"С.Ганбаатар камерийн урд ба ард хоёр нүүр гаргадаг”

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

"С.Ганбаатар камерийн урд ба ард хоёр нүүр гаргадаг”

"С.Ганбаатар камерийн урд ба ард хоёр нүүр гаргадаг”

УИХ-ын гишүүн Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Хөдөлмөрийн үндэсний нам гэх нэрээ өөрчилж, ХҮН болгосноо танай нам зарласан. Мөн баруун төвийн үзэл баримтлал руу шилжсэн гэлээ. Яагаад нэрээ, үзэл баримтлалаа солихоор болов?

-Баруун төвийн буюу хүний эрх эрх чөлөө, бизнес хийх эрх чөлөө ардчиллыг бэхжүүлэх шударга ёсыг тогтоох, иргэд рүү хандсан, эдийн засгийн бодлогын асуудлыг өмнө тавьсан улс төрийн хүчин боллоо. ХҮН  намын шат шатны байгууллагын хурал болсон. Сарын хугацаанд намын гишүүдээс цахимаар санал авч, зарим нь  биечлэн уулзсан.

Үр дүнд нь аливаа улс төрийн хүчний хувьд ардчилсан зарчмаар намын гишүүдээс ирсэн саналын дагуу бид том төрийг биш, жижиг эдийн засгаа дэмжсэн, бизнесүүдэд ээлтэй бодлого явуулсан дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, иргэдийн бодит орлогыг өсгөх бодлого маш чухал байна.

-Баруун төвийн нам болж хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг хамгаална гэлээ. Гэхдээ итгэл үнэмшил муутай сонсогдож байна. Магадгүй АН-ын алдсан орон зайг нөхөх гэсэн арга заль байж болох уу?

-Үзэл баримтлалаа өөрчилж буй шалтгаан нь өнөөдрийн нийгэмд том төрийг хязгаарлах улс төрийн хүчин байхгүй болсон байна. Өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд бизнесийг дэмжсэн, барууны гэж яриад буй бодлого үзэл санаанд хатуу зогсдог нам байхгүй байна. Байгаа намууд халамжаар өрсөлдөж, зүүний бодлого явуулаад байгаа. Үр дүнд нь төр томорч авлига өсч байна.

Нэг жишээ хэлэхэд, 30 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 15 дахин өссөн бол Монгол Улсын төрийн алба 55 хувиар томорсон.  Төрийн нөлөөлөл томроод байвал бид 30 жилийн өмнөх  шиг том төртэй, төр гэдэг ганц ажил олгогчтой, ардчилал, эрх чөлөөгүй нийгэм рүү буцаад шилжиж магадгүй.

Тэгэхээр хүчний тэнцвэрийг хангах, иргэдийнхээ төлөө, бизнесээ дэмжсэн улс төрийн хүчин байх нь зүйтэй гэсэн саналыг олон хүн гаргасан. Хурлын үеэр маш олон санал гарсан. Үзэл санааны баримтлалаа ч бүгдээрээ хэлэлцсэн. Үр дүнд нь гишүүдийн дийлэнхийн саналаар уг шийдвэрийг гаргасан. Тиймээс үзэл санаан дээрээ нэгдэж шууд ажилдаа ороод явж байна.

-Танай нам өнөөдөр "Өөрсдөө хэмнэ, үгүй бол тар" гэдэг жагсаалыг зохион байгуулахаа зарласан. Хэр үр дүнтэй жагсаал болно гэж харж байна. Жишээ нь, хамгийн сүүлд залуус Засгийн газраас ажлаа хийхийг шаардсан. Харамсалтай нь, үр дүн муутай, УИХ-ын гишүүд лав төсвөө, тойргийн мөнгөө олигтой танасангүй?

-Нэгдүгээрт, залуусын жагсаал бодитой, хүчтэй байсан. Залуус, иргэд хариуцлага нэхэж байхад парламент дорвитой өөрчлөлтийг хийх байх гэсэн хүлээлттэй байлаа. Тухайлбал, төрийг жижиглэж, данхайсан том зардлыг хэмнэхийг шаардсан. Харамсалтай нь, УИХ-ын чуулганы хуралдаан дээр тийм зүйл болоогүй. Эсрэгээрээ төсвөө тодотгоё гэж байхад гишүүд тойрог дээрээ төсвөө нэмэх боломжийг хайсан.

Тийм болохоор УИХ-ын чуулганы хуралдааныг орхисон. Залуусын итгэл найдварыг бид үл тоож болохгүй. УИХ-ын гишүүний хувьд хариуцлагатай байх ёстой гэж үзээд залуусынхаа тэмцлийг үргэлжлүүлж “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн агуулгаар жагсаал хийх гэж байна.

Гол зорилго нь тогтолцооны өөрчлөлтийг хийх шаардлагыг тавина. Үндсэн хууль, УИХ яаралтай өөрчлөлтөө хийж дутуу орхисон тогтолцооны зөв заалтуудыг нэмж оруулах хэрэгтэй. Иргэдийн бодит орлогыг дэмжиж, хулгайтай тэмцдэг тогтолцоог бий болгож, Монгол Улсын аюулгүй байдлыг илүү бодитоор хангадаг бодлого явуулахыг шаардаж байгаа. Шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ завсарлуулъя, бүх гишүүдийг өөрсдийн тойрогтоо очиж иргэддээ асуудлаа танилцуул, ярь гэсэн шаардлага хүргүүлж хэлэлцүүлгийн ширээнд сууна.

-УИХ-ын танхимаас танал, шударга ёсыг эхлүүлэх ёстой байлаа. Гэтэл танай парламент УЕП-оос оруулж ирсэн нэр бүхийг гишүүдийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авсангүй. Парламент шударга ёсыг тогтоож чадахгүй юм байна гэсэн ойлголттой болчихлоо?

-Өнөөдөр дөрвөн гишүүний асуудал гарч ирж байна. Цаад талд нь 20-иод улстөрчийн асуудал хууль хяналтын байгууллагад бий. Зөвхөн эхний дөрвийг оруулж ирж байгаа. УИХ шийдвэр гаргахдаа дөрвөн гишүүнийг өмгөөлж, авч үлдэж байгаа нь буруу. Авлигыг дэмжсэн, хамгаалсан парламент болчхоод байна. Үүнийг нээлттэй хэлэлцүүл. Зарим хуульч гишүүд дотор ороод сонссон байна лээ. Ямар ч иргэдээс нуух шаардлагагүй мэдээлэл байна гэсэн. Хуралдааныг нээлттэй хийгээч ээ гэсэн. Түүнийг зуун хувь дэмжиж байгаа.

Хэн нэгнийг яллах гэж буй биш, гэхдээ ядаж үүнийг иргэддээ ойлгуулаад иргэдийн нүдэн дээр асуудлаа ярьдаг байх нь зүйтэй. Тиймээс УИХ-д энэ дөрвөн гишүүний асуудлыг дахин оруулж ирвэл нээлттэй, ил тодоор парламент ярилц гэдэг шаардлага тавьж байна.

-С.Ганбаатар гишүүн тэднийг хамгаалж үлдэхэд хүчин зүтгэсэн гэж та нэгэнтээ мэдэгдсэн. Ганц С.Ганбаатарыг онцлож, дурддаг нь яаж байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрх барьж буй намын асуудал орж ирж байхад хамгаалаад явж байгаа нь ямар учиртай юм бэ. Очиж очиж, С.Ганбаатар байх даа яахав дээ гэж гайхсан. Хариулт маш тодорхой байлаа. Хуулийн байгууллагаас шалгах 20 хүний араас С.Ганбаатар өөрийгөө орж ирнэ гэдгээ тооцоолсон. Тэрбээр камергүй хаалттай хуралдаанд МАН, АН-ын нөхдийг хамгаалж үлдэх нь зарчмын хувьд буруу. Тиймээс камерыг нь нээгээд өгчихье. С.Ганбаатар гишүүн олон жил шударга ёс тогтооё гэж шүүмжилж ирчхээд камерын ард “Би та нарт хайртай шүү, энэ буруу, үндэслэлгүй хуулийн байгууллага оруулж ирж байна” гэж байна.

Камерийн урд болохоор “Ард түмэндээ хайртай” гэдэг мөртлөө ард нь өөр зүйл ярьдаг, зарчимгүй байдал үүсгэж байгаад эгдүүцэж байна. Тиймээс С.Ганбаатар гишүүн байр сууриа тодорхой хэл. Цаашаа бүгдээрээ иргэдийн өмнө, хэн худлаа яриад байгаа юм, хэн зарчмаа яриад байдаг юм бэ гэдгийг  иргэдэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж