Экспортын орлого өндөр түвшинд байна

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Экспортын орлого өндөр түвшинд байна

Экспортын орлого өндөр түвшинд байна

Энэ оны тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр унц алтны үнэ 1863 ам.доллар, чулуун нүүрс тонн тутамдаа 225 ам.доллар, зэс 9769.5 ам.долларыын үнэтэй байна. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад алтны ханш 3.9 хувиар, чулуун нүүрсний үнэ 196.6 хувиар өссөн бол зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд хадгалагдаж байна.

Манай улсын хувьд нүүрсний экспортын дэлхийн зах зээлийн үнээс гадна хилийн үнэ чухал нөлөөтэй. Өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар, нүүрсний экспортын хилийн үнэ 284.8 ам.доллар байсан бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс 152.8 хувиар өссөн үзүүлэлт байв.

БНХАУ-ын хилийн хязгаарлалттай холбоотойгоор манай улсын экспортын биет хэмжээ буурсан ч түүхий эдийн зах зээлийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж буй нь экспортын орлогыг тогтвортой хадгалах боломж олгож байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улс нийтдээ 1.9 тэрбум ам.долларын экспорт хийснээс 93.7 хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн. Үүний 87 хувийг зэс, нүүрс болон төмрийн хүдрийн экспорт эзэлсэн байна.

2022 оны нэгдүгээр улирлын экспортын орлогыг өмнөх онуудтай харьцуулбал:

  • 2021 оны I улиралд – 1824.44 сая ам.доллар
  • 2020 оны I улиралд – 854.02 сая ам.доллар
  • 2019 оны I улиралд – 1696.56 сая ам.доллар
  • 2018 оны I улиралд – 1371.04 сая ам.доллар
  • 2017 оны I улиралд – 1209.76 сая ам.доллар
  • 2016 оны I улиралд – 992.35 сая ам.доллар байжээ.

Үүнээс үзэхэд манай улсын экспортын орлого харьцангуй өндөр түвшинд хадгалагдахын сацуу Covid-19 цар тахал гарсан 2020 оныг эс тооцвол, жилээс жилд өссөн дүнтэй хэвээр байна.

Харин 2022 оны эхний улирлын үр дүнгийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэсийн экспорт биет хэмжээний хувьд 14 хувиар өсч, орлогын хэмжээ нь 4 хувиар өссөн. Чулуун нүүрсний экспорт биет хэмжээний хувьд 2.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.6 дахин буурсан ч орлогын хэмжээ үнийн өсөлтөөс шалтгаалан ердөө 1 хувиар агшчээ. Түүнчлэн мөнгөжүүлээгүй алтны экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 дахин өсч, үүнээс 288 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн нь экспортын орлогыг өсгөх нөлөө үзүүлсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, уул уурхайн экспорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалан 1.29 тэрбум ам.доллароор буурч, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж, 1.32 тэрбум ам.доллараар өсчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж