Дархан аваргын зангараг хаа холдох вэ дээ

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Дархан аваргын зангараг хаа холдох вэ дээ

Дархан аваргын зангараг хаа холдох вэ дээ

УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэрс тодорлоо. Өнгөрсөн шөнө Испанийн Мадрид хотын Сантъяго Бернабеу цэнгэлдэхэд Европын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн гайхамшигтай тоглолт боллоо.


РЕАЛ МАДРИД 3 – 1 МАНЧЕСТЕР СИТИ

Нийлбэр дүн: 6 – 5

Эхний тоглолт Английн Манчестер хотод болоход талбайн эзэд 4-3 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Гэхдээ энэ нь финалд хүргэх баттай үр дүн биш гэдгийг Пепийн залуус мэдэж байлаа. Энэ ч утгаараа урд шөнө өөрсдийн үзүүлдэг довтолгооны хөлбөмбөгөө үзүүлж, Реалд дарамт учруулж байв. Эхний үе 0-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үеийн 73 дахь минутад Рияд Махрез гоол оруулж, “Хотынхон” тэргүүлж эхэлсэн. Нийлбэр дүн 5-3 болж, Реал Мадрид нуман тулгуурт орсон.

Тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө нэг минутын өмнө Манчестер Сити финалд шалгарах магадлал 99 хувь, Реал Мадридынх 1 хувь байв.

90 дэх минутаас эхлэн үлгэр биеллээ олсон. Эхлээд Бенземагийн дамжуулалтаар Бразил залуу авьяастан Родриго гоолдож, хонгилын үзүүрт гэрэл асаасан. Шүүгч нэмэлтээр зургаан минутыг сунгаад удаагүй байхад Родриго дахин гоолдож, Сантьяго Бернабеу нурах шиг болсон.

Родриго өмнөх шатанд Челсигийн эсрэг тэнцээний чухал гоол оруулсан билээ.

Манчестер Ситигийн жил дараалан финалд хүрэх хүсэл ердөө хоёрхон минутын дотор нурж, Мадрид нэг хувийн боломжоос гайхалтай эргэн ирэлтыг хийлээ. Ийнхүү нийлбэр дүн 5-5 болж, нэмэлт цаг гарсан. Нэгэнт сэргэлт авсан талбайн эздийн довтолгоо нэмэлт цаг эхлээд л үр дүнд хүрч, Бензема багтаа торгуулийн цохилт авчирсан. Үүнийгээ өөрөө ч амжилттай гүйцэтгэж, баг нь хүчирхэг өрсөлдөгчөө талбай дээрээ буулган авав.

Тоглолтын дараа Реал Мадридын дасгалжуулагч Карло Анчелотти “Энэ клубын түүх биднийг хүнд байдлаас гарахад тусалдаг. Тоглолт бидний хувьд дуусахад үнэхээр ойрхон байлаа. Гэвч бид эцсийн хүчээ шавхан учрыг нь оллоо. Финалд шалгарсандаа баяртай байна. Парист мөн л гайхалтай багийн эсрэг тоглоно. Бид өмнө нь учраа таарч байсан. Хөлбөмбөгийн түүхэн дэх гайхалтай тоглолт болно” гэжээ.

Харин Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиола “Бид финалд шалгарахад ойрхон байсан ч төгслөө хийж чадсангүй. Эхний хагаст бид сайн байгаагүй. Гэхдээ тийм ч их хохирол амсаагүй. Завсарлагааны дараа бид хэмнэлээ олсон. Гэхдээ л хамгийн сайнаараа тоглож чадсангүй. Хөлбөмбөг бол тааварлашгүй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг ухаарах цаг бидэнд хэрэгтэй” гэжээ.

УЕФА Аваргуудын лигийн 13 удаагийн дархан аварга Реал Мадрид клуб дахин нэг удаа финалд шалгарлаа. Тэдний эсрэг Английн Ливерпүүл тулах болно.

Энэ улирал Реалын Франц довтлогч Карим Бензема гайхалтай формоо хадгалж байна. Тэрбээр одоогоор 43 тоглолтод 43 гоол оруулснаас энэ улирлын хасагдах шатанд ПСЖ, Челси, Манчестер Сити зэрэг томчуудын хаалганд гоол оруулж, багтаа тус хүргээд буй. Хэрэв Реал Мадрид энэ жил дэлдэн чихтийг өргөж чадвал Бензема алтан бөмбөгийн эзнээр тодорч болох юм. Эс бөгөөс Ливерпүүлийн Садио Мане хүртэх магадлалтай.

Роналдогийн сүүдэрт олон жил дарагдаж, үргэлж хоёрдогч гол дүр байсан Бензема Португаль эрийг явснаас хойш багийнхаа төдийгүй Ла лигийн нүүр царай болон гялалзаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж