Баярлалаа, баяртай Саид Моллаей

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Баярлалаа, баяртай Саид Моллаей

Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Саид Моллаей албан ёсоор Азербайжан улсын нэр өмнөөс барилдах хүсэлтээ хүргүүлж, холбогдох байгууллагууд нь зөвшөөрчээ. Иранд төрж, өссөн тэрбээр Азербайжан гаралтай бөгөөд 2019 оноос өдийг хүртэл Монголын нэрийн өмнөөс тив дэлхий, олимпийн тэмцээнд оролцож, бахдам амжилт үзүүлсэн билээ.


Монгол хүн болов

Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр Саид Моллаей гэх Иран бөх Монголын иргэншилтэй боллоо гэх мэдээлэл түгсэн. Удалгүй бүх зүйл тодорхой болж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнд санал тавьж, Моллаей өөрөө хүсэлтээ гарган Гадаадын иргэн, харьяатын газар үүнийг нь хүлээн авч Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байв.

Ийнхүү удалгүй Ерөнхийлөгч зарлиг гаргасан. Тус зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саидийг Монгол харьяат болгов. Моллаей Саид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан  алдартай тамирчин юм” гэжээ.

Манай тамирчид л гадаад руу гарч, иргэншлээ сольдог байсан болохоос биш манай иргэншлийг авсан легионер тамирчин бараг үгүй. Харин Саид Моллаей анхдагч нь гэхэд хилсдэхгүй.

Хүн бүр Саид Моллаей гэж хэн болохыг мэдэхийг хүсэв.

Улс төрийн золиос

 Токиогийн олимпийн өмнөх хамгийн том тэмцээн 2019 оны ДАШТ байв. Covid-19 гэж ч байхгүй, олимп ч хойшилно гэж хэн ч бодоогүй байсан үе. Токиод болсон тухайн тэмцээнд 2018 оны дэлхийн аварга Саид Моллаей аваргаа хамгаалахаар ирээд байсан юм. Таавар ёсоор хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарсан. Түүний эхний өрсөлдөгч Бельгийн Маттиас Кассе байсан бөгөөд хэрэв түүнийг ялвал финалд Израилийн Саги Мукитай учраа таарах бүрэн боломж байлаа.

Саги Мукитай

Гэвч Ираны албаны хүмүүс Саид Моллаейг Израиль бөхтэй барилдуулахгүйн тулд түүнийг хагас шигшээд албаар ялагдах хэрэгтэй гэв. Моллаей ч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, барилдаагүй.

Иран-Израиль хоёр улс улс төр, шашны асуудлаас болж 1947 оноос хойш өнөөг хүртэл маргаантай, бие биедээ дайсагнасан байдалтай байна.

Саид Моллаей 2019 оны наймдугаар сард Токиогоос нутагтаа эргэн ирмэгцээ Германаас хоёр жилийн виз авч, Европ руу дүрэв. Энэ үеэр л түүнийг улс төрийн золиос болсон тухай мэдээлэл түгж, улмаар манай улс түүнд санал тавьжээ.

"Би одоо Монгол хүн"

Саид Моллаей Монголын нэрийн өмнөөс барилдсан эхний хэдэн тэмцээндээ тогтвортой амжилт үзүүлж чадаагүй. Орон гаран, нэг л учраа олохгүй байгаа харагдсан. Азаар олимп нэг жилээр хойшилж, түүнд формоо олох боломж олдов. Магадгүй олимп товлосон хугацаандаа болсон бол Моллаей медаль авах ч үгүй байсан биз.

Токиогийн олимп эхэллээ. Герман, Монгол, Израиль гэсэн гурван улсаар жил дамнан бэлтгэл хийсэн Моллаейгаас Монголын ард түмэн медаль хүсч байв. Тэр итгэл алдсангүй. Казахстан, Азербайжан, Гүржийн бөхчүүдийг хэсэгтээ буулган авч, хагас шигшээд Австрийн Шамил Борчашвилиг ялсан. Монгол даяар бөөн баяр. Өмнөх өдрүүдэд нь Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртсэн байсан учир Саид Моллаейн мөнгөн медаль дахин баяр баясал бэлэглэсэн. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдаанд нутгийн эзэн Японы Таканори Нагасэд ялагдав. Татами дээр тэр ялагдсан ч монголчуудын хайр, энэрэлийг татаж чадсан нь түүний хамгийн том ялалт.

Токиогоос дөнгөж ирээд манай сайтад өгсөн ярилцлагадаа Саид Моллаей:

-Олимпийн наадам гайхалтай байлаа. Үнэхээр баяртай байна. Олон монголчууд энд цугласан байна. Бүгд баяртай байгаа байх гэж найдаж байна. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпийн медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо монгол хүн шүү дээ. Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа.

Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй.

Одоо би амармаар байна. Түүний дараа дахиад бүгдийг шинээр эхэлнэ дээ. Дараагийн олимпдоо бэлдэнэ. Би дараагийн олимпоос алтан медаль авна гэж амалж байна. Одоохондоо мөнгөн медаль болно. Х.Баттулга ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Тиймээс алтан медалийн төлөөх дайралтандаа бэлдэнэ. Би одоо Монголд хэсэг хугацаанд байж, амарна. Энд би их олон найзтай.

Би монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна. Намайг Молом гэж дуудаж буй монголчууддаа баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд та нарынхаа сайхан энерги, намайг дэмжиж буйд баярлалаа. 

"Би хэзээ ч Монголоос явахгүй"

Олимпоос мөнгөн медальтай ирсэн Саид Моллаейг монголчууд бэлэг сэлтээр нэг хэсэг булсан. Баянгол зочид буудлын үүдэнд түүнд баяр хүргэх гэсэн сайн санаатнуудын цуваа уртаас урт үргэлжилж, гудамжинд зөрсөн хүн бүр баяр хүргэж байлаа. Гэвч түүнийг Германы иргэншил авлаа гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Монголчуудын итгэл алдарч, худлаа байгаасай гэж итгэв. Моллаей өөрөө ч үүнд тайлбар хийсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцож, медаль хүртэж, амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг Төрийн ордонд хүлээн авч, батламж гардуулах үеэр тэрбээр:

-Монголын ард түмэн сайн байцгаана уу? Олимп болон паралимпийн тамирчдадаа баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч, ард түмэндээ баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан хүн бүрт болон олимпийн медальтан, тамирчдадаа баяр хүргэе. Би үнэхээр баяртай байна. Олон өдрийн өмнө би “Саид Герман руу явлаа. Германы иргэншил авлаа” гэсэн худал мэдээллийг харсан. Надад Монголын паспорт байна. Би монгол хүн. Энэ медалиа Монголын ард түмэнд зориулсан. Би хэзээ ч Монголоос явахгүй гэж амлаж байна. Худал мэдээлэлд битгий итгээрэй. Заримдаа би Герман руу ажлаар явдаг. Миний эх орон бол Монгол. Монголын ард түмэнд баярлалаа. 2024 оны Парисын олимпод сайн үр дүн үзүүлнэ. Монголын жүдо бөхийн холбоо болон Үндэсний олимпийн хороонд баярлалаа.

“Төрөлх нутгийнхаа төлөө барилдахдаа баяртай байна”

Саид Моллаейг явахгүй гэж монголчууд бат итгэлтэй байсан ч үгүй байжээ. Түүнийг Азербайжаны нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ хүргүүлсэн тухай тус улсын дотоодын хэвлэлүүд мэдээлэв. Удалгүй олон улсын хэвлэлүүд үүнийг нотолж, Азербайжаны жүдо бөхийн холбоо хүсэлтийг нь авч, олон улсын жүдо бөхийн холбоо зөвшөөрчээ.

Саид Моллаей “Миний Монголын жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээ дуусгавар болсон. Үүний дараа би санаачилга гаргаж, Азербайжаны жүдогийн холбоонд санал тавьж, тус улсыг төлөөлөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Одооноос эхлэн төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор барилдах болсондоо баяртай байна. Дэлхийн аварга, Европын аварга, 2024 оны Парисын олимпийг хүлээж тэсэхгүй нь. Бидэнд цаг бага байна. Би өндөр амжилт үзүүлэхийн төлөө, улсынхаа тугийг өндөрт мандуулахын төлөө бүхнээ дайчилна” гэжээ.

Тэр сонголтоо хийлээ. Олимпоос мөнгөн медаль хүртэж, Монголын ард түмнийг баярлуулсан тэр хэнд ч, ямар ч өргүй. Тиймээс баярлалаа, баяртай Саид Моллаей.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж