З.Ойдов: Монголын чөлөөт бөх уналтад орсон гэдэг үнэн

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

З.Ойдов: Монголын чөлөөт бөх уналтад орсон гэдэг үнэн

З.Ойдов: Монголын чөлөөт бөх уналтад орсон гэдэг үнэн

Монгол Улсын ХХ зууны манлай тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдовтой ярилцлаа.


-Сайхан хаваржиж байна уу, та? Яриагаа саяхан Улаанбаатарт болсон чөлөөт бөхийн Азийн аваргын сонин сайхнаас эхлүүлье. Тэмцээн үзэв үү?

-Ази тивийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн энэ жил манай улсад боллоо. Тив тивийн аваргын тэмцээн сонирхолтой, үзүүштэй болдог. Энэ жил Японы эмэгтэй хоёрдугаар баг ирсэн гэж дуулсан. 68 кг-аас доош жинд 7-8 жигд охин байгаа гэсэн. Японы багийн хэмжээнд манайхан хүрэхэд нэлээд зайтай байх шиг ээ. Хамгийн гол нь Японы түрүүлсэн хүүхдүүдээс манайхны нэг ч хүн оноо авч чадаагүй гэсэн. Би заримыг нь үзээд, заримыг нь үзэж чадаагүй. Одоо үүн дээр нэмээд Хятадын баг ороод ирнэ. Их хүчтэй баг шүү дээ. Ингэхээр Ази тивдээ манай баг хүндхэн байна гэж харсан даа.

-Эрэгтэй, эмэгтэй тамирчид нутагтаа алтан медаль хүртэж чадаагүй нь ихээхэн шүүмжлэл дагууллаа. Ялангуяа эрэгтэй тамирчид хангалтгүй оролцов уу гэж ажиглагдсан. Та ямар бодолтой байна вэ?

-Манайх уг нь Азийн аваргад оролцох бүрэлдэхүүнийг сонгох сонгон шалгаруулалт хийсэн юм байна лээ. Олимпийн хүрэл медаль хүртсэн охин сорил дээрээ ялагдаад, оролцож чадаагүй гэсэн. Эрэгтэйчүүдийн 125 кг-д барилдсан М.Лхагвагэрэл бас оролцож чадаагүй. Ингээд бодохоор манай дотоодын өрсөлдөөн сайн байгаа боловч эрэгтэйчүүдээс гурван тамирчин л медаль авлаа. Арван жингээс долоо нь медальгүй байна гэдэг ерөнхийдөө тааруу гэсэн үг.

-Сонгомол бөхийн тамирчид ч мөн тун тааруу оролцлоо. Энэ бөхийн төрлийн хөгжил манайд зогсонги байдалд орчихсон юм шиг ээ. Уг нь олимпийн төрөл шүү дээ?

-Манайх 2001 онд сонгомол бөхийн тамирчдаа анх Красноярскт очиж бэлдэж байлаа. Ингээд бодохоор манайх сонгомол бөхөө хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Эрэгтэй чөлөөт бөхийн бэлтгэл, өсвөр үе залуучуудын бэлтгэл дээр сонгомол бөхийн дасгал хөдөлгөөн, мэхүүдийг бага сагаар оруулаад байвал сайжрах хандлагатай. Тивийн аваргын шаардлагын дагуу сонгомол бөхийн тамирчид оролцох л ёстой.

"Лав барьцнаас барилддаг залуучууд бараг харагдахгүй шахуу"

-Та хэдэн жилийн өмнө нэгэн ярилцлагадаа “Манай бөхчүүд лав барьцнаас барилдахгүй юм” гэж байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн үү?

-Улсын аваргын тэмцээнийг харахад сүүлийн үед лав барьцнаас барилддаг залуучууд цөөхөн харагдсан. Харин өнгөрөгч Азийн аваргаас харахад арай л цөөн байлаа. Бараг л харагдахгүй шахуу. Чөлөөт бөх бол хувцаснаас бус, биеэс барьж барилддаг. Адилхан бэлтгэл, сургуулилалт хийчихсэн, өндөр түвшний бөхчүүд лав барьцнаас барилдахгүй бол зайнаас ухасхийгээд, ур чадвартай тамирчинд хүрч чадахгүй. Дутуу хүрээд хариу мэхэнд ороод байдаг юм. Алсаас ухасхийж байгаа тамирчныг цаана нь хүлээж байгаа тамирчин дор нь хэвтүүлээд учрыг нь олно шүү дээ. Тиймээс барьцнаас барьж байж үр дүнд хүрнэ гэхээс биш алсаас барилдаад амжилтад хүрэхгүй. Бүхий л бөхийн спортоос энэ нь тодорхой харагдана. Манайхан лав барилдааны мэхийг мэдэхгүй байна уу, эсвэл заагаад сурахгүй байна уу? Багш нартай ч, тамирчидтай ч холбоотой байх.

-Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын асуудал олимпоос хойш яригдлаа. Дасгалжуулагчдыг шинэчлэх ажил хойшилсон гэж дуулсан?

-Сайн тамирчин бэлдэхийн тулд сайн дасгалжуулагч хэрэгтэй. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажил гээд олон хүчин зүйл бий. Манайд аль алийг нь ярьдаг болохоос биш хөгжиж байгаа нь нэг их харагдахгүй байх шиг байна. “Шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулна, аль нь дээр вэ?” гэж ярих хэрэггүй байгаа юм. Учир нь бүгдээрээ зиндаа адилхан, тамирчдаа өндөр амжилтад хүргэж чадахгүй байгаа нөхцөлд ерөөсөө тамирчдынх нь амжилтыг харгалзан үзэж, шигшээ багийн дасгалжуулагчийг сонгох хэрэгтэй. Хамгийн өндөр амжилттай яваа тамирчны дасгалжуулагч бусдыгаа удирдан зохион байгуулах хэрэгтэй. Бусад нь ч үгэнд нь орох хэрэгтэй. Хоорондоо эв зүйгээ олохгүй тохиолдол бий. Тэд барилдааны туршлага, мэх заах чадвар, дасгалжуулах үйл ажиллагаагаа өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Би юун дээр алдаад байна, бусад дасгалжуулагчид надаас юугаараа илүү байна, тэднээс юуг нь суралцах хэрэгтэй вэ гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Сүүлд боксын шигшээ баг Кубаас дасгалжуулагч авчирлаа. Үүн шиг манай чөлөөт бөх гадаадаас мэргэжилтэн авчирч, туршлага судлах хэрэгтэй юм биш үү?

-Урьд нь тэгж байсан тохиолдол олон бий. Олимпийн өмнөхөн ч гадаадаас өндөр үнээр, өндөр түвшний мэргэжилтэн авчирлаа гээд ярьсан байдаг юм. Хамгийн гол нь түүнийг хүлээж авах орчин байх хэрэгтэй. Орчин гэдэг нь объект, тамирчид. Энэ нь байдаггүй. Тиймээс гадаадаас дасгалжуулагч авчрах нь миний хувьд зохимжгүй гэж үзэж байна. Олон жилийн болон нэг жилийн бэлтгэлийн төлөвлөгөөг биеийн тамирын дээд төгссөн ямар ч хүн хийж чадна. Харин үүнийгээ хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг чухал. Дасгалжуулагчийн ур чадвар л мэднэ дээ. Ур чадвар нь тамирчдынхаа үзүүлсэн амжилтаар мэдэгдэнэ. Манайхан хоёр ч удаа хурал хийгээд, дасгалжуулагчдаа сонгож чадаагүй гэсэн. Үүнд зовох зүйл байхгүй. Хамгийн өндөр амжилттай тамирчны дасгалжуулагч шигшээ багийн ахлах болно. Тэр нь клуб дээрээ ч, шигшээ баг дээрээ ч давхар ажиллана. Өөр юм байхгүй. Манай олон дасгалжуулагч “Би шигшээ багийн дасгалжуулагч болно. Би ахлах болно” гэж байж магадгүй. Залуухан олон гавьяат дасгалжуулагч бий. Тэд өөрсдийн секц дугуйлангаа ажиллуулж, ур чадвараа харуулах хэрэгтэй.

Өмсөх мэхийг өмсөх барьцаанаас л хийдэг

-Монголын чөлөөт бөх уналтад орсон гэж ярьдаг. Та тогоонд нь олон жил чанагдаж, нэгэн цаг үед нүүр царай нь болж байсан хүн. Энэ үг үнэн үү?

-Уналтад орсон гэдэг нь үнэн. Хөгжиж байна гэдэг бол тамирчид нь төрөл бүрийн хэвтээ, босоо барилдааны арга барил эзэмшчихсэн, дан, давхар, угсраа, хариу гээд олон мэх хийж чаддаг байх, улсын аваргаар дор хаяж 100 мэх хийгддэг байхыг л хэлнэ. Одоо бол хорьхон л мэх хийж байгаа харагддаг. Мөн аймаг бүрт, зарим сумдад чөлөөт барилдааны секц жигд хичээллэж байх ёстой.

Дан, давхар, угсраагаас гадна хариу мэх хийгдэж байх ёстой.

Хариу мэх хийж байгаа үзэгдэл би олж харсангүй юу, эсвэл хийхгүй байна уу? Ер харагдаагүй шүү. Хөлийг нь авбал буруу хараад хэвтчихдэг. Тэгээд хөлнөөс нь эргүүлэхэд дагаад эргээд байдаг. Тав эргээд л дуусдаг. Энэ бол уналтад орсны шинж. 30 гаруй жилийн өмнө үндэсний бөх хөгжиж байгаа юм шиг яралзаж байсан үед М.Мөнгөн арслангаас “Үндэсний бөх хөгжиж байна уу” гэж асуухад “Хөгжихгүй байна” гэж билээ. Яагаад гээд лавшруулсан чинь “Гурван жилийн өмнө надад унасан залуу бөх яг тэр байдлаараа дахиад уналаа” гэж байсан. Тэр залуу бөх сайжраагүй, юм бодоогүй байна шүү дээ. Гурван жил болсон ч нэг л янзаараа унаж байна. Энэ бол үнэн үг.

-Одоогийн чөлөөтийн залуусаас таны нүдэнд тусч буй, “Энэ сайн барилддаг шүү” гээд хэлчихээр бөх байна уу?

-Би өсвөрийн улсын аваргыг ажилтай байгаад үзэж чадсангүй. Залуучуудын тэмцээнийг л үзэж сайн харъя гэж бодож байна. Дээр үеийн мундаг шинжээчид шиг шинжиж чадахгүй л дээ. Гэхдээ “Энэ залуу аятайхан юм, ирээдүйтэй” гэж хардаг. Залуучууд нэгдүгээрт, дургүй байна. Хоёрдугаарт, ур чадваргүй багш нарын гараар дамжаад, хүслээ мохоогоод, бөхөө орхиж байна. Тамирчид тун цөөхөн байна. Олон спорт руу хувагдаж, тараагдаж байна. Сүмо, самбо, жүдо, үндэсний бөх, кураш, жюү жицү зэрэг спорт руу бөхчүүд хуваагдаж байна.

-Нэг хэсэг дээд жингийн бөхчүүд үндэсний бөх рүү урвасан даа. Ж.Чулуунбат начин, Н.Золбоо харцага хоёр л байсан цаг үе саяхан?

-Их шилжсэн. Үндэсний бөхийн тамирчид их спортын дасгал хөдөлгөөн бага хийж байна. Одоо чөлөөтийн дээд жинд М.Лхагвагэрэл, Ө.Батзул хоёроос өөр хүн алга. Ингээд бодохоор одоо ч хүнд байна. Гэхдээ залуучууд гарч ирэх байх.

-Таны алдарт “Ойдов” мэхний талаар дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Залуучууд энэ мэхийг хийх нь багассан гэж дууллаа. Энэ юундаа байна вэ? Хийхэд хэцүү мэх гэж үү?

-Хүнд хэцүү мэх биш ээ. Лав барилдаанаас л хийдэг. Лав барилдах хүн байхгүй учир орохгүй шүү дээ. Өмсөх мэхийг өмсөх барьцаанаас л хийдэг. Өмсөх барьцгүй хийхгүй. Үүн шиг лав бариагүй бол бараг хийж чадахгүй. Бүх талын барилдаантай байж бүх төрлийн мэхийг хийнэ.

-Хийж байгаа залуучууд харагдана уу?

-Ганц нэг харагдана лээ. Оролдоод, хөдөлгөөн дунд хийж байгаа харагдсан.

"Допингийн хор нөлөөг их сонссон"

-Их спортын яриагаа энд өндөрлүүлээд, үндэсний бөхийн талаар ярилцъя. Өнөөдөр (2022.05.03) хоёр бөхөөс допинг илэрлээ гэх мэдээ гарлаа. Та ер нь энэ допингийн тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Таны үед ийм зүйл байв уу?

-Би 1970-1980 оны хооронд барилдаж байсан хүн. Манайд 1961 оноос эхлэн бөхийн чөлөөт барилдаан хөгжөөд, долоо, найман жил болоход л би ирсэн. Допинг гэдгийг багш нар ч, дарга ч нар хэлдэг байсан. “Допинг гэж байдаг. Тэрийг л уувал тэмцээнээс хасагддаг. Эрхээ хасуулна, аюултай” гэж хэлж байлаа. Ямар юм байдгийг нь харж байсангүй. Дасгалжуулагч болсон хойно 1990-ээд оны үед л допинг гэж эм, нунтаг цагаан байдаг юм байдгийг киноноос харж байв.

Үндэсний бөхөөс допинг илэрлээ л гэж сүүлийн үед их дуулдах юм. Сайн мэдэхгүй юм. Нэгдүгээрт, хэрэглэж явсангүй. Хоёрдугаарт, үзэж хараагүй юм. Хаанаасаа олдог юм. Допингийн хор нөлөөг их сонссон. Хүний биеийг муутгадаг, үр төлгүй болгодог гэж хүмүүс ярьдаг. Допинг тариулсан адуу хэрэггүй болдог гэж уяачид ярьж байна. Тэгэхээрээ их ёозгүй эд байх.

1980 оны олимпийн аварга Болгарын Исмаил Абилов гэж сайхан залуу байсан. Сүүлд харахад бүр нэг өлгийтэй хүүхэд шиг болчихсон байсан. Мөн Балла гэж Унгарын бөх байлаа. Хоёр нүд нь ширгэчихсэн, хоёр чих нь дэлдийчихсэн явж байгаад бидэнтэй таарсан. Абилов холуур харчихаад яваад өгсөн. “Тэр Абилов биш үү” гээд л өнгөрсөн. Харин Баллатай яг халз таарсан. Допинг уудаг хүмүүс допингоо уухгүй болохоор ийм болдог юм болов уу гэж тухайн үед бид ярилцаад л өнгөрсөн.

"Цол олгох нь зүйтэй"

-Өнгөрсөн зун болсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол олгох хуулийн төсөл яригдаж байна. Энэ дээр та ямар бодолтой байна вэ? Бөхчүүд, бөх сонирхогчид эсрэг тэсрэг байр суурьтай байх шиг.

-Ямарваа нэгэн тэмцээн, уралдаан эхлэхийн өмнө ямар шагнал, цол олгох вэ гэдгийг ярьж тохирсон байх хэрэгтэй. Өөрсдийн хамааралтай хүмүүс нь цолонд хүрэхгүй болохоор цол олгохгүй гээд, албан тушаал эрх мэдлээрээ дайрчихдаг тал бий. Өнгөрсөн зуны 512 бөх дураараа өөрсдөө ирээд барилдчихсан хэрэг үү? Аварга, арслан цолтнууд байж л байсан. Миний хувьд цол олгомоор байгаа юм.

Наадам бол цэнгэлийн манлай. Наадмын манлай нь бөх, морь, сур харваа. Эдгээрт түрүүлсэн бөх, морь, уяач, харваачид түмэндээ хүндлэгддэг.

Одоо нэг хэсэг нь цол олгуулна, нөгөө хэсэг нь цол олгуулахгүй гээд дайраад байна. Энэ маш буруу. Өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдааныг би телевизээр үзсэн. Цол олгох нь зөв. Наадмын дараахан болсон. Бөхчүүд бүгд бэлтгэл, сургуулилалттай байсан. Цол өгөхгүй гэхээр аварга, арслангууд доор унасан байж магадгүй. Үүнийг хоёр талтай ойлгох хэрэгтэй. Нэг талдаа цол өгөхгүй юм чинь бид хүчээ гаргаж яах юм бэ гэсэн хандлагатай байсан байх. Нөгөө талдаа янз бүрийн асуудалтай, бие нь муудсан, барилдаан нь болохгүй байсан биз. Дурын асуудал. 512 залуу бөх барилдсан ч цол олгох л хэрэгтэй. Цол олгохгүй гэхээр монголчууд 100 жилийн ойгоо өнжсөн хэрэг үү? Тэгээд энэ жил хоёр ойг хамтад нь тэмдэглэх юм уу? Тав давсан бөх шууд өсөх идэр начин болох юм уу? Түрүүлсэн бөх арслан цол аваад дахиад аварга цол хүртэх үү? Энэ мэт асуудал үүснэ. Тэгэхээр цол олгох нь зүйтэй.

Хүмүүс үүнийг янз бүрээр ойлгож, хожмоо түүхэнд буруу зөрүү бичигдэх тохиолдол үүсэх вий гэж болгоомжилж байна.

"Тэтгэмжийг хасахгүй байх гэж би бодож байна"

-УИХ-ын нэр бүхий гишүүн саяхан олимп, дэлхийн медальтнуудад сар бүр олгодог тэтгэмжийг зогсооё, хэмнэлт хийе гэж санаачилга гаргалаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ? Угтаа дэлхийд байхгүй сайн жишиг гэж хүмүүс ярьдаг юм байна лээ.

-Биеийн тамир, спорт бол улс орнуудад ихээхэн хэмжээнд хөгжсөн зүйл. Манайд л сэтгэлд хүрэхгүй байгаа ч дэлхий, олимпод Монголын тугийг тамирчид маань мандуулж байна. Энэ бол дэлхийд Монгол Улс гэж ийм улс гүрэн байдаг гэдгийг зарлан тунхаглаж буй үйл явдал. Улс төрийн асар том ач холбогдолтой зүйл шүү дээ. Мөн монгол түмний урам зориг, бахархлын үнэт зүйл. Тамирчдыг дагаж нийтээрээ спортоор хичээллэж, биеийн тамир хөгждөг. Эцсийн үр дүнд нийгмийн эрүүл мэнд сайжирна, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ, өвчлөл багасдаг.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олимп, дэлхийн медальт тамирчдад сар бүр тэтгэмж олгоно гэж тустай зүйл хийсэн. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Өөрийн улсын сүр хүчийг илтгэж байна. Болиулна, хэмнэлт хийнэ гэвэл тамирчдын урам зоригийг хугалж байна л гэсэн үг. Монголын ард түмний дэвэрсэн сэтгэл, дүрэлзсэн галыг унтраах гэж байна.

Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход ард түмэн яаж баярлаж, эвлэлдэн нэгдэж байлаа даа. Энэ л бахархлыг буруушааж буй үйлдэл. Хасахгүй байх гэж би бодож байна. Тийм сэтгэлтэй УИХ-ын гишүүн байхгүй байх. Тийм монгол хүн ч байхгүй байх.

-Тамирчдын тэтгэмжээс гадна спорт хороодыг татан буулгах яриа гарсан. Та энэ талаар дуулав уу? Угтаа спорт хороод шигшээ багийн боловсон хүчнийг бэлтгэдэг чухал үүрэгтэй газар гэж ойлгодог.

-Энэ бол байж болохгүй асуудал. Биеийн тамир, спортын байгууллагууд өөр өөрсдийн харъяаны хүмүүсийг биеийн тамираар хичээллүүлж, бие бялдрыг нь чийрэгжүүлдэг. Биеийн тамир, спортод анхаарлаа хандуулахгүй бол ард түмэн доройтно гэж ойлгож болно. Манай Б.Түвдэндорж аварга, Ц.Чимэд-Очир аварга, Ж.Цэвээнравдан аварга, Ш.Батсуурь аварга, Ч.Бээжин аварга нар бүгд “Алдар” спорт хорооны тамирчид шүү дээ.

Үүнээс гадна өөр нэг зүйл дээр эмзэглэж байна. Удахгүй бүх ард түмний спартакиад болох гэж байна. Чөлөөт барилдаан гэхэд л арван жинд барилддаг. Гэтэл зургаан жинд тэмцээн болно гэж байна. Улсын аварга бас зургаан жин. Харин дэлхийн аварга арван жингээр болдог. Биеийн тамир, спортын хороо яагаад үүнийг анхаарахгүй байна вэ? Төрийн байгууллага нь төрийн бус спорт холбоодод ажлыг нь хариуцуулаад байж болохгүй. Биеийн тамир, спортын хороо том агентлаг. Одоо бүтэц нь томорсон. Спортын заавраа ч зөв хийж чадахгүй байна гэж үү? Би ойлгохгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж