Хаврын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан эхэллээ.
11 : 44
2022-5-5
“Цахим мөрийтэй тоглоом, тролл хуудсыг цаашид хуульчилна”
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр "Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжих хугацаанд эрх бүхий байгууллага албан тушаалтнаас 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл оногдуулжээ. Үүнээс 97 хувийг иргэнд, гурван хувийг хуулийн этгээдэд оногдуулсан байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдэх нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэжээ. Тус хугацаанд цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 7.3 сая орчим зөрчил бүртгэгджээ. Дунджаар нэг жилд 1.9 сая зөрчил бүртгэгддэг байна. Түүнчлэн нийт зөрчлийн 93 хувийгЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бөгөөд, танхайрах, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Худалдаа үйлчилгээний журам зөрчих зөрчлүүд жин дарж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сануулах гэдэг шийтгэл шинээр орж ирж байна. Зарчмын хувьд зөв байж болно. Гэхдээ зарим төрлийн зөрчилд сануулах нь үр дүнгүй. Тухайн буруутай үйлдлийг өөгшүүлэх арга хэмжээ болох вий. Хүний эрх, хүчирхийлэл, садар самуун гэдэг юм уу энэ төрлийн зөрчилд сануулж болохгүй. Уг хуулийн төслийн 5.6-т “Хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд сануулах арга хэмжээ авахаар орж ирж байна, 5.12-т Хүчирхийлэл, садар самуун гэмт хэргийг сурталчилсан гэмт хэрэг, түүний ул мөрийг нуун дарагдуулах арга хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн гэмт хэрэг, зөрчил үйлдэх агуулгатай мэдээллийг нэвтрүүлсэн бол сануулах” арга хэмжээ авна гэсэн байна. Хүчирхийлэл, садар самуун аллагыг сурталчилж буй буйд сануулах нь үр дүнгүй. Дээрх зөрчилд торгох, баривчлах, эрх хасах нь зүйтэй.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Шинэчилсэн найруулга байдлаар орж ирж буй хуулийн төсөлд үзэл баримтлалыг гурван хэлэлцүүлгийн шатанд өөрчилж нэмж, хасах эрх нь гишүүдэд бий. Зөрчлийн тухай хууль гэдэг бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр “Төрийн ямбаны хувцас дотор хатуу иртэй сэлэм ч бий. Сүүн цагаан сэтгэл мөн цуг хадгалагдах ёстой”. Хатууд хатуу, зөвд зөөлөн хандаж байж гэмт үйлдэлтэй тэмцэх төрийн бодлого хэрэгжих учиртай. Таван жилийн хугацаанд энэ хуулийг надтай холбогдуулж байгаа. Гэхдээ би үзэл бодол, төрийн гэмт хэргийн бодлого, ялын бодлого зөрчлийн эрх зүйн эсрэг тэмцэл бодлогоос нэг ч алхам ухраагүй. Сануулах арга хэмжээг оруулж ирж буй үндсэн агуулга нь Монгол Улсад хариуцлагын нэгдсэн тогтолцооны бүтцийг өөрчилье. Төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн.
УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:
-Цахим орчинд хэн нэгний нэр дүрээр, нэгнийхээ нэр хүнд рүү дайраад сүүлдээ улс төрийн шинжтэй үйлдлийг хийж, түүнд нь төр засгийн шийдвэр хөтлөгддөг байдал руу орох нь ээ. Европын орнууд дэлхийд хөгжиж буй орнууд сошиал орчны хэрэглээг бодит хүнээр нь хэрэглэх шийдэл рүү явцгааж байна. Энэ талаар Зөрчлийн хуульд ямар зохицуулалт орж ирж байна вэ. Няцаах эрхийн талаар орж ирж байгаа юу. Ардчилал, хүний эрх, хэвлэн нийтлэх эрх оролцогч талуудын зөв оролцоонд суурилж байж хийнэ.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:
-Цахим орчинд гүтгэх, доромжлох асуудал уг хуулиар зохицуулахаар орж ирээгүй. Мэдээлэл өгөхөд Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Эрүүгийн хуульд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудал орж ирж байгаа. Нэр бүхий гишүүдээс гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд яваа гэж ойлгож байгаа. Гүтгэх худал мэдээлэл тараах асуудлын цаана нэр хаягаа нуусан этгээд цахим хэрэгслийг ашиглаж үйлддэг зүйл бий. Үүнийг иргэний журмаар шийдвэрлэхэд нэрээ нуусан хүнийг олоход хэцүү байна. Фэйсбүүк сошиал орчинд дэлхийн улс орнууд эрх зүйн орчноо гаргавал бид тодорхой хэмжээгээр үйл ажиллагаагаа уялдуулж болно.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиа цаашдаа сайжруулахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө өнөөдөр 22 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Сэтгүүлчид юу гэж хариулж байна вэ гэхээр хууль эрх зүйн орчин хангалттай бус байгаа улмаас хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэдэг зүйлийг нийт судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 64 хувь нь хариулсан байна лээ.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-Сануулах шийтгэлийг зарчмын хувьд дэмжиж байна. Ял наймаалахыг Зөрчлийн хуульд дахин оруулж ирж байна. Ямар учиртай вэ. Эрүүгийн хуулиас хасчхаад Зөрчлийн хуульд оруулж ирж байгаа нь ойлгомжгүй байна.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Гэр бүлийн хүчирхийлэл их гарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг яагаад оруулж ирэхгүй байгааг иргэд асууж байна. Энд бичсэнээр хүүхдийн хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй хэмжээнд торгоно гэжээ. Хуульд заасан тэтгэмжээ хугацаандаа өгөхгүй бол хатуу хариуцлагыг оногдуулах хэрэгтэй. Гэр бүл салалт эмзэг сэдэв болж байна. Тиймээс гэр бүлийн хуулиа Засгийн газар оруулж ирэхийг олон нийт шаардаж байна. Уг хууль хэзээ орж ирэх вэ.
УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:
-Цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байна. Үүний цаана амиа хорлолт, гэр бүлийн хүчирхийлэл гарч байна. Цаашид ямар зохион байгуулалт хийх вэ. Хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж нь ямар байна вэ?
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Цахим мөрийтэй тоглоомын асуудал манай яамны толгойн өвчин болсон. Жилд ойролцоогоор мөрийтэй тоглоомтой холбоотой гадагшаа гарч буй 100 орчим тэрбум төгрөг эргэлдэж байна. Кибер цагдаагийн албанаас гадна талаас нэвтрэлт хийдэг сайтыг Монголын талаас хаалгасан. Хаалгангуут цахим орчин хил хязгааргүй юм байна. Монгол арилжааны банкуудыг тухайн дансаар гүйлгээ хийлгэхгүй байх зохицуулалтыг хийж өгсөн. Харамсалтай нь агент гэх тусдаа албан тушаал гарч ирсэн.
УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН:
-Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Төслийн 5.4-т хүний эрүүл мэндэд хохирол учруулалгүйгээр халдсан бол сануулах, эсвэл 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалт орж ирж байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваа эрүүл мэнд, үйлчилгээ, онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан зэрэг ажил үүргээ гүйцэтгэж явахад зарим нэг иргэд халдах тохиолдол байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт эмнэлгийн ажлаа хийж байхад нь ийм явдал тохиолддог. Үүнийг сануулаад орхино гэдэг буруу. Хуулийг дэмжээд хэлэлцэх явцад 5.4.2 дах хэсэгт нэмэлтээр “ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүний биед халдсан бол” гэдэг агуулгыг нэмж оруулах саналтай байна.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Иргэд Зөрчлийн тухай хуулийн талаар сөрөг мэдээлэлтэй байна. Иргэдэд ирж буй дарамт их байна гэж бухимдаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийт 6.6 сая зөрчил бүртгэгдсэн байна. Энэ дээр онцгой анхаарч тусад нь шийдчихвэл яасан юм бэ. Ямар хүмүүс нь торгууль хүлээгээд ямар нь хүлээхгүй байна вэ. Иргэд сүүлийн үед бухимдалтай байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгааг ярьж байна. Зөрчлийн хуулийг зөөлрүүлж байгааг дэмжиж байгаа. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарыг камераар хянаж чадаж байна уу.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Хотын дарга нэгдүгээр эгнээний камер ажилладаггүй талаар хэлсэн. Түүнийг би техникийн хувьд шалгаагүй. Камерын ашиглалтын зардал улсад байдаггүй. Арга буюу торгуулийн орлогын тодорхой хувийг камерын ашиглалтад зарцуулдаг. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Уг хууль батлагдсанаар тухай аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал торгуулийн орлогыг камер ашиглалтад зарцуулдаг журмыг оруулж ирж байна. Ингэснээр зөрчлийг бүрэн хянах боломж бүрдэнэ.
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
-Иргэдийн дунд нэг төрлийн зөрчил дээр хариуцлага тооцдог асуудлыг ярьдаг. Эрхийг нь хасч, машиныг журамлаж, баривчилдаг, торгодог гэх мэт. Энэ асуудалд өөрчлөлт орж байгаа юу. Та бүхэнтэй санал нийлэхгүй нэг асуудал бий. Есдүгээр зүйлд “торгох шийтгэлийг хугацаанд нь төлөөгүй, биелүүлээгүй тохиолдолд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлах үндэслэл болно” гэж заажээ. Ийм байж болохгүй. Үндсэн хуулиар төрөөс үйлчилгээ авах эрхийг нь торгох шийтгэлийг хугацаанд нь төлөөгүй байна гэж хязгаарлаж болохгүй.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Торгуулиа төлөхгүй бол дараах төрлийн үйл ажиллагаа хязгаарлагдана. Нэгдүгээрт, жолооны үнэмлэх нөхөж авах, сунгахыг хязгаарлана. Хоёрдугаарт, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана. Гуравдугаарт, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмын хүрээнд явж байгаа. Зарим хэсэг нь эрх зүйн зөрчил гаргаад торгууль шийтгэлээ төлдөг, зарим нь 20, 30 жилээр төлддөгүй байж болохгүй.
10 : 36
2022-5-5
“Монгол жолооч нар Европын орнууд руу тээвэрлэлт хийнэ”
“Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Хуулийн төслийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулж, “Монгол Улс 1993 оноос эхлэн авто тээврийн гадаад харилцааг өргөжүүлэн өнөөдрийн байдлаар олон улсын долоон гэрээг батлаж, Засгийн газар хоорондын хэлэлцээг 12 улстай байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын эрх зүйн орчныг сайжруулах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, авто тээврийн салбарын гадаад харилцааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг мөрдүүлэхийн тулд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, тээвэрчид, аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох олон улсын байгууллагад зөвлөмж болгосон гэрээ хэлэлцээрт нэгдэн орох чиглэлээр анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төсөл боловсруулсныг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсны дагуу УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 4-ны хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэн болно. Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэн орсноор тээвэрчдийн ажил амралтын дэглэм мөрдөгдөх, хөдөлмөрийн нөхцөл шаардлагыг хангах, тээврийн аюулгүй байдлыг хангах өөрийн улс болон замын хөдөлгөөний осол зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх агуулгатай.
УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:
-Цар тахлын улмаас дэлхий нийтэд тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй болсон. Үүнээс болоод импорт болон экспорт хязгаарлалтад орлоо. Уг хэлэлцээрт нэгдэж орсноор европын улсуудаас ирэх ачаа тээвэрт ямар давуу тал, хөнгөлөлт гарах вэ. Хоёрдугаарт, Монголын тээвэрчдэд ямар давуу тал олдох вэ.
Зам тээврийн сайд Л.ХАЛТАР:
-Европт үүссэн нөхцөл байдлаас үүдээд Европын холбоо ОХУ болон Беларусийн авто тээврийн хэрэгсэлд хориг тавьсан. Сөргүүлээд Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд тээвэр хийхэд хүндрэл гарах нөхцөл байдал үүсч байна. Энэ үед монгол жолооч нар хэлэлцээрт нэгдэн орсноор Европын руу цаашдаа Европоос Монгол руу тээвэр хийх боломж бүрдэнэ. Хэлэлцээрт орсноор тээвэрчид Европ руу тээвэр хийх чөлөөтэй болно. Одоо ОХУ-ын картуудыг ашигладаг. Энэ бол амь аргацаасан зүйл.
УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:
-Олон улсын гэрээнд нэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу гэдэг нь эхний асуудал. Нөгөө л Дарханы зам. Гол магистраль замаа дөрвөн жил самарчхаад сууж байна. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуулт байна. Уншиж танилцуулахад, Дарханы авто замын эдврэл гэмтэлтэй холбогдуулан иргэд албан байгууллагад учирч буй хохирлыг хэн хариуцах юм. Хохирлын үндсийг тавьсан анхны үнэлгээний хороо, тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийж буй төслийн хоёр, дөрөвдүгээр багцыг Хятадын бүтэлгүй компанид хамгийн эхэлж өгсөн үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуул гэдэг хүсэлтийг Л.Халтар сайдад гурван удаа тавьсан. Та гурван удаа татгалзсан.
Зам тээврийн сайд Л.ХАЛТАР:
-Г.Дамдинням гишүүнээс хүсэлт ирсэн. Цаад утгаараа ЗТХЯ, Азийн Хөгжлийн банкийг шалгуулахтай агаар нэг болчхоод байна. Тиймээс би танд хүсэлт тавьсан. УИХ-д байгуулсан ажлын хэсгийн зүгээс ЗТХЯ, Азийн хөгжлийн банкийг АТГ-д өгчхөөч ээ. Тэрнээс биш олон жил ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банктай хамтраад шалгаруулсан тендерийг буцаагаад шалгуулах нь ёс зүйн хувьд таатай биш. Цаашдаа Азийн хөгжлийн банк Монгол Улсын зам тээврийн салбартай хамтраад ажиллаад явах байх. Тэр утгаараа яам Азийн хөгжлийн банкийг АТГ-д шалгуулах нь ёс зүйн хувьд учир дутагдалтай. Дарханы замын асуудалд Тээврийн цагдаатай ярьж байгаад ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Гүйцэтгэгч нарт нэг л зүйлийг тавьж буй. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын асуудлаас болж иргэний амь нас, эд материалын хохирол, эрүүл мэндийн хохирвол гүйцэтгэгч компани хариуцна. Олон улсын гэрээнд уг заалт бий. Мөн ЗТХЯ-ны байгуулсан гэрээнд уг заалт орсон. Тиймээс Дарханы хоёр, дөрөвдүгээр зам дээр техникийн бүрэн бүтэн байдлаас бус, замын улмаас хохирол үүсвэл Тээврийн цагдаагаар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэх бүрэн үндэслэлтэй.
УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:
-Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллаж буй замчид сайн ажиллаж байгаа. Менежментийн алдаа бий. Та энэний цаана нуугдахгүй. Тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал Зам тээврийн сайдын тушаалаар бий болсон уу эсвэл Азийн хөгжлийн банкны шийдвэрээр бий болсон уу. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үүрэг Засгийн газар, ялангуяа Л.Халтар сайд танд байгаа. Мундаг ёс зүйтэй хүний дүрд ороод хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй гэдэг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаад байна. Л.Халтар та АТГ-д шалгуулсан нь дээр байх.
Зам тээврийн сайд Л.ХАЛТАР: -Зам тээврийн сайдын тушаалаар үнэлгээний хороо байгуулагддаг. Материалаа Азийн хөгжлийн банктай зөвшилцөж зөвшөөрлийг авсны үндсэн дээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх нээгддэг. Тиймээс Азийн хөгжлийн банк, ЗТХЯ хамтарч ажилладаг гэсэн үг. Би ёс зүй баримталж яваа хүн шүү. Тиймээс хамтарч ажиллаж буй олон улсын байгууллагыг хэзээ ч шалгуулна гэж явахгүй. Энэ журмын дагуу явсан. Алдаа нь хямд үнэтэйг нь сонгосны алдаа гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тэр үедээ тендерийн хууль, Азийн хөгжлийн банкны дотоод журмаар ч тэр шалгаруулсан. Яг ажлын явцад шахаад ирэхээр гүйцэтгэгч өөрөө татгалзмагц бид гэрээг цуцалсан. Тиймээс та уг асуудлыг АТГ-д өгөөрэй.
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Дарханы зам яах вэ цаг хугацаа алдсан нь үнэн. Гэхдээ өөрөө өөрсдийгөө хянана гэж юу байх вэ. Хөндлөнгийн хяналтын байгууллагаар хянах асуудлаа ярихгүй юу даа. Уг хэлэлцээр маш чухал. Энэ хэлэлцээрт орсноор авто тээврийн баг буюу жолооч нарыг хянах, ажил амралтыг зохицуулах гэх мэт зохицуулалтад орж байж үүний цаана осол авааргүй тээвэрлэлт хийх асуудал ярьж байна. Зөвхөн хил давснаар тээвэрлэлт хийнэ гээд зохицуулаад яваад байх юм уу. Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл 1600 км давхихдаа өдөр шөнөгүй нүдээ улайтлаа явдаг. Дотоодоо яах юм бэ.
08 : 57
2022-5-5
Чуулганаар тендерийн хуулийг хэлэлцэнэ
Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт /2022.05.02-2022.05.06/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Холбоотой мэдээ