Чинээлэг иргэд “чичрэх” хэрэггүй!

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Чинээлэг иргэд “чичрэх” хэрэггүй!

Чинээлэг иргэд “чичрэх” хэрэггүй!

Нөхцөл байдал яаж ч эргэлээ гэсэн дараа жил Монгол Улсын хувьд амаргүй жил болно гэдгийг олон улсын шинжээчид эртнээс анхааруулсаар буй. ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал дунд хугацаанд тогтвортой байх боловч инфляцийн өсөлтийг барих, гадаад валютын ханшийн дарамтыг шийдвэрлэх, төсвийн зардлыг хэмнэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.

Манай улс ирэх 2023 онд хоёр том бондын төлбөр төлөх учраас эдийн засаг нэлээн хүндрэх нь ойлгомжтой. Тодруулбал:

“Сэргэн мандалт” нэртэй нээлттэй, евро бонд, 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх ёстой 500 сая ам.долларын, төгрөгөөр 1.5 их наядынх, мөн арванхоёрдугаар сарын 25-нд төлөх учиртай, өнөөдрийн ханшаар 725 тэрбум төгрөгийн, Засгийн газрын баталгаатай “Самурай” бондууд бий.

Сангийн яамнаас Хөгжлийн банкинд зээлийн өр төлөгдөх хэмжээгээр “Самурай” бондын төлбөрийг барагдуулаад явъя гэсэн чиглэл өгснөө мэдэгдсэн. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлээс нийт 165 тэрбум төгрөгийн өр төлөгджээ.

Төв банкны журмаар тус банкны чанаргүй зээлийг ангилаад, 25, 75, 100 хувийн алдагдлын сан байгуулж, акт тавьсан аж. Тус актын дагуу Хөгжлийн банкны баланс дээр сан байгуулах гүйлгээ огт хийгдээгүй байна. Иймд банкны хэвийн үйл ажиллагааг ханган явуулахын тулд чанаргүй зээлүүдийг богино хугацаанд төлүүлэх, банкны хувь заятай холбоотой зайлшгүй шийдэх асуудлууд үүсчээ.

Дампуурахад ойрхон байгаа Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн өр төлбөрийг барагдуулж чадахгүй бол өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэйг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлэв. Учир нь “хөгжлийн” гэсэн гоё нэрийн дор эрх мэдэл бүхий хүмүүс хувааж идээд, эдийн засгийг улам дордуулж буйг иргэд шүүмжилж буй юм.

Б.Жавхлан сайд “Ямар ч байсан энэ онд багтаан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлж, ирэх онд “Самурай” бондын төлбөр болон чанаргүй, муу зээлүүдийг банкаар өөрөөр нь төлүүлж, бондыг бүрэн төлүүлснээр татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө дээр ирэх эрсдэлийг зайлуулах төлөвлөгөө, зорилттой ажиллаж байна” гэсэн билээ.

Мөн тэрбээр “Бодитой үр дүн гаргаж байж арванхоёрдугаар сарын 31-нд бид тайлан балансаа олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулж, ирэх оны эцэст төлөх бондуудын төлбөрийг барагдуулах нөхцөл болно. Тийм учраас өнөөдрөөс энэ асуудлыг ярьж хөндөн, зээлийн өрийг барагдуулах, Хөгжлийн банкинд шуурхай үйл ажиллагаа явуулах нь цаг хугацааны хувьд тулаад байна” гэж мэдэгдсэн юм.

ОУВС-гийн ажлын хэсгийнхэн Засгийн газраас иргэдийн нуруун дээрх ачааг хэрхэн хөнгөлж, эдийн засгаа аврах талаар асуухад манай эрх мэдэлтнүүд урьдын адил “халамжийн бодлого барина” л гэсэн бололтой байгаа юм. Үүнийг ОУВС-гийн мэргэжилтнүүд манай улсад нийгмийн хамгааллын зохистой бодлого баримтлахыг зөвлөснөөс төвөггүйхэн ойлгож болохоор. Тэд эрх баригчдын “иргэнээ алагчлахгүй” гэсэн “энэрэнгүй бодлого”-ыг илтэд шүүмжлэв.

Эдийн засагч С.Дэмбэрэлийн нэгэн ярилцлагадаа хэлсэнчлэн, тэд “Монголд алтан бөгж зүүсэн баян хүн хүнсний талон авч байгаа” бодит үнэнийг олоод харчихаж.

Гадаадын экспертүүд Монгол Улсын бодлого барьж буй эрхмүүд эдийн засгаа удирдаж чадахгүй, "малаас ч дор" сэтгэж буйг хэлээд тавьчихав. Тухайлбал, хэд хэдэн машинтай айлын иргэдэд хүнсний эрхийн бичиг өгөх шаардлагагүй. Хөдөө орон нутагт байгаа, орлого багатай хүмүүст хүнсний талон олгох хэрэгтэй. Дөрөв дэх орон сууцаа авч байгаа хүн ипотекийн зээл аваад байх шаардлагагүй. Харин анхны орон сууцаа авч байгаа иргэдэд энэ зээл дэмжлэг болдог байх учиртай.

Чинээлэг айлууд заавал хүүхдийн мөнгө авч байж хүүхдээ хооллож, хувцаслах шаардлагагүй. Оронд нь халамж хамгийн их хэрэгтэй байгаа ядуу хүмүүст тэр дэмжлэгээ өгөх хэрэгтэй гэж зөвлөхдөө хөх инээд нь хүрч байсан биз. Тэд хүүхдийн мөнгө, халамж авах шаардлагагүй чинээлэг иргэдэд эдийн засгийн адармаатай цаг үед эх оронч сэтгэл гаргаж, “чичрээд хэрэггүй”-г хэлчихлээ.

Инфляцийг бууруулахын тулд төрөөс ирж буй дэмжлэгүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх хэрэгтэй. Төрөөс олгож байгаа дэмжлэг буурахын хэрээр эрэлт буурна. Эрэлт буурснаар инфляци саарна. Энэ нь бүх иргэнд үр өгөөжтэйг ОУВС-гийн төлөөлөгчид хэлэв. Тэдний анхааруулснаар, Засгийн газар иргэдтэйгээ нэгдэж, зардлаа танаж чадахгүй бол Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Хэрвээ бодлогын хүү нэмэгдвэл зээл авсан хүмүүс маш өндөр хүү төлнө гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж