ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд “цэргийн тусгай ажиллагаа” нэрийн дор Украинд дайн эхлүүлсэн. Тэгвэл энэ өдөр ерөнхийлөгч Владимир Путин тус улсын чинээлэг бизнесменүүдийг Кремльд хүлээн авч уулзжээ. Тэрбээр тэрбумтан, олигархиудыг хүлээн авч уулзаад, Украинд дайн хийх зайлшгүй шалтгаанаа тайлбарлан, АНУ, Европын холбооноос Москвагийн эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээнүүд авч магадгүйг хэлсэн байна.
Путины уулзалтад 37 бизнесмен оролцсоны 14 нь газрын тос, байгалийн хий, банк санхүү, химийн үйдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын тэрбумтан эзэд байв.
“Washington Post”, “Pandora Papers”, “Paradise Papers” зэрэг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн цуглуулсан мэдээлэл, баримт бичгээс харвал Путины хүлээн авч уулзсан хүмүүсийн тал нь оффшор компанитай, олон сая ам.долларын гүйлгээ хийдэг, санхүүгийн хөрөнгө оруулалт хийж, зээл гаргах, гэр бүлийн итгэлцлийн данс үүсгэх зэрэг үүрэг рольтой байдаг аж.
Оролцогчдын дунд АНУ-д 230 шатахуун түгээх газартай “Lukoil” компанийн ерөнхийлөгч асан Вагит Алекперов байв. Их хэмжээний оффшор хөрөнгөтэй тэрбээр Их Британийн засгийн газрын хар жагаалтад багтсаныхаа дараа албан тушаалаасаа огцорчээ.
Оросын гурав дахь том банк болох Газпромбанкны захирал Андрей Акимов нь Их Британийн Виржин аралд найман компани байгуулж, эзэмшдэг ба тэдний нэг 360 сая ам.долларын хөрөнгөтэй гэж бүртгэгджээ.
Тус улсын хамгийн том банк болох Сбербанкны захирал Херман Греф оффшорт 54 сая ам.долларын хөрөнгөтэй.
Тэгвэл энэ уулзалтын дараа 21 тэрбумтан, бизнесмен гэр бүлийн хамт гадагшаа дүрвэсэн байна. Тэд ихэвчлэн татварын нөхцөл таатай, санхүүгийн нууцлал сайтай Их Британийн Виржин арлууд, Кипр зэрэг бусад арлууд руу явсан аж. ОХУ-ын нэг их наяд ам.долларын хөрөнгө оффшор бүсэд байдаг гэсэн тооцоог эдийн засгийн судалгааны байгууллагаас гаргажээ.
ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST
Холбоотой мэдээ