Тойм: Үндэсний бөхийн тамирчид дасгал, хөдөлгөөн бага хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.07-нд нийтлэгдсэн

Тойм: Үндэсний бөхийн тамирчид дасгал, хөдөлгөөн бага хийж байна

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ШҮҮГЧ, ПРОКУРОРЫН ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ БАЙЖ ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ"

Улсын Ерөнхий прокурорын орлогч асан, УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай цаг үеийн асуудал болон анхаарал татсан хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

-Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлэх нь зүйтэй санагдлаа. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн ч УИХ хүлээж авсангүй. Парламент үнэхээр гэм буруутай хүмүүсийг аваад үлдчихэв үү?

-Шүүхийн шийдвэр гарч байж хүнийг гэм буруутайд тооцно. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямарваа нэг хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж ярьсаар байгаад, нөгөө хүнийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө нийгэмд ялтан мэтээр ойлгуулдаг. Шүүх дараа нь тухайн хүнийг буруугүй гэсэн шийдвэр гаргахад “шүүх буруу шийдвэр” гаргачихлаа гэдэг нийгэмтэй болчихлоо. Энэ бол харамсалтай асуудал. Шүүхийн шийдвэр гараагүй байхад тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн мэтээр тооцож болохгүй л дээ. Монгол Улсын мөрдөгдөж буй хуульд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тохиолдолд прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах зохицуулалттай. Прокурор үндэслэл байгаа гэж үзсэн учраас УИХ-д саналаа хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Мэдээж хэрэг гишүүд өөрийн буруугүйг илэрхийлэх нь тэр хүний эрхийн асуудал.

-Авлигын хэргийг олон нийтэд ил мэдээлэх нь зөв үү. Үнэндээ АТГ зарим хэргийг хэргээр олон нийтэд ил зарлачихаад, заримыг нь хав дарах нь хэвийн зүйл болчихлоо?

-Төрийн болон Албаны нууцын тухай хуулиар дээрх хэргийг ил болговол асуудал үүснэ. Жишээлбэл, би хэрэг мөрдлөө гэж бодоход “Надад ийм баримт байна. Цаашаа би ийм зүйлийг шалгана” гээд олж мэдсэн баримтаа хавиар нэг зарлачихъя л даа. Тэгвэл гэмт хэрэгтнүүдийн хувьд мөрдөгч ийм зүйл мэдэж байгаа юм байна гээд хариу үйлдлээ тооцоолно. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгалт үргэлжилж байхад хэргийг зарлаад байж болдоггүй. Тэр утгаараа нууцалж байгаа юм. Прокурор тухайн хүнийг яллагдагчаар татах, хардаж сэрдэх үндэслэлээ ярина. Тэгэхээр хардаж сэрдэх үндэслэл, ямар баримт нотолгоо олсон түүнийгээ танилцуулна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш шүүх шийдвэрээ нууцлах нь утгагүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


З.ОЙДОВ: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ УНАЛТАД ОРСОН ГЭДЭГ ҮНЭН

Монгол Улсын ХХ зууны манлай тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдовтой ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу, та? Яриагаа саяхан Улаанбаатарт болсон чөлөөт бөхийн Азийн аваргын сонин сайхнаас эхлүүлье. Тэмцээн үзэв үү?

-Ази тивийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн энэ жил манай улсад боллоо. Тив тивийн аваргын тэмцээн сонирхолтой, үзүүштэй болдог. Энэ жил Японы эмэгтэй хоёрдугаар баг ирсэн гэж дуулсан. 68 кг-аас доош жинд 7-8 жигд охин байгаа гэсэн. Японы багийн хэмжээнд манайхан хүрэхэд нэлээд зайтай байх шиг ээ. Хамгийн гол нь Японы түрүүлсэн хүүхдүүдээс манайхны нэг ч хүн оноо авч чадаагүй гэсэн. Би заримыг нь үзээд, заримыг нь үзэж чадаагүй. Одоо үүн дээр нэмээд Хятадын баг ороод ирнэ. Их хүчтэй баг шүү дээ. Ингэхээр Ази тивдээ манай баг хүндхэн байна гэж харсан даа.

-Эрэгтэй, эмэгтэй тамирчид нутагтаа алтан медаль хүртэж чадаагүй нь ихээхэн шүүмжлэл дагууллаа. Ялангуяа эрэгтэй тамирчид хангалтгүй оролцов уу гэж ажиглагдсан. Та ямар бодолтой байна вэ?

-Манайх уг нь Азийн аваргад оролцох бүрэлдэхүүнийг сонгох сонгон шалгаруулалт хийсэн юм байна лээ. Олимпийн хүрэл медаль хүртсэн охин сорил дээрээ ялагдаад, оролцож чадаагүй гэсэн. Эрэгтэйчүүдийн 125 кг-д барилдсан М.Лхагвагэрэл бас оролцож чадаагүй. Ингээд бодохоор манай дотоодын өрсөлдөөн сайн байгаа боловч эрэгтэйчүүдээс гурван тамирчин л медаль авлаа. Арван жингээс долоо нь медальгүй байна гэдэг ерөнхийдөө тааруу гэсэн үг.

-Сонгомол бөхийн тамирчид ч мөн тун тааруу оролцлоо. Энэ бөхийн төрлийн хөгжил манайд зогсонги байдалд орчихсон юм шиг ээ. Уг нь олимпийн төрөл шүү дээ?

-Манайх 2001 онд сонгомол бөхийн тамирчдаа анх Красноярскт очиж бэлдэж байлаа. Ингээд бодохоор манайх сонгомол бөхөө хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Эрэгтэй чөлөөт бөхийн бэлтгэл, өсвөр үе залуучуудын бэлтгэл дээр сонгомол бөхийн дасгал хөдөлгөөн, мэхүүдийг бага сагаар оруулаад байвал сайжрах хандлагатай. Тивийн аваргын шаардлагын дагуу сонгомол бөхийн тамирчид оролцох л ёстой.

Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу


"ТАМГАГҮЙ ТӨР ЖҮЖГЭЭР Б.БААТАР УЛААН ШУГАМ ТАТЧИХЛАА"

Найруулагч Ш.Доржсүрэн бол төрмөл жүжигчин. Хэдийгээр түүнийг хошин урлагийн дүрээр нь илүүтэй хүлээж авдаг ч цөөн тайзны бүтээлээрээ өөрийгөө тамгалж, дүрээ амьдруулдаг уран бүтээлч. "Тамгагүй төр" жүжгийн Ачирын дүрд 24 жилийн дараа тоглож буй тэрбээр сэтгүүлчдийн ярилцахыг хүсч буй жүжигчдийн нэг. Тэр ч утгаараа түүнтэй холбогдож, яриа өрнүүлэхээр Улсын драмын эрдмийн театрыг зорив.

-“Хэвтрийн хүн”, “Гэм зэм”, “Тамгагүй төр” гээд тайз, дэлгэцийн сор бүтээлүүдэд тоглож, тэсрэлт хийж, тэс өөрөөр өөрийгөө үзэгчдэд таниуллаа. Тэр тусмаа зөөлөн, хошин төрхтэй Дооёо эсрэг дүрд тоглоход хэцүү байв уу?

-Сүүлийн уран бүтээлээсээ эхэлье. Үзэгчид “Тамгагүй төр” жүжгийг маш их өндөр хүлээлт, үнэлгээтэйгээр хүлээн авч байгаад баяртай байна. Миний хувьд “Херо” энтертайнментын жүжгийн Ачир хүүгийн дүрд сонгогдсон нь маш их аз. Амьдралд минь тохиолдсон түүхийн нэг боллоо. Би 24 жилийн өмнө "Тамгагүй төр" жүжигт тоглож байсан бол одоо идэр насандаа энэ дүрд тоглож байна. Залуу хүүгийн дүрд тоогдож, урилгаар тоглож байгаадаа баяртай байна. Мөн “Хэвтрийн хүн” кино зохиол их өвөрмөц төсөл байсан. Зохиолч Г.Аюурзанын зохиолыг уншиж байхад би жүжигчин хүнийхээ үүднээс нүдэндээ харж, төсөөлж, өвөрмөцөөр хүлээж авсан учраас эцгийн дүрд тоглосон. Тухайн дүр нь нэг тийм хүйтэн хөндий, зөвхөн тархиараа бүх зүйлд ханддаг, зүрх сэтгэл гэж байхгүй, хоосон эрийн дүр. Тэр дүрийг гаргахын тулд нэлээд ур чадвар шаардсан. Намайг хошин урлагийн дүр төрхөөр минь хүлээж авчих вий гэсэн бодлоос салгаж, ажил мэргэжлийг маань хүндэтгэн, энэ дүрд сонгосон С.Бямба найруулагчдаа талархдаг. Миний хувьд “Гэм зэм” жүжигт М.Батболдын урилгаар тоглосон. Энэ бол нэлээн хүнд төрлийн жүжиг. Гэхдээ бидний хувьд жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшдэг болохоос биш инээдмийн, драмын жүжигчин гэж төгсдөггүй. Жүжигчин хүн бүх жанрт хувирч, тоглох ёстой. Сүүлд тавдугаар сарын дундуур нээлтээ хийхээр төлөвлөж буй “Тэгри Чину” кинонд эсрэг талын дүрд тоглосон. Нас яваад хүнд дургүй хүрмээр харагддаг болсон юм байлгүй. Ихэвчлэн эсрэг дүрд тоглож байна даа (инээв.сурв).

Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж