Ногоон навчис сэржигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж, аль хэдийнэ зун цаг иржээ. Байнга шахуу жагсаал цуглаан болдог төв талбай уйтгартай, дүнсгэр байдаг байсан бол энэ удаа илүү тайван өнгөлөг харагдана. Учир нь өчигдөр /2022.05.03/ төв талбайд 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбайг түр байгуулжээ. Иргэд хиймэл зүлгэн дээр хэвтэх нь хэвтэж, ном уншиж, хөзөр тоглож, гитартай дуулж, хүүхдээ салхилуулж байв. Хуримаа хийж буй хосууд тэнд зургаа даруулж, дурсамжаа мөнхлөх нь ч харагдлаа.
Хүүхдүүд зүлэг дэвсээгүй газарт унадаг дугуй унаж, роликоор гулгаж, хөөцөлдөн тоглоно. Улаанбаатар яг ийм л орчин үгүйлэгдэж байгааг тэнд очсон хүн бүхэн хэлж байлаа. Түүнчлэн хиймэл зүлэгтэй, хуурай оргилууртай Улаанбаатар гэж хэлүүлж байгаадаа хотын дарга ичих ёстойг иргэд шүүмжилсэн.
“Ямар халуун байна аа. Наршчих вий дээ”, “Хашка, чи ундаанд яваад ирэх үү” гэх харилцан яриа чихний үзүүрт сонсогдоно. Тэдэн хэдэн охид хууч хөөрч, энд нэгэн залуу гитар тоглож, тэдний дийлэнх нь гутлаа тайлаад тавьсныг харахад монголчууд хотын соёлд суралцсаар байгааг илтгэх. Усалгаагүй хиймэл зүлгээр Улаанбаатарын төв талбайг гоёсон нь тэнд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж буйтай холбоотой аж. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд “UB CUP 2022” тэмцээн энэ сарын 8-нд эхэлнэ. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа төв талбайд зохион байгуулах бөгөөд тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шигшээ багууд оролцох юм.
ЭРХ БАРИГЧИД ЖАГСАГЧДААС АЙВ УУ?
Төв талбайд хиймэл зүлэг тавьсныг улстөржүүлэн харах хүмүүс байлаа. Учир нь, үнийн өсөлтийн эсрэг залуус жагсч, "Ажлаа хий" гэх шаардлагыг эрх баригчдад тавьсан юм. Гэвч, эрх баригчдын авсан арга хэмжээ иргэдэд таалагдаагүй. Тиймээс залуусыг дахин жагсах вий гэсэн айдас, болгоомжлол эрх баригчдад байгаа ч байх.
Учир нь, УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ сарын 5-нд 12:00 цагт төв талбайд залуусыг өөртэй нь хамт жагсахыг уриалсан.
Гэтэл төв талбайд хөлбөмбөгийн тэмцээн зохиох болсон нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байгаа явдал болохыг тэнд найз бүсгүйтэйгээ нарлаж суусан залуу шүүмжилж байв.
НОГООН БАЙГУУЛАМЖГҮЙ НҮЦГЭН НИЙСЛЭЛ
Нийслэл хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр амарч, салхилах ногоон байгууламж бүхий томоохон талбай бараг алга. Тиймдээ ч залууст төв талбайн 90х45 харьцаатай хиймэл зүлэг сонихон санагдсан бололтой, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хот суурин газрын ногоон байгууламж агаарын бохирдлыг бууруулж, дуу чимээнээс хамгаалж, нүүрсхүчлийн хий шингээдэг. Тиймээс иргэдийн амьдарч буй орчныг зайлшгүй зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх шаардлага бий. Нөгөөтэйгүүр Төрийн ордны арын цэцэрлэгийн хашааг буулгаж, олон нийтэд нээлттэй болгох ёстойг иргэд мөн л шүүмжилж байна. Өмнө нь уг цэцэрлэгт иргэд нарладаг байсан, харамсалтай нь өндрөөс өндөр төмөр хашаа барьснаар энгийн иргэд хөл тавих эрхгүй болсон юм.
Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашаа, хайсыг хотын даога гуравдугаар сарын 21-нд буулгаж байгаагаа камераар харуулсан. Ингэхдээ гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кинотеатр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих талаар албаныхан мэдэгдээд буй.
Иргэд дээрх газарт барилга барих бус, зүлэгжүүлэх санал дэвшүүлсэн хотын зүгээс хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт өндөр барилгаас илүү ногоон байгууламж хэрэгтэй байгаа.
Дэлхийн томоохон хотуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хүн амынхаа нягтаршил, орчны бохирдлоос шалтгаалж 16 ам.метрээс багагүй байх ёстой гэж үздэг. Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ ердөө 5.1 ам.метр байна. Энэ тоо нь олон улсын жишгээс дор хаяж гурав дахин бага үзүүлэлт бөгөөд хиймэл зүлэг нийслэлийн ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулсан бодит дүр төрх юм.
Ногоон байгууламж нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллаж буй талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригоос тодруулахад “2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гараж, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэрэг 1556 объектыг чөлөөлсөн. Улмаар 43 байршилд тохижилтын ажил хийх боломж бүрдүүлж, дөрвөн байршилд тохижилтын ажил хийж дуусгасан.
Энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гаражуудыг буулгана. Доороо зогсоолтой байрууд тусдаа, зогсоолгүй байрууд давхар гражтай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч байна. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна” гэсэн хариу өглөө.
Гэрэл зургийг Б.МӨНХЖИН
Холбоотой мэдээ