Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Путины "залгамжлагч"

Путин хорт хавдрын хагалгаанд орох гэж байгаа тул өөрийн баруун гар болох Николай Патрушевт эрх мэдлээ шилжүүлнэ гэх мэдээлэл гараад удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ мэдээллийг Москвагийн албаны хүн гаргасан тул бараг баттай гэж хэлж болно. Угтаа бол Үндсэн хуулийн дагуу эрх мэдлийг ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустинд олгох боловч тэрбээр Патрушевын дэргэд нэр хүнд багатай, цэргийн болон тусгай ажилтнуудтай холбоо сүлбээ бага юм. Тэгвэл "NEWS.MN" энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа Оросын шинэ удирдагч гэх нэрийг зүүгээд буй Николай Патрушевыг онцолж байна. Түүний амьдралыг замнал болоод улс төрд хэрхэн орсон талаар мэдээлэл хүргэе.


ХУВИЙН АМЬДРАЛ

Николай Платонович Патрушев нь 1951 оны долдугаар сарын 11-нд Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотод төржээ. Түүний гэр бүл хуучин Зөвлөлт жаягаар амьдардаг байв. Учир нь Патрушевын аав Платон Патрушев нь ЗХУ-ын Коммунист намын гишүүн байсан ба тэнгисийн цэргийн офицер байсан ажээ.

Николай нэг дүүтэй. Түүнийг Виктор Патрушев гэх ба одоо Мегафон үүрэн холбооны баруун хойд салбарын захиргааны орлогч дарга юм.

Николай 1974 онд Ленинградын Усан онгоцны дээд сургуулийг амжилттай төгссөн. Мөн төгссөн жилээсээ эхэлж тус хүрээлэнгийн усан онгоцны дизайны инженерээр ажиллаж байсан боловч 1975 онд КГБ-д шалгалт өгч орсноор тус байгууллагын ажилтан болж чаджээ. Тэрбээр Минск болон Москва хотуудад КГБ-ын тусгай тагнуулын болон аюулгүй байдлын сургалтад сууж, тусгай мэдлэгээ олж авсан байна. Эцэст нь өөрийн хүчин чармайлтаараа ялгарч орон нутгийн КГБ-гын хууль бус наймаа, авлигатай тэмцэх хэлтсийн дарга болжээ.

Николай авааль эхнэр Елена Патрушеватай хэдэн онд гэрлэсэн талаарх тодорхой мэдээлэл байдаггүй ч тэд хоёр хүүтэй. Том хүү болох Дмитри нь ФСБ-ын академийг төгссөн ба банкир мэргэжилтэй. Тэрбээр 2006 онд төрийн банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, төрийн өмчит томоохон компаниудыг хариуцаж байсан. Дмитри 2010 оноос хойш Оросын Хөдөө аж ахуйн банкны даргаар ажиллаж байгаа бөгөөд хөрөнгийн хэмжээгээрээ ОХУ-д 4-т өрдөг тус банкны ТУЗ-ийн дарга юм.

Бага хүү Андрей нь 2006 онд ФСБ-г төгссөн, хуульч мэргэжилтэй. Тэрбээр “П” гэгдэх есдүгээр тэнхимд эцгийнхээ удирдлага дор Газпромын удирдлагуудын нэг байсан юм. Ер нь Николай болон түүний гэр бүл ОХУ-д өндөр албан тушаал хашдаг.  Эхнэр Елена нь 1993 онд хоёрдогч түүхий эд боловсруулдаг “Борг ХХК” компанийг үүсгэн байгуулж байжээ. Тэдний гэр бүлийн нийт хөрөнгийн хэмжээ нь 2009 онд мэдүүлснээр 13 сая 512 мянга 212 рубль гэж мэдүүлсэн.

КГБ БУЮУ ФСК-ЫН ЗАМНАЛ

ЗХУ задарсны дараа Николай аюулгүй байдлын албандаа ажилласаар байв. Тухайн үед КГБ байсан бол шинэ засаглалын дараа тус байгууллага нэрээ ФСК болсон байдаг. Тэрбээр 1992-1994 онд Бүгд Найрамдах карелийн аюулгүй байдлын сайдаар ажиллаж байсан. Гэхдээ 1994 онд Москвад ФСК-ын Дотоод аюулгүй байдлын газрын дарга болж иржээ. Москвад ирснээс жилийн дараа буюу 1995 оны зургадугаар сард ФСК-ын Зохион байгуулалт, хяналт шалгалтын хэлтсийн орлогч дарга болсон.

Тус албандаа гурван жил ажилласны дараа 1998 онд тавдугаар сараас найман сар хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газрын Хяналтын албаны дарга, наймаас аравдугаар сар хүртэл тус Хяналтын тамгын газрын дэд даргаар ажилласан байна. Мөн 1998 оны аравдугаар сараас эхлэн ФСК-ын дэд захирлаар ажиллаж, Эдийн засгийн аюулгүй байдлын газрын даргаар томилогдсон. Тун удалгүй 1999 оны дөрөвдүгээр сард Николай ФСК-ын нэгдүгээр орлогч даргаар томилогдсон бол эл оны наймдугаар сарын 4-нд Ерөнхийлөгч асан Борис Ельциний зарлигаар тус байгууллагын захирлаар томилогдож Владимир Путиныг залгамжилсан байдаг.

Тэр цагаас хойш одоогийн ерөнхийлөгч Владимир Путин болон Николай Патрушев нар харилцаа холбоогоо улам зузаатгасан гэх мэдээлэл бий.

Путин болон Николай нар улс төрийн хүрээнд хамтран ажилдаг томоохон жишээ бий. Тэр нь 2006 онд Их Британийн явуулсан мөрдлөгийн үеэр ил болсон гэж үздэг. Учир нь тухайн үед Александр Литвиненкогийн аллагыг ФСК-ын дарга Николай болон Ерөнхийлөгч Путин нар хамтран зохион байгуулж, зөвшөөрлийг олгосон гэдэг.

УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ БА ҮЗЭЛ БОДОЛ

Николай Патрушев 2008 оноос хойш ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр үндэсний аюулгүй байдлын талаар асуудлуудыг хөндөж, шийдвэр боловсруулдаг. Мөн ерөнхийлөгчийн зөвлөх тул бүхий л цагт Путины шийдвэрт оролцдог байна. Николайг Оросын гадаад бодлогын стратегид хэтэрхий их чухал анхаарлаа хандуулдаг гэж шүүмжилдэг. Учир нь 2016 оны аравдугаар сард Монтенегрод болсон төрийн эргэлт бүтэлгүйтсэний дараа Марк Галеотти зэрэг шинжээчид Николай бол Балканы асуудлын гол хүн гэж үзжээ. Анастасия Вашукевичийн “Instagram” хуудсанд нийтэлсэн нийтлэлээс үзэхэд 2018 оны хоёрдугаар сарын сүүлээр Тайланд руу аялсан Патрушев түүнийг баривчлагдахад оролцсон байна.

Николай 2021 оны тавдугаар сард нийтлэгдсэн Оросын үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратегийн гол удирдагч байсан. Үүнд Орос улс "ОХУ-ын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн найрсаг бус үйлдлийг таслан зогсоох буюу түүнээс сэргийлэхийн тулд "хүчний арга" хэрэглэж болно" гэж заасан байдаг.

Николай 2022 оны дөрөвдүгээр сард "Америкчууд Киевт өөрсдийн гар хөл бологсдоо ашиглан Оросыг дарах гэж манай улсын эсрэг үйлдэл хийж байна. Үүний тулд Украиныг элэглэн сонгож, үндсэндээ нэг ард түмнийг хагалан бутаргахыг оролдов. Барууны бодлого ба Киевийн дэглэм нь зөвхөн Украиныг хэд хэдэн муж болгон задлах явдал байж болно” гэж мэдэгдсэн юм.

Лондонгийн их сургуулийн Оросын улс төрийн дэд профессор Бен Нобль Николайг "Өрнөдийн орнууд Оросыг авах гэж олон жилийн турш хөөцөлдөж ирсэн гэж бодсон хамгийн харгис шонхор" гэж тодорхойлсон байна. Путины дэглэмийн шинжээч Кэтрин Белтон хэлэхдээ "Николай бол капитализмыг ашиглан барууныхны албан тушаалтнуудыг худалдаж авах, авлигад автуулах хэрэгсэл болгон ашиглах гол үзэл сурталч байсан юм. Мөн тэрбээр барууныхныг дайсагнагч мэтээр дүрсэлсэн нь лавтай. Баруун түүний Оросын дайсан бөгөөд ямар нэгэн байдлаар доройтсон, хуучирсан зүйл тул довтлох цаг нь болсон гэж үзсэн” гэв.

Крымийг ОХУ түрэмгийлсний дараа Николайг Европын холбоо хориг арга хэмжээ авах оросуудын жагсаалтад оруулжээ.

Эх сурвалж: Wikipedia, chironeck,Peskiadmin

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж