Европын орнууд Хятадаас тусламж авсны төлөөс нь юу вэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.05-нд нийтлэгдсэн

Европын орнууд Хятадаас тусламж авсны төлөөс нь юу вэ?

Европын орнууд Хятадаас тусламж авсны төлөөс нь юу вэ?

Хятадын хэчнээн тэрбум ам.долларын хөрөнгө Европын эдийн засгийг тодорхой хэмжээнд өсгөж буй ч шүүмжлэгчид үүнийг өөр талаас нь харж байна. Тэд үүнийг өрийн урхи гэж нэрийдсэн ба хэрвээ зээлээ төлөөгүй тохиолдолд хэрхэхийг Хятад өөрөө шийддэг. Одоогоор Хятад улс хөрөнгө оруулалтын найдвартай түнш гэдгээ баталсаар буй хэдий ч ажилчдыг мөлжсөн, байгаль орчинд хор хөнөөл учруулсан, хөдөлмөр хамгааллыг мөрдөөгүй гэх хэргүүдтэй нүүр тулаад байна.

Европ дахь Хятадын боомтуудад ажилтнууд осол гэмтэлд орж байсан тохиолдол цөөнгүй. Жишээлбэл, Афины ойролцоо орших Пирей боомтын ажилтан давхарлан өрсөн чингэлэгүүдийн дэргэдүүр алхаж байх үед дээрээс нь чингэлэг нурж ирсэн. Азаар ажилтан зугтаж амжсан ба хоёр чингэлэг хоосон ачааны машин дээр хүчтэй унажээ. Тэгвэл, өнгөрсөн жил өөр нэг ажилтан мөн ижил нөхцөл байдалд орж, харамсалтай нь бултаж чадаагүй аж. 45 настай Димитрис амиа алдсанаар үйлдвэрчний эвлэлүүд идэвхжиж, Хятадын төрийн өмчит компани болох Коскогийн эзэмшдэг боомт дахь орон тооны цомхотголын төлөө ажил хаялт зарласан. Энэ нь аюулгүй байдлын арга хэмжээ хангалтгүй байсантай холбоотой гэж боомт дахь усан онгоцны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Маркос Бекрис хэлжээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨӨС

Цар тахлын үе дээр дайн нэрмээс болсон тул Европ даяар үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигнаж буй. Үүний зэрэгцээ Хятад улс Европын боомт, уурхайнуудыг ажиллуулж, зам гүүр барьж, бусдын хөрөнгө оруулаагүй газрыг олж хөрөнгө оруулах гэх зэргээр өргөн цар хүрээнд ажиллаж эхлэв. Энэ бүхний цаана Европын улс орнууд Хятадтай гэрээ байгуулсныхаа үр өгөөж, эрсдэлийг тооцох шаардлагатай болж байна. Эргээд өрөө төлж чадахгүйд хүрч, урхинд орох вий гэж засгийн газрууд болгоомжлох болов.

2008 оны эдийн засгийн хямралын үеэр Грекийн засгийн газар боомт болон бусад олон нийтийн өмчийг зарахаас өөр аргагүй болсон. Тэр үед Бээжингийн хөрөнгө оруулалт боомтод сэргэн мандалтыг авчирсан нь гарцаагүй. Учир нь төд удалгүй л боомтын эрэг дагуу Хятадад үйлдвэрлэсэн олон мянган тонн бараагаар дүүрсэн чингэлэгт хөлөг онгоцнууд эгнэх болжээ. Тэдгээр бараа бүтээгдэхүүн мэдээж Европын өнцөг булан бүрт тараагдсан. Дээр дурдсан Пирейн боомт нь Грект байдаг бөгөөд боомтыг сэргээснээр нутгийн иргэдэд ажлын байр бий болж, санхүүгийн хувь заяа сайн тал руугаа эргэжээ. Өдгөө Грек нь Европын холбооны хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг юм. Гэвч Европ дахь бусад хөршүүдийнхээ нэгэн адил мөн л Орос, Украины дайны үр нөлөөг амсаж, даван туулахаар чармайж байна.

Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн Пирей хотод боомтын өргөтгөлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан. Далайн ёроолыг хяналтгүй ухаж, хортой хог хаягдал ихээр гаргажээ. Пирей нь маш жижигхэн хот учраас энд хийж буй бүтээн байгуулалтууд нь нутгийн иргэдэд огт ашиггүй гэж хуульч Анти Жаннулоу хэлсэн. Харин Грекийн Гадаад хэргийн сайдын хэлснээр, энэ нь харилцан ашигтай хэлцэл байсан бөгөөд ямар ч аргагүй мухардсан үед Хятад л гарч ирсэн гэжээ. Өдгөө Пирей боомт нь Европтоо нэг, хоёрдугаарт орохуйц асар том хөрөнгө оруулалт болсон байна.

Угтаа бол 2008 оны хямралын дараа “Европын гурвал” буюу Европын комисс, Европын төв банк, Олон улсын валютын сан дуу нэгтэйгээр Грекийн өрийг барагдуулахын тулд боомтыг зарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.

Грек бол Хятадын хөрөнгө оруулалт хийгдэж буй Европын цор ганц орон биш. Сербийн Бор хотод очоод үзвэл хаа сайгүй хятад ажилчид мандарин хэлээр зааварчилгаа хашгирч, улаан тугнууд намирч буй. Энэ газрыг тодорхойлох хамгийн гол зүйл болох зэсийн уурхай руу Хятадын хөрөнгө оруулалт цутгаж байна. Метал олборлосоор ойролцоох нуур, усан сангууд зэвийн өнгөтэй болжээ.

Шүүмжлэгчид Европ дахь өөр нэгэн том төслийг мөн энд онцлов. Энэ нь Сербийн нэгэн адил Европын холбоонд байдаггүй Монтенегрод юм. Тус улсад зөвхөн мотоциклд зориулсан л авто зам байдаг. Энэ нь хэтэрхий эрсдэлтэй учир хурдны замын тухай эртнээс яригдсаар иржээ. Тодруулбал, өмнө зүгт Адриатын тэнгис дэх Бар боомтыг хойд талаараа Сербитэй холбосноор Монтенегрогийн гадаад худалдаа нэмэгдэх юм. Хятад улс үүнд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон, гэхдээ мэдээж эргэн төлөх зээлийн нөхцөлтэйгөөр. Харамсалтай нь барилгын ажил эхэлснээс хойш зургаан жил өнгөрөхөд ердөө 41 км зам л барьжээ. Ийнхүү энэ зам дэлхийн хамгийн үнэтэй зам болов. Төсөл нь авлига, хээл хахуультай холбогдсоор хоёр жилээр хоцроод байна. Хэзээ нэгэн цагт дуусдаг л байгаа даа гэж нутгийн иргэд гайхширсаар байна. Хэрвээ Монтенегро зээлээ төлж чадахгүй бол хэрхэн барагдуулах шийдвэрийг Хятад гаргана гэж хэлэлцээрт заасан байдаг. Хятад улс магадгүй тус улсын бусад хөрөнгийг, тэр дундаа Бар боомтыг хурааж авах боломжтой юм.

Олон шүүмжтэй зэрэгцээд амжилттай болсон төслүүд ч мэдээж бий. Зүүн ба барууны үр дүнтэй хамтын ажиллагааны нэг жишээ бол Хорватын гүүр юм. Энэ гүүрэн дээр ажил амралтын өдөр алгасахгүй л ачааны машинууд холхилдож, дам нуруу буулгаж, өрөмдөж, ажил ид өрнөж байгаа аж. Энэ нь Хорватын хамгийн том дэд бүтцийн төсөл бөгөөд Пельешак хойгийг Хорватын эх газартай холбох юм. Одоогоор Хорватын иргэд эх газарт хүрэхийн тулд хөрш Боснигийн эрэг дагуу дамжин өнгөрөх ёстой болдог.

ӨГӨГДЛИЙН УРХИ

Хятад улс зөвхөн өрийн урхиар зогсохгүй өгөгдлийн урхи тавьдаг тухай Их Британийн гадаад тагнуулын “MI6” агентлагийн дарга Ричард Мур анхааруулав. Тэрбээр хэлэхдээ, “Хятад улс дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл цуглуулах чадвартай” гэжээ.

Их Британи улс Хятадын “Huawei” компанийн 5G технологийг өөрийн улсын дэд бүтцэд оруулахыг хориглосон байна.

“Huawei” компани нь аюулгүй байдлын арга барил болон Хятадын засгийн газартай холбоотой эсэх дээр байнгын хяналт шалгалттай тулгардаг. Харин өгөгдлийн урхины талаарх мэдээллийг Хятад улс үгүйсгэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж