Халамжийн бодлогоос татгалзах зориг ба зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Халамжийн бодлогоос татгалзах зориг ба зөвлөмж

Халамжийн бодлогоос татгалзах зориг ба зөвлөмж

Дэлхийн банкнаас Азийн орнуудын эдийн засаг саарах мэдээтэй зэрэгцэн Олон улсын валютын сан /ОУВС/ төсвийн зардлаа хэмнэж, гадаад валютын ханшийн дарамтыг бууруулж, халамжийн бодлогоо зөв тодорхойлохыг сануулав. Монгол Улсын 2022 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийсэн бөгөөд төсвийг зардал, хөрөнгө оруулалтуудыг танаж, тодотгосон. Гэвч гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний тээвэрлэлт хил дээр сааталтай, төлөвлөж байсан хэмжээнээс бага байгаа учраас төсвийн орлого тасарч, дахин тодотгол хийхийг ч үгүйсгэхгүй гэдгийг эдийн засагчид хэлж буй. Өөрөөр хэлбэл, орлого нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж, зардлаа маш сайн танахгүй бол Хятадын “Тэг-Covid” бодлогоос шалтгаалж экспортын орлого тасалдах, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд дарамт учруулна  гэсэн үг.

Дэлхийн банкны судалгаагаар, дэлхийн эдийн засагт 0.2 хувь, Хятадын эдийн засагт 0.6 хувь, Азийн улс орнуудад 0.1-0.6 хувийн сөрөг нөлөөлөл үзүүлэх тооцоо гаргажээ. Мөн судалгаанд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засагт үзүүлэх "шок"-ын нөлөө бусад хөгжиж буй улс орнуудаас илүү хүчтэй тусах дүр зураг ажиглагдаж байгаа. Сөрөг "шок"-ын нөлөө 2022 оны эхний улиралд Азийн хөгжиж буй улс орнуудад хүчтэй мэдрэгдэх бол хоёрдугаар улиралд харьцангуй намжихаар байгаа аж. Гэхдээ бүс нутагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь харьцангуй жижиг, уул уурхайн экспорт болон аялал жуулчлалд суурилсан улс орнуудад хамгийн хүчтэй нөлөөлнө гэж тооцсон байна. Энэ нь манайх шиг уул уурхайгаа түшиглэсэн экспортын орлоготой, аялал жуулчлалын салбараар тодорхой мөнгө олох боломжтой улсын хувьд таагүй үзүүлэлт юм.

Олон улсын валютын сангаас ч дунд хугацаанд эдийн засаг сэргэхгүй учраас төсвийн зардлаа хэмнэх, халамжийн бодлогоо зөв тодорхойлохыг зөвлөсөн. Тодруулбал, ОУВС-аас цар тахлын дараах эдийн засгийн төлөв байдал дунд хугацаанд тогтвортой байх хэдий ч инфляцийн өсөлтийг барих, гадаад валютын ханшийн дарамтыг шийдвэрлэх, төсвийн зардлыг хэмнэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах шаардлага байгааг дүгнэлтэд дурдлаа. Мөн халамжийг зөвхөн зорилтод бүлэг буюу халамж зайлшгүй шаардлагатай иргэддээ дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэв. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 202 оны гуравдугаар сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн нийт зарлага 3 их наяд 245 тэрбум төгрөг. Үүнээс,

Тэтгэврийн даатгалын сан-2.300.801.700
Тэтгэмжийн даатгалын сан-172.909
Эрүүл мэндийн даатгалын сан-407.962.300
Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл /ҮОМШӨ/ сан-305.804.900
Ажилгүйдлийн сан-57.830.600

Улсын хэмжээнд тэтгэвэр, насны хишиг, өрх толгойлсон эх, цэцэг, асаргаа, эхийн алдар, жирэмсний, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй гээд 30 орчим халамжийг улсаас үзүүлдэг.

Тэр дундаа цар тахлаас шалтгаалан хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгосныг ОУВС-аас төдийгүй иргэд ч шүүмжилж буй. Мэдээж, төрийн үйлчилгээ, халамж иргэндээ тэгш хүртэх ёстой. Төр засгаас ард иргэддээ илүү их дэмжлэг үзүүлэх байдлаар асуудалд хандвал дотоодын зах зээл дээр буй бараа, бүтээгдэхүүний үнийг улам бүр хөөрөгдөнө. Хил гааль хаалттай нөхцөлд бараа, бүтээгдэхүүн тасарч, байгаа хэдэн бараа, бүтээгдэхүүнийг иргэд худалдаж авъя гэхээр эргээд үнийн хөөрөгдөл эрчимжих учраас Монгол Улсын Засгийн газраас иргэдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлье гэж байгаа бол зорилтот бүлгүүдээ тодорхойлоод, тэдэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Түүнээс биш баян чинээлэг, дэмжлэг авах шаардлагагүй хүмүүст дэмжлэг үзүүлэх нь зохисгүй гэсэн зөвлөгөөг өгсөн юм.

Эрх баригчид эдийн засгийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлж байсан ч Монголын эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэлснийг олон улсын байгууллагууд сануулж эхэллээ. Олон улсын эдийн засагт үүссэн "шок" Монгол Улсад ч нүүрлэж байгааг тодотгож буй.

Монгол Улсын хувьд нөхцөл байдал амаргүй байгаа. Орос, Украины асуудал, Хятадын “тэг-Covid” бодлого хэр удаан үргэлжлэхээс цаашдын хувь заяа ч тодорхойлогдохоор байна. Нөхцөл байдал цаашид ийм байдлаар үргэлжилбэл ирэх жилүүд маш хүндхэн байна. Ялангуяа 2023 онд бондын төлбөр хийнэ гээд хатуухан даваанууд эрх баригчдыг хүлээж байна. Тиймээс эдийн засгийн хувьд зоригтой алхамууд хийж, халамжийн бодлогоо танах, урт хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүдээ царцаах, зардлаа хэмнэх гээд олон ажил хүлээж байна. Дэлхийн банк, ОУВС зэрэг олон байгууллагуудын зөвлөмжийг энэ удаад дагаж, зоригтой шийдвэр гаргах л үлдлээ, эрх баригчдаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж