Украин-Оросын асуудлын улмаас Путинтэй холбоотой улстөрчид, бизнесменүүд хүнд байдалд орсон билээ. Тэдний нэг бол тэрбумтан Роман Абрамович. Их Британийн засгийн газар түүнд шахалт үзүүлж, төрөл бүрийн хориг тавьсан юм. Ингэснээр Абрамович өөрийн хөрөнгө зарж, босгосон Челси клубээ зарахаас өөр сонголтгүйд хүрсэн. Тэгвэл тус клубыг таван тэрбум ам.доллараар АНУ-ын бизнесмен Тодд Боэлигийн толгойлж буй консорциум худалдан авахаар тохиролцжээ.
Боэли нь Мэйжор лиг бэйсболын Лос Анжелес Доджерс, NBA-ийн Лос Анжелес Лэйкерс, WNBA-ийн Лос Анжелес Спаркс зэрэг багуудын хувьцааг эзэмшдэг.
Өнгөрөгч Баасан гаригт Челси клубын хийсэн мэдэгдэлд нийт хөрөнгө оруулалтын 3.08 тэрбум ам.доллар нь клубыг 100 хувь худалдан авахад зориулж байгаа бол үлдсэн 2.16 тэрбум ам.доллар нь клубт хийж буй нэмэлт хөрөнгө оруулалт гэнэ. Энэхүү мөнгө нь "Стэмфорд Бридж" цэнгэлдэх, хүүхдийн академи, эмэгтэйчүүдийн баг, Челсигийн буяны сан зэрэг зарцуулагдах аж.
Челсигийн үйл ажиллагааны лиценз тавдугаар сарын 31-нээс дуусч байгаа бөгөөд үүнээс гурван долоо хоногийн Тодд Боэли болон түүний хамтрагчид клубыг худалдан авлаа. Түүнтэй хамт Их Британийн тэрбумтан Жим Рэтклифф, Бостон Селтикс багийн хувьцаа эзэмшигч Стивен Паглиука, “British Airways”-ийн дарга асан Мартин Бротон тэргүүтэй хүмүүс таван тэрбум ам.долларыг гаргажээ.
Өдгөө 46 настай Тодд Боэли АНУ-ын Коннектикут мужийн Даррен хотод мэндэлжээ. Түүний эхнэрийг Кэти Боэли гэх бөгөөд хосууд Клэй, Ник, Зак гэх гурван хүүхэдтэй. Мөн түүний нийт хөрөнгө 4.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Дашрамд дурдахад, Тодд Боэли өчигдөр/2022.05.07/ Лондон хотод айлчлан багийнхаа тоглолтыг үзэж сонирхов. Челси клуб тухайн тоглолтод Вулверхэмптон багтай 2-2 гэсэн харьцаатай тэнцжээ.
Холбоотой мэдээ