Европын комисс ОХУ-ын эсрэг зургаа дахь багц хориг арга хэмжээгээ авахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Европын холбооны орнууд ОХУ-аас газрын тос авахыг үе шаттайгаар зогсоож, “Сбербанк” зэрэг Оросын дахин гурван банкийг SWIFT банк хоорондын төлбөрийн системээс гаргах санал гаргасан байна.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өнгөрсөн Лхагва гаригт Страсбургт болсон Европын парламентын хуралдаан дээр үг хэлэв. Тэрбээр ОХУ-ын төрийн мэдлийн гурван теле сувгийг Европын холбооны орнуудад гаргахгүй байх тухай мэдэгдээд, өөрийн твиттер хуудастаа ч энэ талаараа жиргэжээ.
Европын комисс Европын холбооны 27 орны байнгын төлөөлөгчдөд өнгөрсөн Лхагва гаригт ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай саналаа хүргүүлсэн бөгөөд санал зөрөлдөхгүй бол энэ долоо хоногийн сүүлээр шийдвэрээ эцэслэх аж.
Урсула фон дер Лейен твиттертээ "Бид Оросоос газрын тос импортлохыг хориглохыг санал болгож байна. Бид цаг нь болохоор Оросоос газрын тос авахаа зогсооно" гэж жиргэжээ.
Дипломат эх сурвалж болон Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, Европын комисс Европын холбооны орнуудад зургаан сарын дотор Оросын түүхий газрын тосны импортоос, 2023 онд Оросын газрын тосны бүтээгдэхүүний импортоос татгалзах санал тавьсан байна.
Нэмж дурдахад, Европын комисс Унгар, Словак улсуудад 2023 оныг дуустал одоогийн гэрээгээр Оросын газрын тосыг худалдан авахыг зөвшөөрчээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ