ОУВС: Яарч IPO хийвэл хувьцаа авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

ОУВС: Яарч IPO хийвэл хувьцаа авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй

ОУВС: Яарч IPO хийвэл хувьцаа авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсад ирж ажиллан, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн билээ. Дүгнэлтийг танилцуулж, хэвлэлийн хурал хийх үеэр ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи банкуудын IPO буюу хөрөнгийн зах дээр нээлттэй компани болж хувьцаагаа гаргах талаар сэтгүүлчийн асуултад дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр “ОУВС-гаас банкуудын IPO-г хойшлуулах зөвлөмжийг Монголбанкинд өгсөн гол шалтгаан маш энгийн. Аливаа арилжааны банк IPO хийхийн өмнө тайлан балансын хувьд маш сайн, өндөр түвшинд бэлтгэгдсэн, ямар нэгэн асуудалгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна.

Хэт яараад, хуулиар заасан хугацаанд буюу зургадугаар сарын 30-ны дотор IPO хийнэ гэвэл Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкнаас эдгээр банкуудын тайлан балансыг хангалттай хянах хугацаа гарахгүй. Улмаар яарч IPO хийсэн тохиолдолд хувьцаа авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй.

Ялангуяа томоохон банкууд IPO-г яг хэзээ хийх вэ гэдгээ бодлогын хувьд маш сайн харах ёстой. Та бүхний мэдэж байгаачлан сүүлийн жилүүдэд Covid-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүндрэлд орж, зээлийн эргэн төлөлтөд доголдол гарсан. Одоо ч гэсэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн түвшиндээ хүрч чадаагүй байна. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай.

Төв банкны хувьд Covid-19-тэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд банкуудад яг өмнөх шигээ биечлэн очиж, хяналт шалгалт хийх боломж хязгаарлагдмал байсан. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сул тал үүссэн байх магадлалтай гэж харж байна.

Ер нь IPO хийж байгаа гол шалтгаан нь оновчтой цаг хугацааг сонгож, хамгийн өндөр үнэлгээг нэгж хувьцаанд олж авах юм. Түүнээс биш, зүгээр нэг хугацаа заагаад, хийх асуудал биш. Бид сайн банкууд, сайн үнэлэгдсэн хувьцаа гаргаасай гэж хүсч байна. Тийм учраас IPO хийхийн өмнө активын чанарын үнэлгээ (AQR) хийх шаардлагатай гэж үзэж байна. Ингэж байж маш сайн банкууд, маш сайн хувьцааг хөрөнгийн бирж дээр санал болгоно” гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж