“10 мянган айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно”

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

“10 мянган айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно”

“10 мянган айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно”

Эрчим хүчний яамнаас “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн талбайд өнөөдөр /2022.05.05/ Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэх төслийн хүрээнд 2022 онд хийх ажлыг танилцууллаа.


Эрчим хүчний яам, Сангийн яам, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, олон улсын хөгжлийн ассоциаци хамтран Нийслэлийн дулааны хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж буй. Тус төсөл хэрэгжсэнээр төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлийг хангах, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагаа нэмэгдүүлэх юм байна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан, 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэйгээр 2021-2025 оны хооронд хэрэгжих Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байна.

Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, улс орны түрүүлж хөгжүүлэх шаардлагатай стратегийн салбарт хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн санхүүжилт дээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна. Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсч байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 151 мегаватт буюу 10 орчим мянган айл өрхийн хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, 347 мегаваттаар дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоо судалгаа гарсан.

Мөн дулаан хангамжийн үр ашгийг дээшлэн дамжуулах, дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 1.5 дахин нэмэгдэж, системийн төгсгөлийн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний чанар сайжирч, усны алдагдлыг 1.2 хувиар хэмнэх зэргээр байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засагт эерэг үр нөлөө бий болно” гэв.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээний насжилтын 30 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ.

Дээрх төслийн хүрээнд дулаан хангамжийн салбарт тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн ач холбогдолд төвлөрч сонголт хийсэн байна. Мөн түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуух болон уламжлалт галлагаат зуухыг аажмаар хэрэглээнээс халах боломж бүрдэх аж. Ингэснээр дулааны хэрэглээ халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжиж, тэр хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурна гэж тооцжээ.

Төслийн хүрээнд 2022 онд Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах 2.8 км урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах 1 км урт 3г магистраль шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

5а магистраль шугам: 1969 онд ашиглалтад орж, 53 жил ашиглаж буй бөгөөд “ДЦС-3” ТӨХК-ийн дунд даралтын хэсэгт үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг байна.

3г магистраль: 1988 онд ашиглалтад орж, 34 жил ашиглаж буй 1 км хос шугамыг өргөтгөн шинэчилж, үл нэвтрэх сувагт оруулах барилга угсралтын ажил хийгдэх ажээ.

"УБДС" ТӨХК болон "ДЦС-3" ТӨХК-иас гаргасан техникийн тодорхойлолтыг үндэслэн, Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм стандартын дагуу дэвшилтэт технологи, техникийн шаардлага хангасан шугам, хоолой ашиглах юм байна. Шинэ хоолойнууд дамжуулах хүчин чадлыг 100-150 Гкал/цаг-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хэмжээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 км, насжилтын хугацаа дууссан дулааны хуучин магистраль шугам, гурван насос станцын өргөтгөлийг шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэх юм байна. Үүний зэрэгцээ сонгогдсон гэр хороолын шинэ бүсэд буюу Баянгол дүүргийн 7, 8, 11, 12, 13, 15 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт дулаан хангамжийн сүлжээг өргөтгөх ажлын зураг төслийг хийж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж