Сэргэлэн адтай Мишээл, сайхан бүсгүй Сарнай, эршүүд хэрсүү Үүрцайхын дүрийг та бүхэн санаж байна уу. Тэд бол үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн “Овжин охид”. Одоогоос 21 жилийн өмнө буюу 2001 онд “Овжин охид” уран сайхны кино дэлгэцнээ гарсан билээ. Ж.Биндэр найруулагчийн бүтээл тухайн үедээ цаг үеэ мэдэрч, хот хөдөөгийн залуусын зан байдлыг инээдмийн төрөл жанраар илэрхийлж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.
“Овжин охид”-ын Мишээлийн дүрд тоглосон жүжигчин Д:Оюунтуул өдгөө хошин урлагийн салбарт ажиллаж байгаа бол Сарнайгийн дүрд Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт, мисс Д.Уянгалянхуа тоглосон. Харин Үүрцайхын дүрд Э.Саранцэцэг гэх жүжигчин бүсгүй тоглосон билээ. Ингээд “Овжин охид”-ын нэг Э.Саранцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
-“Овжин охид” киноны Үүрээ 21 жилийн дараа ч яг хэвээрээ байна шүү. Нүдний харц, инээмсэглэл гээд…?
-Би “Овжин охид” монголын уран сайхны киноны Үүрээ байна. Намайг Э.Саранцэцэг гэдэг. Би Соёл урлагийн их сургуулийг найруулагч Ч.Найдандорж багшийн удирдлага дор төгссөн. Их сургуулиа төгсөөд удаагүй байтал 2001 онд Ж.Биндэр найруулагч “Овжин охид” киног хийж таарсан. Миний хувьд анх дээд ангийн “Ийгл” телевизийн найруулагч н.Баярхүү ахаас Монгол кино үйлдвэрийн байранд киноны гол дүрийн сонгон шалгаруулалт болж байгааг дуулаад очиж байлаа.
Тэгсэн найр наадам шиг олон охин цугларчихсан, тэр дунд Ц.Ганзориг буюу Сампил маань зогсчихсон бүртгэл хийж байна. Тэгсэн утсаар киноны гол дүрд Д.Оюунтуул, Д.Уянгалянхуа бид гурав тэнцсэн гэж хэлж байлаа.
-Та гурвын хувьд бие биеэ өмнө нь таньдаг байв уу?
-Жүжигчин Д.Оюунтуул бид хоёр СУИС-ийн нэг төгсөлт. Харин Д.Уянгалянхуа маань Худалдаа аж үйлдвэрлэлийн дээд сургуульд сурдаг байсан. Бид Өвөрхангай аймгийн Хужирт суманд нэг сар натурт гарч, хоорондоо танилцсан түүхтэй.
Бид дөнгөж их сургуулиа төгссөн болохоор кино зураг авалт гэж ч мэдэхгүй, найруулагчаасаа чиглэл авч анхныхаа кинонд тоглосон доо. Кино зураг авалт дууссаны дараа нэг хэсэгтээ эвгүй, найзуудаа санаж байлаа.
“Овжин охид” кинонд тоглосон найзууд маань насан туршийн найзууд болцгоосон. Энэ кино маань биднийг үргэлж холбож байдаг.
-Үүрээгийн дүрд хэрхэн тэнцэж байв. Эршүүд охины дүр шүү дээ?
-Үүрээгийн дүр надад их ойр байсан л даа. Би олон эрэгтэй дүүтэй өссөн учраас эршүүд охин байлаа. Тийм болохоор надад хүнд санагдаагүй ээ. Кинон дээрээ “Алив зодчихъё” гээд л байгаа биз дээ./инээв/
-Үл үзэгдэгч каскан малгай, ноос савдаг хэсэг гээд… Зураг авалтын үеэр тохиолдсон хөгжилтэй явдлаас хуваалцахгүй юу?
-Зуныхаа амралтаар амарч яваа хотын охид хөдөөний Сампил гэдэг гэнэн цайлган залуутай танилцаж, найзалж нөхөрлөдөг шүү дээ. Найруулагч маань хотын ганган охидын дүрд тоглоно хувцсаа бэлдээрэй гэж захиад, хөдөө цүнх дүүрэн хувцастай очиж байлаа. Кинонд тоглосон гээд тухайн үед 100 мянган төгрөгийн цалин авч байлаа. Тэр үед их мөнгө байлаа шүү дээ. Зураг авалтын үеэр Ц.Ганзориг маань Д.Оюунтуулыг өргөж байгаад хамраар нь газар мөргүүлчихдэг. Тэр хэсэгт Туулыг жинхэнээсээ унагаад, зөндөө уйлсан. Бас миний мотоцикл барьдаг хэсгийн зургийг авахад хамаагүй давхиад хол яваад өгнө. Буцаж эргээд очих гэхээр мотоцикл нь асч өгөхгүй хөгжилтэй явдал олон гарсан. Миний мотоцикл унадаг хэсэг, алдартай касканы үл үзэгдэгч болдог, мэлхийтэй хэсэг гээд зураг авалтын турш инээсээр байгаад л нэг сарыг дуусгасан. Манай нүүр будагч Ц.Дэлгэр эгч маань харамч авгайн дүрд тоглодог. Тэр эгч маань жинхэнээсээ хөөтэй тогоогоо орон дээр тавьчихдаг тэр хэсэг хүмүүст их хүрсэн байсан.
Одоо эргээд бодохоор найруулагч Ж.Биндэр их зоригтой шийдвэр гаргажээ. Учир нь найруулагч маань том эрсдэл үүрээд, дөнгөж их сургуулиа төгссөн залуусыг сонгож тоглуулсан. Хэрвээ киног нь хүн үзэхгүй бол яах вэ.
Гэтэл кино маань дуусч, кино театруудаар гарч эхлэхэд маш их үзэгчтэй байсан. Найруулагч маань урлагийн анхны гарааг минь маш сайхан эхлүүлж, Ц.Ганзориг, Д.Оюунтуул тэргүүтэй уран бүтээлчдийг төрүүлсэн. Бид үргэлж энэ киногоороо овоглуулдаг. Найруулагчаа санан дурсаж, гэр бүлийнхэнд нь баярлаж, талархсанаа энэ завшааныг ашиглан илэрхийлье.
-Үүрээ одоо хаана юу хийж байна вэ?
-Би одоо Багануурт хувиараа бизнес хийдэг. Гэр маань хотод байдаг. Би нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Том хүү маань 12 дугаар ангиа төгсөх бол бага маань нэгдүгээр ангид сурдаг.
-Одоо 21 жилийн дараа ч энэ дүрээр нь хүмүүс таньдаг уу?
-Кинонд тоглосны дараа гудамжаар явахаар “Үүрээ явж байна” гээд таньдаг болчихсон байсан. Энд тэнд явж байхад зарим нь “Мотоцикл чинь хэнийх байсан бэ” гэж асууна. Нэг л олны танил болчихсон мэдрэмжийг тухайн үедээ авч, маш сайхан байсан. Одоо эргээд киноны тухай ярихаар дурсамж сэргээд л, маш сайхан санагддаг. Бид Ц.Ганзоригоо одоо ч Сампилуушка гэж дууддаг.
Одоо ч хүмүүс намайг харахаараа “Овжин охид” киноны охин байна” гэж хэлдэг.
-Тэрнээс хойш кинонд тоглох санал ирсэн үү?
-Энэ киноны гол дүр маань миний анхны кино байсан. Ганц нэг ангийнхныхаа кинонд туслах дүрийн хэсэгт гардаг. Жишээлбэл, “Гурван найз” олон ангит киноны Г.Нарансолонгыг хөөж гаргадаг хүүхэн, Ц.Ганзоригтой гэр бүл болдог хэсэгт орж байсан. Миний хувьд мэргэжлээрээ ажиллаагүй хувийн бизнесээ хийсэн.
-“Өндөглөдөг шарсан тахиа” хоёрдугаар ангид нь яагаад тоглоогүй юм бэ?
-Би тоглож амжаагүй. Тухайн үедээ анх бизнесээ эхлүүлж байсан учраас маш завгүй байлаа. Сүүлд Д.Оюунтуулаасаа зэмлэл хүртсэн дээ.
-Э.Саранцэцэг чухам яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Би багаасаа жүжигчин болно гээд Дархан хотын Драмын театрын дэргэдэх дугуйланд явдаг байлаа. Нэрт найруулагч С.Бужгар агсны гэргий Ш .Дэлгэржаргал эгч Дарханы Хүүхэд, залуучуудын театрт багшилдаг байсан. Хүүхэд нас маань театрын дугуйланд л өнгөрсөн дөө. Хичээлээ тараад л дугуйлан руугаа гүйчихдэг хүүхэд байлаа. Манай тайзны ярианы багш Н.Сувдаа эгчийг харж, багш шигээ л жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Багш маань биднийг гардан төгсгөсөн юм. Тэгээд 1996 онд СУИС-д Ч.Найдандорж багшийн ангид элсэн орж байлаа.
Манай ангийнхнаас гэвэл, “Эмоци” продакшны Д.Түвшинтөр буюу Төөтөө, Г.Нарансолонго, жүжигчин Ч.Ундрал, найруулагч С.Баттулга, Т.Өөдөө гэх мэт уран бүтээлч бий. Ангийнхантайгаа байнгын холбоотой байдаг.
-Хэрвээ 21 жилийн дараа “Овжин охид” киноны дараагийн ангийг нь хийе гэвэл тоглох уу?
-Дуртайяа киноныхоо дараагийн ангид тоглоно. Зохиол нь анхныхтайгаа уялдсан, сонирхолтой байвал бололгүй яахав. Бид өмнө нь дараагийн ангийг хийвэл үзэгчдэд хүрэх болов уу гэж ярилцаж байсан удаатай.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Эвлүүлэгч Д.БАТ-АЮУШ
Холбоотой мэдээ