Долоон жилийн дараа ирж буй  “доромжлол”

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Долоон жилийн дараа ирж буй  “доромжлол”

Долоон жилийн дараа ирж буй  “доромжлол”

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “доромжлох” хэргийг Эрүүгийн хуульд эргэн оруулж байгааг их л нухацтай тайлбарлав. Тэрбээр энэ талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад өчигдөр хариулахдаа “Зарим хүмүүс хүний зургийг дэвсэж байгаад шээх үйлдэл гаргаж байна. Зарим нь хүүхдийн дэргэд хүнийг зохисгүй үгээр хэлж байна. Үүнийг зогсоох ёстой. Харин хэзээ ч сэтгүүлчид доромжлох зүйл заалтаар шийтгэгдэх үндэслэл байхгүй. СЭМҮТ-өөс авсан судалгаагаар өсвөр насныхан доромжлолд өртөж амиа хорлох үйлдэл хийх нь элбэг байна. Та нар яагаад түүнийг судлаагүй юм бэ” гэжээ. Ингэхдээ доромжлох гэж юуг ойлгох талаар Дээд шүүхийн тайлбарыг үзүүлнэ гэсэн юм. 2007 оны аравдугаар сарын 29-ний өдөр гаргасан дээд шүүхийн тайлбарыг харцгаая.

Дээд шүүхийн тайлбар:

1.1  Хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан “...нэр төр” гэж  тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ.

1.2. Мөн зүйл, хэсэгт заасан  “…алдар хүнд…” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно.

1.3. Мөн зүйл, хэсэгт заасан “…доромжлох …” гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ.

Энэхүү заалт өмнө нь Эрүүгийн хуульд хэрэгжиж ирсэн учраас Дээд шүүх ийн тайлбарлажээ. Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл энэ мэт заалт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байна гэж дүгнэсэн бөгөөд  2015 онд Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд “Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэх” гэсэн зөвлөмж ирүүлсэн юм. Үүнийг үндэслэн 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар “доромжлох”, “гүтгэх” заалтыг хүчингүй болгосон билээ.

Харин шинээр боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эргэн оруулжээ. Ингэхдээ,

13.15 дугаар зүйл. Доромжлох. Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Үүнийгээ өсвөр насныхан доромжлолд өртөж амиа хорлох үзэгдэл их байгаатай холбон тайлбарлаж байна. Үнэндээ бусад орны хүн амтай харьцуулаад амиа хорлолтыг нь тооцвол сайдын хэлээд буй шиг биш л болов уу?! Манайхны гаргадаг статистикаар Монголд ядуу хүн нэн ховор төдийгүй, хамгийн хямд бүтээгдэхүүнийг бид хэрэглэдэг билээ.

Мэдээж хэрэг нэр төр, алдар хүндийг хамгаалах нь энэхүү заалтыг зорилго нь дамжиггүй. Гэхдээ хүн болгонд нэр төр, алдар хүнд өөр. Нэр төр нь бусдаас өгч буй үнэлэмж бол алдар хүнд нь өөртөө өгч буй үнэлэмж. Дур хүслээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр өөрийгөө муугаар үнэлж, дүгнэх хэн байх билээ. Тиймээс хэтэрхий өөдрөгөөр төсөөлөх нь гарцаагүй. Харин түүнийг нь мөрдөгч өөрийн үзэмжээр тогтоох боломжгүй. Ийм болохоор хүний эрхийг хангаж чаддаг улс орнууд тухайн хүнийг өөрөө нэр төр, алдар хүндээ нотлохыг шаарддаг бөгөөд иргэний шүүхийн шугамаар шийдүүлэх нь зөв гэж үздэг.

Эрүүгийн хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх нь мөрдөгчийн үзэмжийн асуудал болох бөгөөд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө жилдээ 1400-гаараа цагдаад дуудуулан торгуульж буй өнөө цагт иргэдийг дуу хоолойг хязгаарлах гэсэн заалт болно уу гэхээс доромжлогдсон иргэдийг хамгаалах нь юу л бол… Ер нь иргэн гэхээсээ илүүтэй албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд энэ зүйл заалтыг хамгийн түрүүнд ашиглах нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс сэтгүүлч, элэглэгч нарт энэ зүйл заалт хамаарахгүй гээд байгаа ч иргэдийнхээ эрх чөлөөнд халдаж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхийнх нь эсрэг явах нь ойлгомжтой.

Хамгийн түрүүнд сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад дуудагдаж, эдийн засгийн хувьд эрхээ хязгаарлуулаад зогсохгүй бие махбодийн хувьд дайчлагдах нь.

Ковидын үед л гэхэд “Энх саран” сувилалын талаар бодит байдлыг нь илчилсэн, халдвар хамгааллын дэглэмээ барихыг шаардсан иргэдийг хэрхэн торгож, эрхээ эдлэн “ажлаа хий”-хийг шаардсан иргэдийг цагдаа хэрхэн зодож буй бичлэг гээд энэ заалттай, заалтгүй иргэдийг торгож, эрхийг хөсөрдүүлсэн явдал бишгүй гарсан. Харин хуульд тусгагдаад, хэрэгжээд эхэлбэл 450 мянгаас 1 сая 300 мянгаар торгох, эсвэл 10 хоног нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхээ хязгаарлуулна гэсэн үг. Тиймээс бид НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээсээ ухрах нь.

Энэ хэдийгээр нэг заалт мэт, тайлбар нь бусдыг доромжлохын эсрэг мэт боловч үнэндээ ардчиллын суурь зарчмаасаа, үзэл бодлоо илэрхийлэх үнэт эрхийг нь энэхүү заалтаар үгүйсгээд байх боломж бүрдэнэ л гэсэн үг. Тиймээс бид ухарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж