“ХЭҮК зориг, зүрхтэй ажилла” | News.MN

“ХЭҮК зориг, зүрхтэй ажилла”

Live“ХЭҮК зориг, зүрхтэй ажилла”

“ХЭҮК зориг, зүрхтэй ажилла”
15 : 26
2022-5-4

"Гэмт хэргийн нотолгооны чиглэлээр олон жил хичээл заасан"

ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн 

Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй. 
2008 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч,
2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хоёрдугаар тасагт мөрдөн байцаагч,
2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байна.

Түүнээс гишүүд асуулт асууж,хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ганцхан гишүүн уг асуудлыг хариуцна. Өмнө нь ийм орон тоо байгаагүй. Энэ ажлыг гүйцэтгэх хууль зүйн өндөр мэдлэг чадварт өөрт тань байгаа юу? Таны анкетаас харахад мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм байна. Хууль сахилахын их сургуульд багшилж байж. Нөгөөтэйгүүр хууль зүйн өндөр мэдлэг чадварыг юу гэж ойлгож байна вэ. Мэргэжлээрээ ном гаргаад, уралдаан тэмцээнд орохыг хууль зүйн өндөр мэдлэг чадвартай болчихлоо гэж үзэж байгаа хэрэг үү?

Нэр дэвшигч Я.Цэлмэн:

Хууль зүйн өндөр мэдлэг ур чадвар нь ганцхан сурсан сургуулиас хамаарахгүй. Хийсэн ажил, туршлага гэж ойлгодог. Миний хувьд Эрүүгийн процессын хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Гэмт хэргийн нотолгооны чиглэлээр олон жил хичээл заасан. Энэ хугацаанд Эрүүгийн процессын хууль нь хууль хэрэгжүүлэгчдийн эрх үүргийг тодорхой болгож тэдний ажлыг заасан хууль бол биш гэдгийг сайн ойлгосон.

Бусдад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар Эрүүгийн хуульд зүйлчилсэн байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг дотор багтдаг. Эрүү шүүлттэй тэмцэхэд тогтолцоо системийг нь маш сайн ойлгох нь чухал.

13 : 00
2022-5-4

“ХЭҮК зориг, зүрхтэй ажилла”

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Төсөв мөнгөний хувьд хараат бус байх боломж ХЭҮК-т бий юу? ХЭҮК таван жил тутамд олон улсын байгууллагын магадлан итгэмжлэлд ордог. Магадлан итгэмжлэх байгууллагаас ХЭҮК-т өгсөн зөвлөмжөөр бол санхүүгийн хувьд хараат бус байх боломжгүй гэсэн. УИХ ХЭҮК-т таван төгрөг тавьж чадахгүй байж хүний эрхийн мэдрэмжтэй улс байна гэж ярих нь зохимжтой биш байна. Хэмнэж болно. Гэхдээ хүний эрхийг хамгаалах чиглэлд хэмнэлт байх нь зохимжгүй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд  тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. ХЭҮК маш олон үүрэг хүлээж байна.

Нэр дэвшигч С.Дондов:

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг нь ХЭҮК-т хамаарч байгаа. Нэгж байгуулагдаж ажиллах юм билээ. Хэрэв би ХЭҮК-ын гишүүнээр сонгогдвол хувь хүний нууцыг хамгаалах асуудлыг олон улсын стандартад нийцүүлэх тал дээр санаачлагатай ажиллана. ХЭҮК хараат бусаар үйл ажиллагаа явуулахад төсөв мөнгө чухал ач холбогдолтой. Төсвийн тодотголоор 930 орчим сая төгрөг танасан гэх мэдээ авсан.

Ажлын хэсэг:

-Н.Учрал гишүүн маш чухал асуудал хөндлөө. ХЭҮК өнгөрсөн жил 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. НҮБ-аас ХЭҮК-ын эдийн засгийн хараат бус бие даасан байдлыг хангах том чиг үүрэг өгсөн. Улсын хэмжээнд хүний эрхийн зөрчил дээр хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй ч ХЭҮК-ийг төсвөөр хангаж өгдөггүй. Хүний эрхийн асуудал гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой. Энэ нь эргээд Засгийн газар, Сангийн яамтай холбогддог.

Өмнө нь ХЭҮК-ын нийт төсөв 1.4 тэрбум байсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн жил 2022 оны төсөв дээр 3.2 тэрбум болгож батлуулахаар хичээж ажилласан. Гэтэл төсвийн тодотголоор буцаагаад хассан. 3.2 тэрбум төгрөг хоёр удаагийн төсвийн тодотголоор  2.5 болж буурсан. Хүний эрхтэй холбоотой хууль батлагдах бүрт ХЭҮК-ын чиг үүрэг нэмэгддэг ч төсвийг нь нэмж өгдөггүй. Ажлын албаны орон тоо маш цомхон учраас улсын хэмжээнд хүрч ажиллах боломж хомс. Дор хаяж машин тэрэг хэрэгтэй. Хилийн цэргийн ангид хүний эрхийн ноцтой зөрчил гарлаа гэхэд унаад явах машин ч байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Нэр дэвшигч С.Дондовт хэлэх зүйл алга. Туршлага арвин учраас хурдхан шиг дэмжиж өгөөд, ажлыг нь хийлгэе гэж бодож байна. ХЭҮК зориг, зүрхтэй хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаад өгөөч. ХЭҮК-ын гишүүдийг дэмжээд явуулдаг дээрдсэн юм одоогоор харагдахгүй л байна.

11: 00
2022-5-4

"Хүн худалдаалах гэмт хэргийн 48 хохирогч байна"

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Сонгон шалгаруулах ажлын хэсгээс асуумаар байна. Бид С.Дондовыг өөр нэр дэвшигчидтэй харьцуулах боломжгүй болчхоод байна. С.Дондовыг сонгохоос өөр аргагүй нөхцөлд оруулж байна. Өөр нэр дэвшигчдийг хамт оруулж ирж болоогүй юм уу? Би хувь хүнийх нь талаар биш харьцуулалтын талаар ярьж байна шүү. Нэр дэвшигч С.Дондов хүн худалдаалах гэмт хэргийн эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хохирогч нарт үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон ажил хийжээ. Монголд хүн худалдаалах гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ? Цаашид энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн таслан зогсоох вэ? Та төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа хийсэн юм байна. Энэ талаар саналаа хэлээч. Гуравхан сая хүн амтай Монгол Улсад олон шашны урсгал бий болох нь сайн зүйл болохгүй нь лавтай.

Ажлын хэсэг:

-ХЭҮК-ын гишүүний оролцогчоор 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хоёр хүнийг бүртгээд, материалыг нь цахим хуудаст ил байршуулсан. Яагаад нэг нэр дэвшигчийг оруулж ирсэн бэ гэхээр ХЭҮК-ын тухай хуулийн 12.5-д зааснаар сул орон тоо хэд байна тэр хэмжээгээр нэр дэвшигчийг оруулж ирэх зохицуулалттай. Нэг сул орон тоо байгаа нь хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүний орон тоо. Иймд ажлын хэсэг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдээс хоёр хүн оруулах боломжгүй учраас олонхын санал авсан С.Дондовыг оруулж ирсэн.

Нэр дэвшигч С.Дондов:

-Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад 2000 оноос эхлэн яригдаж эхэлсэн. Энэ гэмт хэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай үйлддэг, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Хүн худалдаалах гэмт хэргийг Эрүүгийн хуульд 2002 онд оруулсан. Гэтэл худалдах, худалдан авах зүйл заалтаар Эрүүгийн хуульд шүүхийн процесст тулахаар худалдаж авсан хүнээ олж ирсэн цагт шүүхээр шийдвэрлэх боломжтой гэсэн. Үүнээс болоод олон хэрэг шийдэгдэж чадаагүй. Тиймээс олон улсын стандартыг дахин судалж, 2008 онд хүн худалдаалах гэмт хэргийн заалтыг өргөн агуулгаар нь оруулсан.

Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэргийн гаралт өсч байна. Сүүлийн нэг жилийн байдлаар 48 хохирогч байна гэх судалгаа бий. Үүнээс 18 хохирогчийн эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр ажилласан. Төр, сүм хийдийн тухай нэгдсэн бүртгэл хангалтгүй байдаг. Төрийн бус байгууллагаар бүртгүүлчихдэг учраас ярвигтай. Олон төрлийн шашин бий. Төр, сүм хийдийг зохицуулж буй хуулийг шинэчлэх шаардлагатай. Хуульд буддын шашныг түлхүү анхаарсан болохоос биш сүүлийн үед орж ирсэн шашны талаар тусгаагүй.

10 : 50
2022-5-4

Хүний эрхийн хамгаалагчийн хороо байгуулна

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүнд Т.Саруул, С.Дондов, тус комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэр дэвшсэн. Улмаар томилгооны сонсголыг хоёрдугаар сарын 17-ны өдөр явуулахад ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нар олонхын санал авсан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.05.04/ ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийж байна. 

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов

  • 1984-1989 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга,
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
  • 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч,
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байна.

"ҮНДСЭН ХУУЛИЙГ ДЭЭДЭЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА"

Нэр дэвшигч С.Дондов "Олон жил хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагууд, хүний эрхийн форумын гишүүдээс надад ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлэх саналыг удаа дараа тавьж ирсэн. Залуу боловсон хүчин нэрээ дэвшүүлэх нь зөв гэж үзээд, эхний хоёр удаа саналаас татгалзсан. Харин гурав дахь удаа нэрээ дэвшүүлсэн. Хүний эрхийн чиглэлээр надтай хамтран ажилладаг хүмүүсийг хүндлэх ёстой. Мөн өөрийн мэдлэг, туршлагаа улс орны хөгжилд хувь нэмэр болно гэж үзээд, ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Хэрэв би гишүүнээр сонгогдвол ХЭҮК-ын хуульд зааснаар Үндсэн хуулийг дээдэлж үйл ажиллагаа явуулна. Хүний эрхийн хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдсан учраас хүний эрхийн хамгаалагчийн хороо байгуулна. Хорооны үйл ажиллагаа явуулах журмыг батална" гэв. 

Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-04 66.181.189.189

Ч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж