Ромын пап Францис дайныг зогсоохын тулд Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзах санал тавьсан. Гэвч тэрбээр одоо хүртэл энэ саналынхаа хариуг сонсоогүй байгаа аж. Тодруулбал, хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлэл эхэлснээс 20 хоногийн дараа Ватиканы төрийн нарийн бичгийн дарга кардинал Пьетро Паролинээр дамжуулан уулзах хүсэлтээ тавьсан гэж пап лам Италийн сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Оросын үнэн алдартны сүмтэй харилцаагаа сэргээх урт хугацааны хүчин чармайлтын хүрээнд Ромын папууд олон жилийн турш Москвад айлчлахыг хүссээр ирсэн. Гэвч тэдэнд хэзээ ч урилга ирж байгаагүй.
Ромын пап ламд Украины нийслэлд айлчлахтай холбоотой санал ирсэн. Гэвч тэрбээр “Би одоо Киев рүү явахгүй. Эхлээд Москвад очиж Путинтэй уулзах ёстой” гэж товч, тодорхой хариулжээ.
Түүнчлэн пап лам гуравдугаар сард Оросын үнэн алдартны сүмийн патриарх Кириллтэй ярилцсан. Кирилл түрэмгийллийг тууштай дэмждэг бөгөөд гартаа цаас бариад дайн хийх бүх үндэслэлийг пап ламд уншиж өгчээ. Пап лам хариуд нь “Би энэ бүхнийг ойлгохгүй байна. Бид төрийн санваартан биш, бид улс төрийн хэлээр ярихгүй, харин Есүсийн хэлээр ярьдаг. Тиймээс энх тайвныг эрэлхийлж, дайны галыг зогсоох хэрэгтэй” гэж хэлжээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ