АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь сүүлийн 20 гаруй жилийн хамгийн өндөр өсөлт болов. Дэлхийн улс орнууд үнийн өсөлтийн эсрэг бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авч буй бол Холбооны нөөцийн банк өсгөж байна.
Тус банк инфляцийн өсөлттэй тэмцэх зорилгоор 2000 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөв. Энэхүү шийдвэрийг тус банк хоёр өдрийн турш хуралдсаны эцэст өнгөрсөн Лхагва гаригт гаргасан байна. АНУ-д инфляци хурдацтай өсч, сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрээд буй бөгөөд ойрын саруудад ч ханш дахин өсөх төлөвтэй байгаа аж.
Он гарснаас хойш хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэсэн АНУ-ын Төв банкны баримтлах бодлогын хүү 0.75-аас 1.0 нэгж хувь болов.
Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл хэвлэлийн бага хурал дээр "Инфляцийг тогтоон барих асуудал нэн чухал. Тооцоолж байсанчлан бид үнийн өсөлтийг хяналтдаа авч, инфляци бага багаар буурч эхэлж буйг анзаарах хэрэгтэй. Бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөх шийдвэр гаргахад яарахгүй байна.
Ирэх хэд хэдэн уулзалтаар бодлогын хүүг дахин 50 суурь нэгжээр өсгөх магадлал өндөр. Инфляци тооцоолж байсан түвшнээс давсан тохиолдолд бид тохирсон арга хэмжээг яаралтай авна. Бодлогын өндөр хүү шаардлагатай бол бид хүүгээ дахин өсгөхөд бэлэн” гэж мэдэгджээ. Пауэллийн хэлсэн үгийн дараа АНУ-ын хувьцаанууд огцом өсч, S&P 500 гэхэд 1.7 хувиар өссөн байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0 хувьтай ойр хадгалсан. Тус банк инфляци сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрч, хөдөлмөрийн захад хэт халалт үүссэн гэж үзжээ.
“Goldman Sachs”-ийн шинжээчид Холбооны нөөцийн банк өмнө нь зургадугаар сард бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөнө гэж тооцоолж байсан бол долдугаар сард ч өсгөнө гэж таамгаа өөрчилсөн байна.
Эх сурвалж: DW, BLOOMBERG