“Х.Баттулга Путины түрэмгийллийг улайран дэмжиж байна”

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

“Х.Баттулга Путины түрэмгийллийг улайран дэмжиж байна”

“Х.Баттулга Путины түрэмгийллийг улайран дэмжиж байна”

Нийслэлийн Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал хийж, "Монголоо Беларусь болгохгүй" сонордуулга гаргаснаа мэдэгдлээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл сонордуулгыг уншиж танилцуулаад, Путины эсрэг тэмцэхийг уриалав.

Тус сонордуулгад "Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм гэдгийг сануулах түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ хандан Нийслэлийн Ардчилсан нам сонордуулж байна.

Путины Украин улс руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, ингэхдээ өөрийн хөрш ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна.

Орос улсын хөрш жижиг улсуудад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай захирагдах дагуул тоглоомын улс болно гэдгийг Беларусийн туршлагаас Путин олж харсан юм. Тэгээд ардчилсан Украиныг Беларусь мэт болгохын тулд тус улс руу халдан түрэмгийлсэн билээ.

Үүгээр ч зогсохгүй Путин хөрш Монголын ардчиллыг "шүдэндээ зуун", чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад сууж байгаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлэв.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр гүжирдсэн цуурхал тараав. Боломж гарвал биологийн зэвсгийг нь устгах нэрийдлээр "цэргийн ажиллагаа" гээчээрээ манайд халдах гэсэн алсын санаа агуулсан юм биш биз хэмээн хардахаар балмад загнав.

Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Түүнийг дэмжиж, Путины "тавдугаар цуваа" болон хөдлөхөд бэлэн монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас авахуулаад Ардчилсан намын нэрийг барин, улс төрийн үйл ажиллагаа явуулж буй ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар харин уг түрэмгийллийг улайран дэмжиж байна.

Х.Баттулга Путины "тавдугаар цуваа"-г манлайлаад зогсохгүй путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулж, Ардчилсан намын жирийн олон гишүүнийг төөрөлдүүлэн, намын үйл хэргийг гажуудуулж байна. Тэрбээр ардчилсан намыг бүхэлд нь Путины "тавдугаар цуваа" болгон ашиглах замаар Монголыг Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой.

Монголыг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж байгаа нь Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаагаас бас харагдлаа.

Монголын прокурор, цагдаа Путины хүчний байгууллага шиг увайгүй загнан, улсынхаа Үндсэн хууль, хуулийг уландаа гишгэсэн нь Монгол Улсын бүрэн эрхт байдал руу халдсан тэвчиж болшгүй жигүүртэй хэрэг. Ийм хүмүүс манай төрийн албыг хаших эрхгүй билээ.

Иргэд ээ! Ардчилсан намын гишүүд ээ!

Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөх түүхийн дуудлагаар бий болсон нам билээ. Тийм болохоор үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний энэ үзэл санаа өнөөдөр дахин түүхэн сорилттой тулгарлаа.

Хэрэвзээ Х.Баттулга, Элчин сайд И.К.Азизов нарын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас ардчилал устаж, улмаар Монгол Улс бүрэн эрхт байдлаа алдан, Беларусь шиг тоглоомын дагуул улс болно. Монгол Улс, монгол хүн эрх чөлөөгүй, харийн хамжлагууд болно. Үүнийг эрүүл саруул ухаантай ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тэр тусмаа үндэсний эх оронч үзэлтэй жинхэнэ Ардчилсан намын гишүүд огтоос зөвшөөрөхгүй.

Тийм болохоор цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэн тэмцэцгээе. Путины Баттулгад тусгаар тогтнолоо алдахгүйн төлөө тэмцэцгээе. Монголчууд украинчууд шиг эрэлхэг ард түмэн гэдгийг путинчүүдэд харуулъя. Сүхбаатарын талбай дээрээ эрх чөлөөгөө хамгаалахаар тавдугаар сарын 11-нд цуглацгаая. Харь гүрний олигархиудын гар, хөл болсон олигархи Баттулгад сануулан цуглацгаая" гэжээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.БАТ-ҮҮЛ:

-Путинчүүд сөнөтүгэй. Путины түрэмгийлэл сөнөтүгэй. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардах болно. Би Ардчилсан намын зарим гишүүддээ нэг зүйлийг хэлмээр байна. Монгол Улсад ОХУ-аас сууж байгаа бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ардчилсан намыг доромжилж байхад энэ хүмүүс дуугараагүй ээ. Монголын Ардчилсан намыг Оросын Элчин сайд доромжилж байхад эсэргүүцэж хэн ч дуугараагүй. Би дахин нэг зүйлийг хэлье. Ардчилсан намаас Монголын путинчүүдийг, гар хөлүүдийг зайлуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж