“Ховд аймгийн гурван үеийн уран бүтээлчид тоглолт хийнэ”

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

“Ховд аймгийн гурван үеийн уран бүтээлчид тоглолт хийнэ”

“Ховд аймгийн гурван үеийн уран бүтээлчид тоглолт хийнэ”

Соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин П.Булгаатай ярилцлаа. Тэрбээр Ховд аймагтаа төдийгүй улсдаа анхны гэх тодотголтой ардын язгуур урлагийн “Алтайн цуурай” хамтлагийн таван гишүүний нэг юм. Өдгөө ардын урлагаа хойч үедээ өвлүүлж, сурталчлан таниулахаар өөрийн сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй ахмад уран бүтээлч. Түүний хувьд 2006 онд ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран “Цаст алтайн цацал” ардын урлагийн театр байгуулсан бөгөөд энэ жил театрынх нь 15 жилийн ой тохиож байгаа аж. Ойн баярын хүрээнд гурван үеийн удам дамжсан уран бүтээлчдийн “Язгуураар хөглөгдсөн яруу эгшиглэн” тоглолтоо МҮЭСТО-нд хийхэд бэлэн болоод байгаа юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Гавьяаны амралтаа авсан ахмад уран бүтээлчдийн театрын талаар анх удаа сонсч байна. Бидэнд театраа танилцуулахгүй юу?

-Анх 15 жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин Д.Ившин гэдэг эгчтэйгээ хамтран Ардын жүжигчин Д.Гомбосүрэнд санал болгоcноор “Цаст алтайн цацал” гэдэг ардын урлагийн театрыг санаачлан байгуулсан. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард 15 жилийнхээ ойг хийсэн. Удахгүй ойн хүрээнд гурван үеийн удам дамжсан уран бүтээлчдийн “Язгуураар хөглөгдсөн яруу эгшиглэн” тоглолтоо МҮЭСТО-нд хийхэд бэлэн болоод байна. Тоглолт маань тавдугаар сарын 8-нд 17.00 цагаас болно.

Энэ концертод Ардын жүжигчин Д.Гомбосүрэн, Эрдэнэт хотоос урилгаар Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Т.Дарьжав, Гавьяат жүжигчин, дуучин Г.Амаржаргал тэргүүтэй олон сайхан уран бүтээлч оролцоно.

Хувийн театр маань өргөжин дэвжиж, залуу, дунд, ахмад үеийн уран бүтээлчидтэйгээ тоглох гэж байгаадаа баяртай байна.

-Таныг алс холын Америкт ардын урлагийн чиглэлээр багшилж байсан гэж дуулсан?

-Миний хувьд анх Ховд аймгийн театрт арван жилийн сургуулиа төгсөөд, 16-хан насандаа хөгжимчнөөр ажилд орсон. Хожим гавъяаныхаа амралтад суугаад. Улаанбаатар хотод шилжин ирж хувийн бизнесээ хийж байгаад “Цаст алтайн цацал” театраа 2006 онд анх байгуулсан юм. Өөрөө хувийн бизнес хийдэг байсан учраас тэрийгээ түшиглэн театраа нээх боломж олдсон.

Би 2009 онд АНУ-д 10 жил ажиллаж, амьдарч байх хугацаандаа “Чикаго монгол” сургуулийг нээх суурийг нь анх тавилцаж дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2019 онд эх орондоо ирсэн даруйдаа “Цаст алтайн цацал” хувийн театрын ажлаа үргэлжлүүлсэн.

Манай хувийн театр 35 уран бүтээлчтэй. Тэднээс 12 нь анх байгуулагдахад хамт байсан уран бүтээлчид. Бид бас Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хот Соёлын төв өргөө Ховд аймгийн бүх сумдаар, Хөх хотод тоглолт хийж байлаа.

-Ховд аймгийн гурван үеийн уран бүтээлчид гэхээр сонирхол татаж байна?

-Залуус сүүлийн жилүүдэд ардын урлагаа их сонирхон, хичээллэж байна. Бидний үед жинхэнэ ардын урлаг цэцэглэж, хөгжиж байлаа шүү дээ. Бид Ховдын театраас чөлөөндөө гарсан Улаанбаатарт амьдардаг ахмад уран бүтээлчтэйгээ хамтран тоглолт хийх юм. Алтан үеийн аймгийн театрт насаараа ажиллачихсан хүмүүс гэсэн үг.

Хамгийн ахмад нь 70 настай бол түүнээс доош 50 60 настай уран бүтээлч болон хамгийн залуу нь 20 нас хүрч байх жишээтэй.

Бид таван жилийнхээ ойг өмнө нь тэмдэглэж байсан. Энэ удаа 15 жилийн ойгоо илүү өргөн хүрээнд залуу үеийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог.

-“Язгуураар хөглөгдсөн яруу эгшиглэн тоглолтод оролцох уран бүтээлчдээс онцолбол?

-Энэхүү ойн баярын тоглолтын найруулагчаар Ардын жүжигчин Д.Гомбосүрэн, Т.Цэцэгмаа ажиллаж байгаа. Тэрбээр баруун таван аймгийн театрын урлагийг өндөрт өргөж явсан алдартай найруулагч Мөн Соёлын тэргүүний ажилтан Д.Цэрэнноров гэж “Хонин жороо морь” дууг дуулдаг. Гавъяатын дайтай чадварлаг уран бүтээлч, ятгатай ардын дуу дуулдаг алаг нүдэн И.Уранцэцэг, Гавьяат жүжигчин, дуучин Т.Дарьжав буюу алтан гургалдай хоолойт дуучин маань Эрдэнэтээс урилгаар оролцоно.

Мөн удам залгасан унаган нутийн маань алдарт нэрт хөөмийч Д.Цэрэндаваагийн хүү, Үндэсний Урлагийн их театрын залуу уран бүтээлч хөөмийч Ц.Хаш-Эрдэнэ болон гоцлол дуучин Д.Цэрэнноров, Л.Сайнхүү, Д.Тунгалаг, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлон дуучин Б.Гомбо-Очир гэж залуу дуучин, Гоцлон дуучин, жүжигчин, хөтлөгч Ш.Баянмөнх, морин хуурч З.Майдаржав, Соёлын тэргүүний ажилтан Ц.Нямдаваа гоцлол бүжигчний шавь нар оролцож, концертыг чимж байгаа.

-Анхны ардын язгуур урлагийн “Алтайн цуурай” хамтлагийнхаа тухай ярьж өгөөч. Орчин цагийн залуус төдийлөн сайн мэдэхгүй байх?

-Ховд аймагт ардын язгуур урлагийн “Алтайн цуурай” хамтлаг гэдэг Монголын номер хамтлаг байсан. Нийт таван хүний бүрэлдэхүүнтэй 1982 онд анх байгуулагдаж байлаа. Тэр хамтлагийн анхны таван гишүүнд Гавьяат жүжигчин  Б.Дугараа буюу Монголын хамгийн залуу Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн аав, баруун монголын нэрт морин хуурч, Гавьяат жүжигчин  М.Довчин, Гавьяат жүжигчин, олноо “Намуун байгаль” дуугаараа овоглогдсон С.Цэрэндолгор, хөөмийн урлагийг дэлхийд анх таниулсан Гавьяат жүжигчин Н.Сэнгэдорж, хамгийн залуу уран бүтээлч нь би өөрөө багтаж байлаа.

Бид анхны “Алтайн цуурай” хамтлагийн гишүүд.

Дэлхийн олон оронд эх орноо сурталчилж, тоглолт хийж явлаа. Миний хувьд энэ дөрвөн гавьяатаасаа их зүйлийг сурсан. Одоо тэр бүхнээ залуу хойч үедээ өвлүүлэхээр хичээн ажиллаж байгаа. Бидний үеийн залгамж халаа бас тасарсан байна. Ардын язгуур урлаг жинхэнэ натураараа байдаг байлаа шүү дээ. Миний хувьд сайхан уран бүтээлчидтэй хамт олон жил ажилласан болохоор өөрийгөө азтайд тооцдог.

Тоглолтод оролцох хөгжимчид:                                                                        

  • МУСТА Г.Батсүх
  • МУСТА З.Дорж
  • МУСТА Д.Ившин
  • МУСТА С.Нэргүй
  • МУСТА П.Булгаа
  • МУСТА Д.Бадамханд
  • МУСТА Г.Эрдэв
  • МУСТА Ж.Бүдээхүү
  • МУСТА Д.Алтанцэцэг
  • МУСТА Ж.Ичинхорлоо
  • МУСТА Г.Пүрэвсэд
  • МУСТА З.Майдаржав
  • МУСТА Б.Цэрэнпунцаг
  • МУСТА Ц.Баатарчулуун
  • МУСТА Д.Батбаяр
  • МУСТА П.Нямсүрэн

Бүжигчид:

  • МУСТА С.Оюунтунгала
  • МУСТА Ц.Нямдаваа
  • Н.Эрдэнэтунгалаг
  • Д.Эрдэнэсолонго
  • М.Мөнххишиг
  • Ч.Амартүвшин
  • И.Эрдэнэ-Очир
  • О.Буяннэмэх
  • И.Ядам

Гэрэл зургийг Т.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж