ОУВС: Монголын эдийн засагт бодит эрсдэлүүд нүүрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

ОУВС: Монголын эдийн засагт бодит эрсдэлүүд нүүрлэж эхэллээ

ОУВС: Монголын эдийн засагт бодит эрсдэлүүд нүүрлэж эхэллээ

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас өнөөдөр (2022.05.04)-ийг хүртэл манай улсад ажилласан. Улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгуулагуудтай уулзалт хийсэн байна.

Тодруулбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, "Эрдэнэс Монгол" зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна "Рио Тинто", Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзжээ.

Тус ажлын хэсэг Дэлхийн банкны хурлын танхимд Монголд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи хэлэхдээ “Өнгөрсөн жил Монголын эдийн засагт үнэлгээ хийхэд нэлээд тэлэлттэй, өндөр буюу 7 хувийн өсөлттэй гарч байсан. Тухайн үед бид Монголын эдийн засагт олон эрсдэл учирч болзошгүйг хэлж байсан.

Харамсалтай нь, өнөөдөр Монголын эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэллээ. Олон улсын эдийн засагт үүссэн "шок" Монгол Улсад нүүрлэж байна. Бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэг хувь болгон бууруулж байна.

Инфляцийн өсөлт өндөр хэвээр байхаар байна. Энэ нь олон улсын түвшинд явагдаж буй үнийн хөөрөгдөлтэй холбоотой. Өмнө нь бидний тооцоолж байсан эрсдэлүүдээс гадна огт тооцоолж байгаагүй эрсдэл гарч ирсэн нь Украины дайны асуудал.

Бид Орос, Украины дайн намжих байх, Хятадын Covid-ийн бодлого сайн хэрэгжинэ гэж бодож байгаа ч итгэлтэй байж чадахгүй байна. Эдгээр асуудлууд шийдвэрлэгдвэл ирэх жил Монгол Улсын эдийн засгийн өсөлт харьцангуй сайжирна гэж бид үзэж байна. Хэрвээ шийдэгдэхгүй бол сөрөг үр дагавар нь урт хугацаанд үргэлжлэхээр байна. Олон улсын нөхцөл байдал яаж ч эргэсэн монгол Улсын хувьд ирэх жил төдийлөн амар байхгүй нь тодорхой байна. Их хэмжээний өр төлбөрийг 2023 оноос төлж эхлэх хуваарьтай.

Бид Монголбанк болон бусад албаны хүмүүстэй энэхүү хүндрэлтэй байдал ард иргэдэд хүнд тусахгүй байх боломжийн талаар ярилцлаа. Ард иргэдэд учрах инфляцийн дарамт өндөр байна. Олон оронд ажилласан олон жилийн туршлагаас харахад инфляцийн дарамтад ядуу иргэд их өртдөг. Иргэдэд тулгарч буй энэ асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Гэхдээ яаж шийдвэрлэвэл үр дүн гарах вэ гэдэг асуудал тулгарч байна.

Төр засгаас ард иргэддээ илүү их дэмжлэг үзүүлэх байдлаар асуудалд хандвал дотоодын зах зээл дээр буй бараа, бүтээгдэхүүний үнийг улам бүр хөөрөгдөнө. Учир нь хил гааль хаалттай нөхцөлд бараа, бүтээгдэхүүний тасарч, байгаа хэдэн бараа, бүтээгдэхүүнийг иргэд худалдаж авъя гэхээр эргээд үнийн хөөрөгдөл эрчимжиж эхэлдэг.

Бид Монгол Улсын Засгийн газраас иргэдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлье гэж байгаа бол зорилтот бүлгүүдээ тодорхойлоод, тэдэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Түүнээс биш баян чинээлэг, дэмжлэг авах шаардлагагүй хүмүүст дэмжлэг үзүүлэх нь зохисгүй юм гэсэн зөвлөгөө өгсөн.

Татварын орлогоо сайжруулахын тулд ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусад улсад хүн амын орлогын албан татвар шаталсан байдаг. Чинээлэг иргэд нь 27 хувийн хүн амын орлогын татвар төлж байна. Орлогоос нь хамаараад өсгөх шаталбараар тогтоох хэрэгтэй. Үүнийг амжилттай хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэв.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг арга хэмжээг шуурхай авч, иргэдээ хамгаалах ажлыг сайтар зохион байгуулсныг онцолсон юм.

Банкуудын IPO хийх талаар Монголбанктай хэрхэн тохиролцсон талаарх асуултад "ОУВС-гаас арилжааны банкуудын хувьчлалын хугацааг хойшлуулах санал тавьж, эдийн засаг хэвийн болтол хугацаа шаардана гэсэн зөвлөмж өгсөн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж