БНХАУ-ын үндэсний олимпийн хороо, Азийн олимпийн зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр/2022.05.06/ болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хурлаар "Ханжоу-2022" Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан аж. Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах гэнэ.
Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сарын 20-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлагджээ. Өнгөрсөн жил болох ёстой байсан тус наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч одоо бүрмөсөн цуцлагдав.
Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. БНХАУ-д цар тахлын аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул дээрх шийдвэрүүдийг гаргажээ.
Угтаа Азийн олимпийн зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард Хятадын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй цахим спортын төрлүүдийг зарласан. Цахим спортын тамирчид Азийн наадамд "PUBG Mobile", "Dota 2", "Hearthstone", "League of Legends", "FIFA", "Street Fighter V", "Arena of Valor", "Dream of the Three Kingdoms 2" гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөх аж.
Холбоотой мэдээ