Энэтхэг дэх "хаягдсан" ашигтай нөөц

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Энэтхэг дэх "хаягдсан" ашигтай нөөц

Энэтхэг дэх "хаягдсан" ашигтай нөөц

Энэтхэг бол дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгчдийн нэг юм. Энэтхэгийн нүүрсээр баялаг бүс нутагт Орисса, Жарханд, Чхаттисгарх зэрэг зүүн мужууд багтана. Тус улсын арилжааны эрчим хүчний хэрэгцээний талаас илүү хувийг нүүрсээр хангадаг.  Нүүрс нь эрчим хүч болон ган, цемент үйлдвэрлэх үндсэн түлш юм. Энэтхэг улс 2011-2012 онд 435 сая гаруй тонн нүүрс олборлосноор дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч болжээ.

Нүүрсний олборлолтыг 1973 онд засгийн газрын мэдэлд авчээ. Гэсэн хэдий ч 1976 онд засгийн газар төмөр, гангийн хувийн үйлдвэрлэгчдэд нүүрсний уурхайнуудыг өөрсдийн хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрсөн.  Эрчим хүчний болон бусад компаниуд 1993 оноос хойш нүүрсний уурхайгаа эзэмшихийг зөвшөөрсөн. Ингэснээр 1993-2005 оны хооронд уурхайн ашиглалтын 41 лицензийг хувийн компанид, 29 лицензийг төрийн өмчит компанид олгосон байна.

Энэтхэгийн засгийн газар Чхаттисгарх муж дахь Хасдео хотод мод тайрч, уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх эцсийн зөвшөөрлийг өнгөрсөн сарын 6-нд олгов. Ийнхүү тус улсын иргэдийн уул уурхайн үйл ажиллагаа, нүүлгэн шилжүүлэлт, ой модыг устгахыг эсэргүүцсэн тэмцэл ялагдал хүлээв. Анх 2011 онд Хасдеогийн Гатбарра тосгоны ойд нүүрс олборлохыг эсэргүүцсэн тогтоол гаргажээ. Уг тогтоол хүчингүй болох аюултай тулгарсан тул тосгоны оршин суугчид арав гаруй жилийн дараа тэмцлээ дахин эхлүүлсэн юм. Тэд Энэтхэгийн ойн талбайг зүй бусаар устгах ажиллагааг зогсоохыг засгийн газраас шаардаж байна.

Чхаттисгархын хойд хэсэгт орших Саргужа дүүргийн Хасдео Аранд бүс нь Энэтхэгийн төв хэсэгт орших хамгийн том ойн талбайн нэг.  Энэ нь 170 мянга гаруй га талбайг хамардаг бөгөөд 350 гаруй зүйлийн амьтдын өлгий нутаг юм. Хасдео болон түүний зэргэлдээх тосгонд уул уурхайн ажил эхлүүлснээр ой модноос гадна Хасдео гол мөн аюулд оржээ. Тус бүс нутагт биологийн олон төрөл зүйл байдаг хэдий ч тусгай хамгаалалттай газар гэж тооцдоггүй. Одоогоор 20 мянга орчим мод тайрах төлөвтэй байна.

Хасдео Аранд нүүрсний талбай нь 1879.6 км/кв талбайг хамардаг бөгөөд 23 нүүрсний блоктой.  Засгийн газраас зөвшөөрөгдсөний дагуу ой модыг устгаж, нүүрс олборлосноор 700 гаруй хүнийг эндээс нүүлгэн шилжүүлж, тухайн бүс нутгийн овгийн иргэдийн эрх чөлөө, амьжиргаанд заналхийлж байна.

Парса нүүрсний блокыг Ражастан Ражя Видют Утпадан Нигам ХХК-д хуваарилсан бол Адани Энтерпрайзз нь уурхайн бүтээн байгуулагч, оператороор ажиллах болно.

Засгийн газраас зөвшөөрөл олгосны дараа тус бүс нутгийн эмэгтэйчүүд модыг тэвэрч эсэргүүцэл илэрхийлжээ. Учир нь 1970-аад онд гарсан Чипкогийн хөдөлгөөнөөр эмэгтэйчүүд засгийн газрын мод бэлтгэгчдэд саад болохын тулд модыг тэвэрч хамгийн сүүлчийн арга хэмжээгээ авч байв.

Энэтхэгийн Уттаракханд дахь Гималайн бүс нутгийн хөдөө тосгоны эмэгтэйчүүдийн санаачилсан экологийн хөдөлгөөн болох Чипко хөдөлгөөн дахин сэргэсэн нь энэ юм. Засгийн газрын шийдвэр хэдийнэ гарсан ч жагсагчид тэмцлээ үргэлжлүүлсээр байна.  Тэд мод огтлохоос сэргийлж гэртээ харилгүйгээр ойд хонон өнжин буудаллаж байгаа аж. Орон нутгийн идэвхтнүүдийн хэлснээр эрх баригчид жагсаал цуглааныг зогсоохыг хүсч байгаа бөгөөд цагдаад гомдол мэдүүлж, нутгийн иргэдийг айлган сүрдүүлж байна гэлээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 15-нд залилан, үймээн самуун, хууль бус цуглаан зохион байгуулж, гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр орон нутгийн 10 идэвхтний эсрэг гомдол гаргажээ.

Хасдео хотын оршин суугчид мод тайрах нь иргэдийн амь насанд заналхийлж байна гэж үзэж буйгаа "The Diplomat" сэтгүүлд ярьсан байна.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар дөрөвдүгээр сарын 25-нд өдөр нь жагсагчид талбайг бүрхсэн байсан тул модыг тэмдэглэж, дугаарлаж орхиод шөнө нь огтолжээ.

Хасдео Аранд нь тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй. Байгаль орчны яамны харьяа Энэтхэгийн Ойн судалгаа, боловсролын зөвлөл нь бүс нутгийн зарим хэсэгт нүүрс олборлохыг зөвшөөрсөн боловч зохих хамгаалалттай байхыг зөвлөжээ. Өмнө нь Хасдео Аранд орчмыг хориотой бүс гэж үзсэн байсан. Энэ нь хууль ёсны дагуу ямар ч олборлолт хийх боломжгүй гэсэн үг юм. Гэсэн хэдий ч тус бүс нутгийн ашигт малтмалын нөөц нь эрх баригчид болон үйлдвэрлэгчдийн хувьд ашиглахгүй орхихын аргагүй хэтэрхий ашигтай байжээ. Тиймээс нууцаар олборлосон байна. Одоо хууль бус бизнесийг хуульчилсан тул баялгийн олборлолт өсөх нь гарцаагүй гэж засгийн газар үзэж байна.

Суражпур дүүргийн эмэгтэйчүүд эх орноо мөлжиж байгаа явдлыг эсэргүүцэн дөрөвдүгээр сарын 26-ны өглөө мод тэврэх кампанит ажил эхлүүлжээ. Тэд тус бүс нутагт ой модыг устгаж, уул уурхайн олборлолт явуулж байгааг эсэргүүцэн тэмцлээ үргэлжлүүлэхээр шийджээ. Уул уурхайн үйл ажиллагаа нь зөвхөн иргэдэд сөрөг нөлөө үзүүлээд зогссонгүй. Уурхайн нүүрс, ажилчдыг тээвэрлэх 75 км урт төмөр зам нь бүс нутаг дахь зааны тоо толгойд нөлөөлж, ойгоор дамжин өнгөрөх нүүдлийн замд саад учруулах төлөвтэй байна.

2012 онд засгийн газар Парса болон Кете Басан нүүрсний блокыг олборлох зөвшөөрөл өгснөөс хойш нэг жилийн дараа нутгийн иргэд экосистемийг хамгаалах зорилгоор Хасдео Араня Бачао Сангарш Самити хэмээх нэгдлийг байгуулжээ.  Уг нэгдэл нь Хасдео даяар тосгоны оршин суугчдыг дайчлан, тус бүсэд уул уурхайн олборлолтын эсрэг дуу хоолойгоо хүргэх болжээ. Дээрх блокуудын олборлолтоос болж иргэдийг жижиг бөгөөд цахилгаан, усгүй байранд нүүлгэсэн байна.

Энэтхэгт энэ жил онцгой халуун зун болж байна.  Халууны давалгаа тус улсыг хамарч байгаа тул сэнс, агааржуулагчийг ажиллуулснаар цахилгааны хэрэгцээ эрс нэмэгджээ.  Нүүрсний хэрэгцээ ч урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрэв. Нүүрс олборлолтыг түргэтгэснээр ой модыг улам ихээр устгаж, байгаль орчны экосистемд ноцтой хохирол учруулна гэсэн үг.

Глазго хотод 2021 оны арваннэгдүгээр сард болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "COP26" дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэг тэрбум тонноор бууруулна гэж амласан. Мөн 2070 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй орон болно гэжээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж