Төрийн ав ба бизнесийнхний айдас!

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Төрийн ав ба бизнесийнхний айдас!

Төрийн ав ба бизнесийнхний айдас!

Хоёр жилийн өмнө, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна” гэсэн биш олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулж байв.  Учир нь, Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт зах зээлээс чөлөөт зах зээлд шилжээд 30 гаруй жил болсон, Үндсэн хуульдаа ч хүний өмчтэй байх эрхийг хамгаалж өгсөн байдаг. Гэвч, харамсалтай МАН засгийн эрх авснаас хойш бизнесийнхэн төр хэзээ буу гав, цэрэг цагдаа, камер сэтгүүлчтэй ирж хөрөнгийг маань дээрэмдэх бол гэсэн айдастай амьдарч байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар, М.Энхболдын парламент “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд булааж авснаар төрийн дээрэм цагаандаа гарсан гэж хэлж болно.  Ц.Нямдоржийн хэлсэн шиг Д.Эрдэнэбилэг гэж хүн Оросоос олоод ирсэн  “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан юм бол түүнийг нь эхлээд шүүх тогтоох ёстой.  Үүний дараа Д.Эрдэнэбилэгээр төрийн хохирлыг барагдуулах асуудлыг ярих ёстой болохоос хөрөнгийг нь шууд дээрэмдэж авснаа шударга ёс гэж тунхаглаж болохгүй. Монгол Улс хэрэвзээ эрх зүйт төртэй юм бол шүү дээ.  Ингээд төр хэний өмчийг хэрхэн булаасныг тоймлон сонирхуулъя.

“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬ

2017 оны хоёрдугаар сард УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тогтоолын төслийг баталсан билээ.  Тухайн үед эдийн засагчид, хуульчдын зүгээс гүйцэтгэх засаглал хувийн хэвшлээ дээрэмдэж буйг буруутгаж байв.  Энэ үед “Эрдэнэт” төрд 100 хувь очлоо гээд ялсан намын өмч болохыг ч олон хүн сануулж байсан.  Гэвч, тэдний үгийг МАН гөлөөг ч гэж тоогоогүйгээр барахгүй дараагийн “ав”-даа бэлтгэж эхэлсэн байдаг.

Үнэндээ, “Эрдэнэт” хоёр улсын өмч байх үед агуулахаас нь бэлгэвч, үсний хавчаар хүртэл “олдож”,  ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хүүдээ 2.5 тэрбумын шахаа хийж өгөхөд нь тусласан гэдгээ ч өөрийн амаараа хүлээн зөвшөөрснөөс харахад тус үйлдвэр зөвхөн эрх баригчдын “саалийн үнээ” байж иржээ.   “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авсны дараа Засгийн газар үйлдвэрт онц байдал тогтоож байгаад Ш.Батхүүгийн  Өмнөд Африкийн “Стандарт банк”-наас аваад идчихсэн, төлөх ёстой 115 сая ам.доллараас 40 сая ам.долларыг өрийг нь тус үйлдвэрээр төлүүлж байв. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийг ард түмний өмч болсон гэж хэлсэн Ц.Нямдоржийн үг худлаа байсан гэсэн үг. “Эрдэнэт”-ийг 100 хувьд төрийн өмч болгосны дараа МАН-ын сайдууд  тус үйлдвэрт олон нийтийн хяналт оруулж, IPO-г гаргана гэж байсан ч өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” эрх баригчдын өмч хэвээр байна.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгээс булааж авснаас нэг жилийн дараа тухайн үеийн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар цэрэг, цагдаа, тагнуулынхантай Салхитын мөнгөний орд дээр тусгай ажиллагаа явуулж, лицензийг нь төрд хураан авлаа. Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф" ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн гэх шалтгаанаар. Ядаж байхад хөрөнгө оруулагч хятадууд нь хооронд хэрүүлтэй, энэ хэргээс болж хахууль авсан гэх зургаан шүүгчийг хоёр нь ял авч, бусад нь бүгд буцаад ажилдаа орсон байдаг.

 “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д лицензыг нь шилжүүлсэн Салхитын мөнгөний ордын орлогоос 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, уг мөнгөөр зээлтэй ахмадуудын зээлийг барагдуулсан нь мөн л зээлгүй ахмадуудыг гомдооход хүргэв. Зургаан сая хүртлэх зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэн хэрнээ зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг өгсөн нь шударга бус л даа, яаж ч бодсон.

БАМБАРУУШ КАФЕ

Өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд Засгийн газар хуралдаж, төр, хувийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах үүрэг чиглэл өгсөн байдаг. Үүний хүрээнд "Бамбарууш" кафег анхных нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Атал энэхүү барилга аль хэдийнэ хувийн өмч болчихсон, удахгүй таван давхар барилга баригдах тухай шум дэгдээд удаж байна.

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ

Ердөө сар гаруйн өмнө болсон үйл явдал. Хөгжлийн банкны дуулиантай зэрэгцээд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авах ажиллагаа эрчимжив. Гуравдугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасныг Ц.Нямдорж дуулгахдаа “эзэнгүй өмч” байсан гэв. Эзэнгүй өмч байсан ч түүнийг төрд авна гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ Ц.Нямдорж хуулийг засдаг байсан уу гэхээс дагадаг байсан бил үү. Ингээд Төрийн бодлого зохиуцуулалтыг газрын дарга Б.Цэнгэл буутай цагдаа, камертай хэвлэл дагуулж очоод хувийн өмчийг шууд дээрэмдэв. Үнэхээр Хөгжлийн банкны өр зээлээ төлөөгүй, шүүхийн шийдвэр гарсан байсан юм бол түүнийг нь хэрэгжүүлэх субъект нь ШШГЕГ шүү дээ. Б.Цэнгэлийн хувьд төрийн “хэдэн өмчөө” л манах үүрэгтэй хүн атал.  З.Энхболд руу оймс шидэж олны танил болсон Л.Наранбаатар энэ үйлдвэрийг даргаар өдгөө ажиллах болсон юм.

ДАРХАНЫ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР

Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас  "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан билээ. Концесс эзэмшигч “Кью эс си “компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих,  хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргаагүй гээд гэрээг нь цуцлах сайхан шалтагаа Сангийн сайд тоочсон ч  үнэндээ энэ нь төрийн нэг дээрэм  байв.

ДАРААГИЙН БАЙ НЬ ХЭН БЭ

Шадар сайд С.Амарсайхан гэнэт л барилгын сайд, банкны захирал болчихсон аятай авирлах болсны цаана МИК гэх хувьцаат компанийг л “авлах” нь гэсэн ойлголт олон нийтэд төрсөн. Ипотекийн зээлийг зургаан хувиас дөрвөн хувь болгох Шадар сайдын үг орон сууцанд орон хүсэлтэй байгаа иргэдэд гоё сонсогдож байж болох ч эцсийн эцэст халааснаас нь гарах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэдгийг тэд одоогоор ойлгохгүй байх шиг. Зээлийн хүү буурвал орон сууцны үнэ өснө. Нөгөөтэйгүүр МИК ипотекийн зээлийн хөтөлбөрөөс татгалзвал арилжааны банкууд зах зээлийн хүүтэй орон сууцны зээл гаргана. Аливаа бизнест төр оролцохын хэрээр авлига үүсдэг, авлигын эцсийн өртөг иргэдийн халааснаас гарна. Иймээс л төр хувийн хэвшилтэй зодолдох, хутгалдах тусам эдийн засагт гажуудал хямрал нүүрлэнэ.  Үнэндээ, төр нь дээрэмчин, бизнесийнхэн нь "феодал" болчихсон Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж битгий  том мөрөөд.

 

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж