МСҮТ-д суралцсан болгон Оюутолгойд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

МСҮТ-д суралцсан болгон Оюутолгойд ажиллахгүй

Оюутолгой, Тавантолгойд ажиллах мэргэжилтэн бэлтгэх үүднээс  аймаг, дүүрэгт одоогийн байдлаар нийт Мэргэжллийн сургалтын 36 төв дээр шинээр анги нээж 24-өөс дээш насны иргэдэд суралцах нөхцөл бүрдүүлэхээр Боловсрол соёл шинжлэх ухааны яамны зүгээс төлөвлөж байгаа гэнэ. Харин тэдгээр МСҮТ-д суралцагсдыг сум, дүүрэг тус бүрээс хэдэн хүн сонгож сургах талаар одоогоор тодорхой хэмжээ тогтоогоогүй байна. Гэсэн ч ирэх долоо хоногт багтааж Ерөнхий сайдад танилцуулах гэнэ.  МСҮТ-д суралцах иргэдийг сонгон шалгаруулах тухайд аймаг, дүүргийн Засаг даргын орлогч нарт үүрэг өгөхөөр төлөвлөж байгаа аж. Тэд нь өөрийн харъяа дүүрэгт ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг сонгон шалгаруулах юм байна. Энэ талаар БСШУЯ, Оюутолгой төслийн хүрээнд холбогдох төлөөлөгчидтэй яриа хэлэлцээр хийсэн байгаа аж. Гэхдээ МСҮТ-д суралцах 3300 хүн бүгд уул уурхайн чиглэлээр суралцана гэсэн үг биш хэмээн БСШУ сайд Ё.Отгонбаяр сайд хэллээ. Урьдчилан тооцоолж буйгаар 2010 онд 1000 орчим мэргэжилтэн, 2011 онд 1500 мэргэжилтэн бэлтгэхээр болжээ. Харин үлдсэн 1500 хүний тухайд барилга, дэд бүтцийн чиглэлээр сургана гэж төлөвлөсөн байна. Мөн Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл гэж хувийн хэвшлийн оролцоотой зөвлөл байдаг аж. Энэ зөвлөлийн шугамаар уул уурхайн салбар зөвлөл мөн байгуулагдсан байна. Энэ салбар зөвлөлийн хүрээнд мэргэжил олгож байгаа хүмүүст зөвхөн Оюутолгойн төсөлд бус, бусад уул уурхайн төсөлд хэрхэн ажил олгох вэ гэдэг асуудлаар БСШУЯ-тай хамтран ажиллаж байгаа гэнэ. Оюутолгой төсөлд МСҮТ-ийг төгссөн хүн ажиллана гэж ташаа олголт иргэдийн дунд байна. Гэтэл Оюутолгой төсөлд ажиллахад тодорхой төвшнөөс дээгүүр мэдлэгтэй хүмүүсээс шалгалт авч түүнд тэнцсэн хүмүүсийг ажиллуулах гэнэ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж