
одоогоор шийдэгдээгүй, мэдээлэл ерөнхийдөө нууцлаг байна. Учир нь манай улсад
хохирогчдыг хамгаалах тогтолцоо байхгүй.
Энэ бол нэг л охины жишээ. Гэтэл ил гараагүй олон охид хүчирхийлэлд өртөж
байгаа. Хөдөө орон нутагт хохирогчийг хамгаалах тогтолцоо бүр сул. Бүхэл бүтэн
аймагт мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч байхгүй. Нэг иргэнээ яаж
хамгаалах, туслах арга замаа олохгүй, юу хийх ёстойгоо ч тодорхойлж мэдэхгүй.
Хүүхдийн амь нас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахад яаж ажиллах ёстой арга
зам, механизм байдаггүй. Тэгээд ч энэ асуудлаар хамаагүй ярихаас айдаг, учир нь
хүний эрхийн асуудал мөн боловч нөгөө талаар өөр нэг хүний нэр хүндтэй шууд
холбоотой байдаг.
Хохирогч охиныг хөдөөнөөс авчирсны дараахан нэг сонинд
ярилцлага өгсөн юм. Гэхдээ аймаг, сум болон хэрэг үйлдсэн хүний нэр, хаягийг
огт дурдаагүй ч аймгаас нь, түүний гэр бүлээс нь гэх зэргээр утсаар дарамтлах
асуудал гарч байсан.

П.Нарандэлгэр

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж