Үнийн өсөлтийг хүчээр торгоосон эрсдэлийг нь иргэд хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Үнийн өсөлтийг хүчээр торгоосон эрсдэлийг нь иргэд хүлээх үү?

Үнийн өсөлтийг хүчээр торгоосон эрсдэлийг нь иргэд хүлээх үү?

Засгийн газар, УИХ-аас эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой Үнэ тогтворжуулах хуулийн төслийг батлаад буй. Хэдийгээр уг хуулийн төсөл  нэг сарын нүүр үзээгүй ч цаасан дээр шарлаж үлдэхгүй нь чухал. Ямартай ч хууль батлагдснаар инфляци өсөхөд голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс сэргийлнэ гэж эрх баригчид үзэж байгаа юм. Энэ ч үүднээс хүнс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд жин дардаг шатахууны үнэ ирэх зургадугаар сар хүртэл нэмэгдэхгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлээд буй.

Тус яамнаас энэ сарын 3-нд өгсөн мэдээлэлдээ газрын тосны бүтээгдэхүүнийг нэг тонныг нь 1110 ам.доллараар худалдан авах байсныг өнгөрсөн сараас эхлэн 840 ам.доллар болгожээ. Ингэснээр литр нь 3330 төгрөгөөр зарагдах байсан автобензиний үнэ 2390 төгрөгөөр борлуулах боломж бүрдэж байгаа аж.

Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “УИХ-аас баталсан Үнэ тогтворжуулах хуульд шатахууны үнэ багтсан. Энэ хүрээнд ОХУ-ын "Роснефть" компаниас ирэх зургадугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүн нэг тонныг нь 840 ам.доллар буюу 25 хувиар хямдралтай үнээр худалдан авахаар тооцсон. Иймээс шатахууны үнэд өөрчлөлт орохгүй гэсэн үг” гэдгийг онцолсон. Нэг талаараа шатахууны үнийг гурван сар тогтвортой барьж байгаа нь сайн мэдээ. Магадгүй түрдээ мөнгөө хэмнэж, шатахууны үнэ хэзээ нэмэгдэх бол? гэсэн айдасгүй тайвширч  болох ч эргээд иргэд илүү хохирох эрсдэл ч бас хүлээж буй.

Хойд хөршөөс газрын тосны бүтээгдэхүүнээр хараат монголчуудын хувьд шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд л мах, гурил, такси гээд бүх юмны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай.

Ердөө гурван сарын дараа гэхэд Монгол Улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүнийг 25 хувийн хямдралтай үнээр худалдан авах хэлцэл хүчингүй болно. Тэгэхээр автобензиний үнэ зах зээлийн горимд шилжвэл бид өнөөдөр төлж байгаагаас хэд дахин илүү нугалж төлөхийг үгүйсгэх аргагүй.

Сануулбал, 2020 оныг дуустал шатахууны үнийг дуустал барьж, хүчээр шахуу хямд үнийн хязгаар тогтоосон. Төрөөс үнийг нэг түвшинд барих бодлого үргэлжилж байхад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 3.6 дахин буюу 240 орчим хувиар нэмэгдсэн. Улмаар энэ үнийн ачаалал, алдагдлыг цаашид импортлогчид нуруундаа даах аргагүй болсон тул зах зээлийн горимд шилжсэнээр бодит дарамт нь иргэдийн халаасанд тэмтрэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Монголчуудын хэрэглээний 80 гаруй хувийг эзэлдэг АИ-92 авто бензинийг шатахуун түгээх станцууд литр тутамдаа 2020 онд 1450 төгрөгөөр борлуулж байв. Тэгвэл шатахууны үнийг чөлөөлснөөр 2021 оны долдугаар сараас эхлэн нэмэгдсээр өнөөдөр литр тутамдаа 2390 төгрөг байгаа юм.

Өнгөрсөн оноос эхлэн шатахууны үнэ дунджаар 7-20 хувь нэмэгдсэн гэх статистик ч бий. Төрөөс аливаа асуудлыг хүчээр тогтоож барих гэсэн захиргаадалтын арга хэмжээг авах тусам зах зээлийн зарчим алдагдаж, эрсдэлийг нь иргэд үүрдгийг мэргэжилтнүүд хатуу шүүмжилдэг.

Тэдний төлөөлөл эдийн засагч Ч.Отгочулуу "Засгийн газар өөртөө асар их хяналтыг авсан гэж хэлж болно. Төсвийн зардлыг хумихгүйгээр үнэ тогтворжуулах арга хэмжээ авч, хууль батлаад үр дүнд хүрэхгүй. Хэт үрэлгэн төсөв инфляцийн үндсэн шалтгаан болоод байна" гэсэн байр суурь илэрхийлж байв.  Энэ утгаараа УИХ-аас баталсан Үнэ тогтворжуулах буюу Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл нь хэрэгжихдээ захиргаадалтын шинжтэй байх ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж