Олимпийн мөнгөн медальт Саид Моллаей Азербайжаны төлөө барилдахаар боллоо. Үүнийг Азербайжаны жүдогийн холбоо баталсан бөгөөд олон улсын жүдогийн холбоо Саид Моллаейг тус улсын төлөө барилдахыг зөвшөөрсөн гэнэ.
Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу Саид Моллаей улсаа сольсон ч түүнийг чансааны оноо буурахгүй аж.
Өдгөө 30 настай Моллаей 2018 онд Ираны далбаан дор дэлхийн аварга болж, 2021 онд Монголын далбаатай олимпийн мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Азербайжаны эрэгтэйчүүдийн -81 кг-ын жин уналтад ороод байгаа. Тус улсад залуу авьяаслаг тамирчид олноор гарч ирж байгаа боловч олон улсын чанартай тэмцээнд медаль хүртэж чадаагүй явна. Тус улсаас хамгийн сүүлд -73 кг-ын Бээжингийн олимпийн аварга Эльнур Маммадли -81 кг-ын жинд Европы аварга болж байв.
Азербайжаны жүдогийн холбооны мэдэгдэлд “Моллаей бол жиндээ дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогддог. Түүнийг шигшээ багтаа авснаар бидний асуудал бага ч гэсэн хугацаанд дарагдана. Мөн түүнийг сахилга баттай, арвин туршлагатай тамирчин гэж итгэж байна. Хамгийн гол нь энэ жингийн өрсөлдөөн нэмэгдэж, манай залуу авьяаслаг залуучууд хөгжихөд эерэгээр нөлөөлнө” гэжээ.
Харин Саид Моллаей “Миний Монголын жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээ дуусгавар болсон. Үүний дараа би санаачилга гаргаж, Азербайжаны жүдогийн холбоонд санал тавьж, тус улсыг төлөөлөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Одооноос эхлэн төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор барилдах болсондоо баяртай байна. Дэлхийн аварга, Европын аварга, 2024 оны Парисын олимпийг хүлээж тэсэхгүй нь. Бидэнд цаг бага байна. Би өндөр амжилт үзүүлэхийн төлөө, улсынхаа тугийг өндөрт мандуулахын төлөө бүхнээ дайчилна” гэжээ.
Холбоотой мэдээ