Олон хүн амьдралынхаа туршид хэд хэдэн ажил сольдог. Бразилын нэгэн иргэн компанидаа 84 жил 9 өдөр тууштай ажиллаж, Гиннесийн амжилт тогтоожээ. Өдгөө 100 настай Уолтер Ортмэнн 15 настайдаа буюу 1938 онд нэхмэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Industrias Renaux S.A” компанид тээвэрлэлтийн туслахаар ажилд оржээ.
Тэрбээр бороо, цастай ямар ч цаг агаарт хөл нүцгэн алхаад сургуульдаа явдаг, онц сурдаг сурагч байжээ. Сургуульд явахдаа маш их дуртай байсан ч гэр бүлийн санхүүгийн асуудлаас болоод ажил хийж эхэлсэн байна.
Тэдний гэр бүл Бразилын Бруск хотод амьдардаг байжээ. тус хотод германчууд ихээр амьдардаг бөгөөд Уолтер Ортмэнн германаар ярьдаг байсан учир нэхмэлийн үйлдвэрт ажилд орж чадсан байна. Тэрбээр аливааг сурахдаа хурдан байсан тул удалгүй тушаал дэвшиж, борлуулалтын албанд орж, улмаар менежер болжээ. Энэ ажил түүнд дэлхий даяар аялж, олон үйлчлүүлэгчтэй уулзах боломж олгосон байна.
84 жилийн турш компани асар их өөрчлөгдөхийн хэрээр тэрхүү өөрчлөлтөд дасан зохицохын тулд Ортмэнн ч их зүйлийг сурчээ.
Түүний Гиннесийн амжилтыг энэ оны нэгдүгээр сарын 6-нд албан ёсоор баталгаажуулсан. Ийм амжилтад хүрнэ гэж тэр хэзээ ч бодож байгаагүй бөгөөд залууст хандаж, хаана урам зоригтой байна тэндээ ажилла гэж зөвлөжээ. Тэр өдгөө 100 настай хэдий ч өдөр бүр дасгал хийж, хайртай дуртай ажилдаа өдөр бүр ирсээр л байгаа аж.
Эх сурвалж: CBS