Иргэд ухамсаргүй, эрх баригчид унхиагүйгээс хот хогонд дарагдав

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Иргэд ухамсаргүй, эрх баригчид унхиагүйгээс хот хогонд дарагдав

Иргэд ухамсаргүй, эрх баригчид унхиагүйгээс хот хогонд дарагдав

Хотын төв хогондоо дарагдаж ноорхой гэр шиг навсайжээ. Гудамжаар алхаж явахад энд тэндгүй тамхины иш, түргэн хоолны сав, ундаа пивоны лааз хүртэл хөглөрнө. Хөглөрсөн хогийг хөлсөө дуслуулан ачих  Нийслэлийн хот тохижилтын газрын  ажилтан О.Насанжаргал “Хүмүүс маш ухамсаргүй байна. Хогийн сав байхад л гадуур нь хогоо хаядаг. Жолооч нар  хүртэл машиныхаа цонхоор тамхины иш, ундааны лаазаа гаргаж шиддэг. Дээр нь ундааны лаазанд шээж, торонд хүртэл хүндэрсэн байдаг. Аль эсвэл угаадас, шээс торонд байдаг. Үүнийг цэвэрлэхэд маш хэцүү. Хог маш замбараагүй, барагдахгүй л байна” гэлээ.

Түүний ажил үүрийн 04:00 цагт эхэлдэг тул гэрээсээ 03:30 цагт гардаг байна. Өөрөөр хэлбэл, түүний ажилдаа явж байхад хотынхон дун нойрондоо дугжирч байдаг гэсэн үг. Ажил нь 17:00 цагт тарах ёстой. Гэвч хогоо ачиж цэвэрлэсээр байтал үдэш орой болчихдог аж. Цар тахлын үед  хотын төвөөр хог  гайгүй, өдөрт 2-3 удаа ачиж цэвэрлэдэг байсан бол өдгөө 4-6 уда рейс хийдэг болсон гэнэ. Энэ талаар “Нийслэлийн хот тохижилтын газрынхан Улаанбаатар хотыг аль болох хоггүй цэвэрхэн байлгахын төлөө үүрээр ажлаа эхлүүлдэг ч хог нь ачиж, цэвэрлэж барагддаггүй. Одоо гэхэд ажлаасаа буугаагүй байна. Түрүүхэн хоосолж цэвэрлэсэн хогийн сав цагийн дараа гэхэд дүүрсэн, гадуур нь  хог овоорчихсон байдаг. Эргэж тойрч, ачиж цэвэрлэсээр яваад гэртээ 21:00 цагт ордог. Би ачигчаар ажиллаад долоо жил болж байна. Долоон жилийн өмнө хот ийм бохир байгаагүй, хүмүүс соёлтой байж. Одоо ямар ч ухамсар алга” хэмээн бухимдав. Удалгүй тэрбээр хогоо цэвэрлэж дуусаад машин хөдлөв.

Улаанбаатар зочид буудлын харалдаа цэцэрлэгт хүрээлэнд овоорсон хогийг цэвэрлэж дуусгаж байгаа нь…2022.05.05


Урин дулаан орж, хотын  ганган, цэмцгэр залуус гудамжаар нааш цаашаа алхана.  Харамсалтай нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр хогоо хаа сайгүй хаяхаасаа ичиж зовохгүй юм. Их сургуулийн гудамж гэгдэх  МУБИС-ийн ойролцоох цайны газар, үйлчилгээний төв, ТҮЦ-ийн дэргэд хог новшрох. Нэмээд нус, цэр, тамхины иш замбараагүй хаях болжээ. Хотын төвд байрлах Соёлын төв ордон гэхэд тамхины цэг болж нус, шүлс, цэр, шээс баасанд дарагдсан  соёлын биш "бохирын ордон" болчихоод байгаа. Мөн хэн нэгэн ТҮК-ийн ажилтан хүмүүсийн бохирдуулсныг өдөр болгон цэвэрлэдэг ч эргээд харахад төдий л заваарч, новширчихсон байдаг. Хотын дарга LRT гэх том мөнгөн дүнтэй төсөл яриад явж байх хойгуур хот нь хог новшиндоо дарагдаж, хаа сайгүй ил задгай хаясан хогийн бичил цэгүүд ч бий болжээ.  Хотын даргын бас нэг үүрэг нь хотоо гэрэл гэгээтэй, цэмцгэр байлгах явдал.  3.5 тэрбум ам.долларын төсөл ярьж гүйхээсээ илүү хотоо гоё сайхан болгоход хотын даргын сэтгэл дутаад байх шиг.

Ингээд хот яагаад хогондоо дарагддаг вэ гэх асуудлаар залуусын сэтгэгдлийг сонирхсон юм.


УЛААНБААТАР ХОТ ЦЭВЭРХЭН БАЙХ ЭСЭХ НЬ ХҮМҮҮСИЙН УХАМСРААС ШАЛТГААЛНА

Иргэн Т.ОЮУНСЭЛЭМ: 

-Гадуур амны хаалт зүүсэн хүн ховор шүү дээ. Ам хаалтаа хаа, хамаагүй хаячихаж байна. Цар тахлын өмнөх үе шиг нус, цэрээ энд тэндгүй нийх нь хэвийн үзэгдэл болсон. Харинцар тахал, хөл хорионы үед Улаанбаатар хот өнөөдрийнхөөс цэвэрхэн байсан санагдаж байгаа. Одоо бол жаахан бохир санагддаг. Энэ нь хогийн сав хангалтгүй байдгаас болдог байх гэж боддог. Уг нь хүмүүс хогоо хогийн саванд л хийж харагддаг.

 

 


Иргэн А.МИШЭЭЛ: 

-Цар тахлын үед  нэг хэсэг  хүмүүс гудамж талбайд шүлс, нус цэрээ хаяхгүй, хоггүй хотын гудамж цэвэрхэн болсон байсан. Одоо эргээд ил задгай хогоо хаядаг, нус, цэрээ хаа сайгүй нийдэг хот заваан харагддаг. Хүмүүсийн энэ үйлдэл  маш муухай бүдүүлэг. Улаанбаатар хотын соёлтой иргэд гэцгээдэг мөртлөө шүлс, тамхины ишээ хаях нь ухамсаргүй л үйлдэл. Хүмүүс эргээд хайнга болсон л санагдаж байна. Улаанбаатар хот цэвэрхэн байх эсэх нь хүмүүсийн ухамсраас л шалтгаалах болов уу. Хогоо хогийн саванд хийхгүй гадуур хаяхаас л тухайн хүний ухамсар соёл харагддаг.

 


Иргэн Ө.ДӨЛГӨӨН: 

-Нэг үетэй харьцуулахад Улаанбаатар хотод хогийн сав хангалттай байдаг. Миний хувьд хогоо цүнхлээд хогийн сав тааралдвал хаядаг. Харин нус, цэр, шүлс тамхины иш хаа сайгүй. Гадуур салхилж суухад хүртэл шүлсээ хаясан бохир байдаг. Улаанбаатар хот бохир байгаа нь хувь хүний ухамсар, төрийн бодлогоос шалтгаалж байгаа. Аль аль талдаа л асуудалтай байна. Гадаад орчиндоо хүмүүс нус, цэрээ нийхгүй хогоо хаяхгүй явах нь амархан. Гэвч яагаад ийм үйлдэл гаргадгийг нь мэдэхгүй гэлээ.

 

 


Улаанбаатар хот 382 жилийн түүхтэй ч хотынхон өнөөдрийг хүртэл суурин амьдралд дасаагүй л байна. Хүн амын тоогоор метрополис хотын хэмжээнд хүрсэн ч нийтээрээ гудамжинд хогоо хаядаг хэвээр. Хаа таарсан газраа шүлсээ хаяж, зам дээр түгжрэхдээ ундааны лаазаа шидэж, тамхины ишээ сурамгай гэгч хаях нь бараг тэмцээн зохиох хэмжээнд хүрсэн гэлтэй. Ердөө нэг жил гаруйн өмнө л хүмүүс цар тахлын үед амны хаалтгүй нэгийгээ ад үзэх нь холуур, найтаах төдийд муухай хардаг байсан бол өнөөдөр хажууд нь хэн нэгэн амны хаалтгүй  шүлсээ хаяж, ханиалгасан ч тоохооргүй болов.

Энэ нэгдүгээр сарын 1-нээс эхэлж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд машиныхаа цонхоор хог чулууддаг иргэдэд арга хэмжээ тооцохоор болсон. Бодит байдал дээр уг хууль хэрэгжиж байгаа нь алга гэдгийг хүмүүсийн үйлдэл, хотын гудамжаар дүүрэн байх "хогийн цэг"-үүдээс харчихаж болно. Дээрх хууль хэрэгжихээс ч өмнө Зөрчлийн тухай хуульд хотын ахуйн болон нийгмийн соёлыг нийтээр дагаж мөрдүүлэх үүрэгтэй хэд хэдэн заалт орсон.

Тэдгээрээс 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт ахуйн наад захын соёлыг мөрдүүлэх заалт хэрэгжээгүй. Иргэд бараг л чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Хэрэгжүүлэх, хяналт тавих субъект нь ч иргэдэд тодорхой бус. Гэвч хуулийн хэрэгжилтийг чангаруулахыг Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан холбогдох байгууллагад үүрэг өгч байв. Энэ дагуу мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажилласан ч өнөөдөр “замхарчээ”.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж