"Чингис хаан" музейг ирэх долдугаар сарын 3-нд нээхээр төлөвлөжээ. Энэ музейн бүтээн байгуулалтад нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь танилцуулж байв. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авсан. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд буй.
Музей хэзээнээс үүд хаалгаа нээх талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас өмнө нь тодруулахад "Музейн барилгыг Улсын комисс хүлээн авсан. Ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа нээхээр төлөвлөсөн" гэж хариулсан юм.
Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг. Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн билээ.