Дэлхий нийтэд тархсан Covid-19 цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан "Монголын геологи, хайгуул 2022" 12 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд "Корпорэйт конвеншн төв"-д зохион байгуулагдаж байна.
Тус чуулга уулзалтаар геологийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага, ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсч буй асуудлууд, цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Тавантолгойн ордын геологийн судалгааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвлөгөө сэдэвт илтгэлүүд тавигдах ба эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлгүүд явагдаж буй юм.
Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд 800 аж ахуйн нэгжид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ онд ААН-үүд 1146 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө тайлангаа ирүүлсэн байна. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 65 хувь нь төлөвлөгөөгөө батлуулжээ.
Эдийн засгийг эрчимжүүлж сэргээх бодлогын хүрээнд энэ оны төлөвлөгөөг энэ сарын 15-ны дотор батлахаар ажиллаж буй юм байна. Хайгуулын төлөвлөгөөнөөс гадна нөөц өсгөх, гүйцээх хайгуул хийх, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний тайланг батлах аж. Улмаар энэ онд хийх ажлын үр дүнгээр зэсийн болон алтны, шороон ордуудын нөөц нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.
Манай улс энэ онд 20 тонн алт олборлох төлөвлөгөөтэй бөгөөд үүнтэй холбогдуулан Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлж сэргээх бодлогын хүрээнд алт олборлогч ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжин, “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлж, баялгийн болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа билээ.