Байгалийн түүхийн музейг шинээр барих ажил замхрах уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музейг шинээр барих ажил замхрах уу?

Байгалийн түүхийн музейг шинээр барих ажил замхрах уу?

Байгалийн түүхийн музейн барилгын суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Харин нураасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөөд буй. Гэвч өнөөдрийг хүртэл музейн барилгыг барих хүчин чадалтай компани шалгарсангүй. Цаасан дээр мөрөөдөл төдий хэвээрээ.

Байгалийн түүхийн музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил “гацжээ”. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 120 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн ч 94.4 тэрбум төгрөг болж батлагдсан байдаг.

Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байна.

Их тэнгэрийн амны зүүн талд залгаа байрлах хашаа эзгүй хоосон. Зэвэрч, хуучирсан гурван давхар төмөр карказ харагдана. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд энэ бүсэд зураг, дүрс авахыг хориглож, ойртуулсангүй. Ямартай ч Соёлын сайд ажлаа авсны дараа танилцаж байсан /2021.03.09/ дүр зураг яг хэвээрээ.

МУЗЕЙН ГАЗАР, ЗУРАГ ТӨСЛИЙН ТӨЛБӨРИЙГ УЛСААС ТӨЛӨӨГҮЙ

Одоогийн музейн суурь, үндсэн карказ  болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

Архивын зураг ашиглав. 2021 он

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Их тэнгэрийн аманд байрлах төмөр карказыг “Шинэхэн групп” компаниас худалдан авах мөнгийг улсаас бүрэн төлөөгүй байгаа аж. Мөн зураг төслийг нь гаргасан “Хатанбаатар” компанийн төлбөрийг нь ч төлөөгүй сурагтай. Хэрвээ эдгээр асуудлыг шийдвэрлэчихвэл ирэх 2024 онд Монголын түүхэнд байгаагүй хамгийн том музейг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Учир нь 2024 онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тиймээс Азидаа шилдэгт орох музейг ашиглалт оруулах мөрөөдөл байгаа юм.

Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.

Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг хэлж байв.

            БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙТЭЙ НЭГДЭН, ТОХИЖИЖ БАЙНА

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүж иржээ.

Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.

Тэрбээр “Хуучнаар Лениний музейн байр анх 1980 онд ашиглалтад орсон музейн зориулалттай цөөн байрын нэг. Барилгын хувьд олон жил зориулалтын бусаар ашиглаж байсан учраас энэ байраа өөд нь татах шаардлагатай байгаа. Засгийн газрын тогтоолд шинэ музейн байр ашиглалтад орох хүртэл музейн сан хөмрөгийг олон нийтэд үзүүлж, үйлчлэх нөхцөл боломжийг хангаж ажиллахыг үүрэг болгосон байдаг.

Музей цар тахлын үед төдийлөн сайн үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тиймээс бид энэ жил их хүлээлттэй байгаа. Бид энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд Соёлын яамаар Байгалийн түүхийн музейн шинэ үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөгөө батлуулсан. Энэ дагуу үзүүлэг дэглэлтээ хийж байна. Одоогоор музейн байрны 40 хувийг л ашиглаж байгаа.

Одоогоор нийт үзмэрийн 6.5 хувийг хүмүүст үзүүлж байгаа бол цаашид нэмж 39 хувь болгоно. Мөн үзмэрээ он цагийн дарааллаар дэглэж, музейн зай талбайгаа бүрэн ашиглалтад оруулна” гэв.

МУЗЕЙ 10 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ҮЗЭГЧДЭЭ ХҮЛЭЭН АВНА

Байгалийн түүхийн музей 2013 онд хаалгаа барьж, өдгөө 10 жилийн нүүр үзэх гэж байна. Музейн шинэ барилга баригдаж дуустал, өөр газар бууриа сэлгэсэн ч дахин үзмэрээ дэлгэж, үзэгчдээ хүлээн авахаар бэлдэж байгаагаа музейн ажилчид хэлж байв.

Жишээлбэл, цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдолыг арилгахаар боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулж бэлэн болгож байгаа аж.

Одоо музейн дөрөвхөн танхим ажиллаж байгаа бол нэмж зургаан танхимыг нээж, виртуал технологийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Музейн захирал И.Будбаяр “Өмнө нь нэмж ганц танхимыг 80 сая төгрөгөөр байгуулахаар төсөвт тусгасан байсан. Би ажлаа авснаас хойш нэмж зургаан танхимаа тохижуулж, музейгээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах төлөвлөгөөгөө салбарын сайдад танилцуулсан. Салбарын сайд саналыг маань нааштай хүлээж авсан. Хэдийгээр улсын эдийн засаг хүндрэлтэй, төсөв танаж байгаа ч тодорхой түвшинд санхүүжилтийг нь шийдэж өгөх байр суурийг илэрхийлсэн.

Одоогоор хүсэлтээ өгчихсөн, мөнгө төгрөгөө шийдүүлсэн юм алга. Хэрвээ музейн барилгыг бүрэн засварлавал ойролцоогоор гурван тэрбум төгрөг болох байх. Бид зөвхөн үзүүлэг дэглэлтэд шаардлагатай 539 сая төгрөгийн санхүүжилт хүссэн ч төсвийн тодотгол хийж, 280 саяар хүсэлтээ гаргасан” гэв.

МУЗЕЙ БАРИХ 94 ТЭРБУМЫГ 120 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛГОЖЭЭ

Архивын зураг ашиглав. 2021 он

Шинээр барих музейн барилгыг 94 тэрбумаар барих болсон ч 2021 оны зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцаж, 30 тэрбум төгрөгийг нэмж 120 тэрбум болгосон байна. Төсөв нь нэмэгдсэн учраас сонгон шалгаруулалтад оролцох компани нэмэгдэнэ гэж музейнхэн битүүхэн найдна.

Музейн өмнөх захирал Н.Зоригтбаатар “Монголчууд ийм том хэмжээний соёлын бүтээн байгуулалт хийж байгаагүй учраас Солонгос Япон, Хятадын оролцоо байвал илүү чанартай болох болов уу гэж бодож байна” гэдгийг хэлж байсан.

Харин одоогийн захирал И.Будбаярын хувьд "Музейн барилгыг дотоодын компани барих бүрэн боломжтой. Музейн тусгай зориулалттай хэсэгт гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй" гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

Хуучин Байгалийн түүхийн музейг нураахад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр Музейн барилгыг сэргээн засварлах нь битгий хэл энэ хэвээрээ  дахиад 100 жил болсон ч яах ч үгүй барилгыг буулгасан. Барилгад музей ч үйл ажиллагаа явуулж болохоор байсан. Ер нь модон бүтэцтэй барилга 150 жилдээ нурахгүй. Ялангуяа хуурай сэрүүн уур амьсгалтай Монгол орны цаг агаарын нөхцөлд мод ялзарч, муудах нь харьцангуй бага.

Хэрвээ бид Байгалийн түүхийн  музейн барилгыг нурах аюултай гэж байгаа бол тэрнээс өмнө 1940 онд барьсан Нэгдүгээр сургуулийн барилга, 1905 онд баригдсан тоосгон барилга өнөөдөр нураагүй л байж байна. Энэ бол улс төрийн шийдвэр байсан нь тодорхой" гэдгийг хэлж байв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж