Тойм: Монгол иргэд БНСУ-д 15 хоног визгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2022.05.08-нд нийтлэгдсэн

Тойм: Монгол иргэд БНСУ-д 15 хоног визгүй зорчино

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


"ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙГЭЭР ШАЛГАНА"

Өнгөрсөн Даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, Хөгжлийн банкны асуудалтай холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгана гэдгийг хэлсэн юм. 


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр  зогсоох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгосон. Энэ хуулийн төслийг яаралтай өргөн барина. Хуулийн төслийг өргөн барьсны дарааа Төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийг хамтатгаж хэлэлцэхгүй бол олон хяналт шалгалт дундаас нь тодорхой хяналт шалгалтыг сугалж авч ярих нь өрөөсгөл байна гэж намын бүлэг үзсэн. Засгийн газар ойрын хугацаанд Төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих, үүний дараа хэлэлцэх эсэхийг нь шийдээд хоёр хуулийг хамтатгаж хэлэлцэнэ.

Мөн өнгөрсөн Даваа гаригт Улсын Ерөнхий прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн дагуу асуудлыг хэлэлцэж Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдаж гишүүдээс тодруулга авсан. Баасан гаригт уг асуудлыг УИХ хэлэлцсэн. Гол нь Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай танилцах эрхтэй ганц хороо. УИХ гишүүдийг шалгуулахгүй гэж хэлээгүй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах бүрэн боломжтой байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэгийн тухай хуулиар гишүүдээс нууцаар цаасаар санал хураадаг. Тиймээс гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр дэд хороо болон байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэж саналаа өгсөн байх.


"ШАТАХУУНЫ ҮНЭ ИРЭХ ЗУРГАДУГААР САР ХҮРТЭЛ НЭМЭГДЭХГҮЙ"

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнэ, нөөцийн талаар /2022.05.03/мэдээлэл хийсэн юм.


Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133.084 тн шатахууны нөөцтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Засгийн газрын шийдвэрээр аж ахуйн нэгжүүд шатахууны 45 хоногийн нөөцийг бүрдүүлж байгааг онцлов. Өнөөдрийн байдлаар шатахууны нөөц хэвийн гэдгийг онцлов.

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал:

-Засгийн газраас цар тахлын нөхцөл байдал, олон улсын хямралтай холбогдуулан шатахууны нөөцийг 30 хоногоор бүрдүүлдэг байсныг 45 хоног болгосон. Мөн УИХ-аас баталсан Үнэ тогтворжуулах хуульд шатахууны үнэ багтсан. Энэ хүрээнд ОХУ-ын "Роснефть" компаниас ирэх зургадугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүн нэг тонныг нь 840 ам.доллар буюу 25 хувиар хямдралтай үнээр худалдан авахаар тооцсон. Иймээс шатахууны үнэд өөрчлөлт орохгүй гэсэн үг.

Дэлхийн зах зээлд АИ-92 автобензин болон дизель түлш 2021 онд 60-71.3 хувиар өссөн байна. Энэ нь 2013 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт болохыг салбарын яамнаас мэдээлэв. Мөн энэ оны дөрвөн сарын байдлаар автобензиний үнэ 45-48 хувиар өсчээ. Монгол Улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүнийг нэг тонныг нь 1110 ам.доллараар худалдан авна гэж тооцвол литр нь 3330 төгрөгөөр зарагдах өртөг болох нь. Иймд УУХҮЯ-аас ОХУ-ын "Роснефть" компанитай хийсэн хэлцлийн үр дүнд нэг тонныг нь 840 ам.доллараар дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл худалдан авахаар болж байна. Мөн Засгийн газраас АИ-92 автобензиний гаалийн албан татварыг тэглэхээр болсон. Үр дүнд нь зах зээлд литр нь 3330 төгрөгөөр зарагдах байсан АИ92 автобензин үнэ литр нь 2390 төгрөгөөр борлуулах боломж бүрдсэн.


ХОЁР БӨХӨӨС ДОПИНГ  ИЛРЭВ

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан.

Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон улсын допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна. МҮДЭБ мөн өдөр Монголын үндэсний бөхийн холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, хоёр шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.

Олон улсын допингийн эсрэг байгууллагаас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж болон аймгийн арслан Д.Ням-Очир нар шинжилгээнд бүдэрчээ. Хоёр бөхийн тухайд өмнө нь допингийн шинжилгээнд бүдэрч байгаагүй тул энэ удаад барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулж байна.

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан барилдаанд дараах бөхчүүд шөвгөрч, зарим нь шинжилгээнд хамрагдсан.


МОНГОЛ ИРГЭД БНСУ-Д 15, БНСУ-ЫН ИРГЭД МОНГОЛД 90 ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Засгийн газрын хуралдаанаас БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Тухайлбал, сүүлийн хоёр жил цар тахлын улмаас аялал жуулчлалын орлого багассан. Иймээс аялал жуулчлалын салбарыг дэмжих,  жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөв.

Харин БНСУ-ын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэхээр шийджээ. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой аж.

Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болжээ.


ОУВС: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ БОДИТ ЭРСДЭЛҮҮД НҮҮРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас  (2022.05.04)-ийг хүртэл Монголд ажилласан. Улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгуулагуудтай уулзалт хийсэн байна.

Тодруулбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, "Эрдэнэс Монгол" зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна "Рио Тинто", Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзжээ.

Тус ажлын хэсэг Дэлхийн банкны хурлын танхимд Монголд хийсэн ажлынхаа талаар Лхагва гаригт мэдээлэл хийсэн юм.

ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи хэлэхдээ “Өнгөрсөн жил Монголын эдийн засагт үнэлгээ хийхэд нэлээд тэлэлттэй, өндөр буюу долоон хувийн өсөлттэй гарч байсан. Тухайн үед бид Монголын эдийн засагт олон эрсдэл учирч болзошгүйг хэлж байсан.

Харамсалтай нь, өнөөдөр Монголын эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэллээ. Олон улсын эдийн засагт үүссэн "шок" Монгол Улсад нүүрлэж байна. Бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэг хувь болгон бууруулж байна.

Бид Орос, Украины дайн намжих байх, Хятадын Covid-ийн бодлого сайн хэрэгжинэ гэж бодож байгаа ч итгэлтэй байж чадахгүй байна. Эдгээр асуудлууд шийдвэрлэгдвэл ирэх жил Монгол Улсын эдийн засгийн өсөлт харьцангуй сайжирна гэж бид үзэж байна. Хэрвээ шийдэгдэхгүй бол сөрөг үр дагавар нь урт хугацаанд үргэлжлэхээр байна. Олон улсын нөхцөл байдал яаж ч эргэсэн Монгол Улсын хувьд ирэх жил төдийлөн амар байхгүй нь тодорхой байна. Их хэмжээний өр төлбөрийг 2023 оноос төлж эхлэх хуваарьтай.


ЗГ: ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР "САМУРАЙ" БОНДЫН ӨРИЙГ ТӨЛНӨ

Зассгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Лхагва гаригт танилцуулсан.


Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх цаг үе ирсэн байна. 2023 онд төлөгдөх хоёр бонд бий. Тухайлбал, “Европын сэргэн мандалт” нээлттэй бонд нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой. Тодруулбал, 500 сая ам.доллар буюу төгрөгөөр 1.5 их наяд юм.

Мөн ирэх арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх “Самурай” бонд бий. Төгрөгөөр хэлбэл 725 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Онцгой анхаарах бонд бол “Самурай” бонд. Өөрөөр хэлбэл “Самурай” бонд Засгийн газрын баталгаатай. Тиймээс Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол дээрх өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл бий.

Хөгжлийн банкны чанаргүй зээл нэг үеэ бодвол хөдөлгөөнд орсон. Энэ жилдээ чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлж, ирэх онд "Самурай" бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн нуруун дээр ирэх эрсдэлийг зайлуулахаар төлөвлөж байна.

Чанаргүй зээлийн эргэн төлөлтөд хуулийн байгууллага чухал үүрэгтэй байна. Хэрэг нээгдээд шалгаж байгаа зүйлд прокурор, АТГ-ын оролцоо чухал байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулж, Засгийн газрын харъяан дахь хүчний байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулах шийдвэр гарлаа.

Нийтдээ 2.1 их наядын 40 аж ахуй нэгжийн чанаргүй зээл байна. Зургаан төрийн өмчийн үйлдвэрийн газар байна.

Үүнд, Эгийн гол усан цахилгаан станцын 48 тэрбум төгрөг, Тавантолгой ДЦС-ын 50 тэрбум, ТОСК-ийн хөдөлгөөнт төслийн 25 тэрбум, Эрдэнэс-Монгол, Тавантолгой, Гашуунсухайтын авто замын 154 тэрбум, ТОСК “Буянт-Ухаа-1″-ийн 76 тэрбум, "ТОСК Буянт Ухаа 2"-ын 99 тэрбум буюу нийтдээ 452 тэрбум төгрөгийн өртэй байна.

Бусад нь 32 аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн чанаргүй зээл байна. Бүхий л зээлд албадлагын болон шаардлагатай арга хэмжээ авна. Хөтөл”, “Кью Эс Си”-гийнх нийлээд 490 тэрбум төгрөгийн өр байна.


"ӨӨРСДӨӨ ӨӨРЧИЛ. ҮГҮЙ БОЛ ТАР" ЖАГСААЛ БОЛОВ

"

"Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" уриатай тайван жагсаал Төв талбайд /2022.05.05/ болов. Жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлэхээр цөөнгүй иргэн цугларсан. ХҮН -аас /2022.05.04/ мэдээлэл хийх үеэр тус намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд залуусыг тайван жагсаалд ирэхийг уриалсан юм.

Тэрбээр “Бид өөрсдийн бодлогоо тодорхойлж, үзэл санаа, намын дүрмээ өөрчилсөн. Үр дүнд нь бизнес эрхэлдэг залуус, судлаачид, эмэгтэйчүүд ХҮН-ыг дэмжье, нийтээрээ ирэх 30 жилийг хамтдаа бүтээе гэсэн санал, хүсэлт ирж байна. Намын хатуу гишүүнчлэлийг бид дэмждэггүй, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явах саналтай гишүүдийг албан ёсоор гишүүнээр бүртгэж авдгаараа бусад намаас ялгаатай. Маргааш талбай дээр тайван жагсаал зохион байгуулна. Залуус өдрийн хоолны цагаар хүрээд ирээрэй. 12.00-15.00 цаг хүртэл үргэлжилнэ. Залуусынхаа найдвар тээж буй гал цогийг унтрааж болохгүй. Энэ удаагийн тайван жагсаал “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн уриан дор тогтолцооны өөрчлөлт, тодорхой шаардлага тавьсан тайван жагсаал байх болно” гэсэн юм.


"Х.БАТТУЛГА ПУТИНЫ ТҮРЭМГИЙЛЛИЙГ УЛАЙРАН ДЭМЖИЖ БАЙНА"

п

Нийслэлийн Ардчилсан намаас Баасан гаригт хэвлэлийн бага хурал хийж, "Монголоо Беларусь болгохгүй" сонордуулга гаргаснаа мэдэгдлээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл сонордуулгыг уншиж танилцуулаад, Путины эсрэг тэмцэхийг уриалав.

Тус сонордуулгад "Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм гэдгийг сануулах түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ хандан Нийслэлийн Ардчилсан нам сонордуулж байна.

Путины Украин улс руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, ингэхдээ өөрийн хөрш ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна.

Орос улсын хөрш жижиг улсуудад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай захирагдах дагуул тоглоомын улс болно гэдгийг Беларусийн туршлагаас Путин олж харсан юм. Тэгээд ардчилсан Украиныг Беларусь мэт болгохын тулд тус улс руу халдан түрэмгийлсэн билээ.

Үүгээр ч зогсохгүй Путин хөрш Монголын ардчиллыг "шүдэндээ зуун", чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад сууж байгаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж