Намуудын нүүдэл суудал, хагарал талцал

Хуучирсан мэдээ: 2022.05.04-нд нийтлэгдсэн

Намуудын нүүдэл суудал, хагарал талцал

Намуудын нүүдэл суудал, хагарал талцал

Айсуй сонгуулийн алаан аль хэдийнэ эхэлжээ. Намууд нь намуудтайгаа, нам дотроо, бүлэг фракциараа, гишүүд нь хоорондоо гээд хөнжил дотроо хөлөө жийлцэх болсон. Үндсэндээ LRT төслөөс болж МАН хот хөдөөгөөрөө, Увс, Улаанбаатараараа талцсан нь тус намд ан цав үүссэний илрэл. УЕП-оос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн нь МАН-ын хэрүүл, зодооны өрнөл гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Гэхдээ наанаа цусаа гартал зодолдох тэд цаанаа тосоо гартал тэврэлддэгийн бэлээхэн жишээ нь УИХ дөрвөн гишүүнээ хамгаалж, хайрцаглаж авч үлдсэн явдал. Улстөрчид эрх ашиг дээр нэгдэж, эрх ашиг дээр хагардаг нь “тавилан” хойно.

МАН

Эрх баригч МАН наанаа нэгэн цул мэт харагдавч цаанаа хэзээ мөдгүй шил мэт хагарахад бэлэн эмзэг байна. Хэдийгээр хагарсан толгойгоо малгай дотроо нуухыг оролдовч 2024 оны сонгууль ойртох тусам хэрүүл талцал нь улам томрох биз. МАН-ын дайсан МАН болсонд гайхах зүйлгүй. Өнөөдрийн гэхээсээ маргаашийн эрх мэдлийн төлөө тэд “ханцуй дотроо хутгаа нуугаад” явж буй нь ч худлаа биш. Хөгжлийн банкийг тоносон хэрэг, ХААН банкны хувьчлал тойрсон дуулианаас харахад их мөнгө, эрх мэдлээс болж МАН-ын тогоо хэзээ мөдгүй хагарч мэдэхээр. Үнэндээ эдийн засгийн хямрал дээр дотоодын дайснууд нь Л.Оюун-Эрдэнийн толгойны өвчин болсон. Нэг ёсондоо үнэмлэхүй эрх мэдэлтэй МАН-д үнэмлэхүй зовлон бий болсон.

АН шиг олон жижиг намаас бүрдээгүй ч Увсын, хотын, Сү-гийн, Хэнтийн гээд мөнгөтэй, нөлөөтэй том бүлэглэлүүд МАН-д бий.

Нөгөөтэйгүүр засгийн болон намын тамга хоёул Л.Оюун-Эрдэнэд бий ч У.Хүрэлсүхийн хүч нөлөө МАН-д хэвээрээ байгаа. Товчхондоо У.Хүрэлсүх МАН-аас явсан ч МАН түүнээс яваагүй. Дээр нь намынхаа гал тогоог дөрөв дэх удаагаа базаж буй генсек Д.Амарбаясгалангийн нэр нөлөө нам дотроо Л.Оюун-Эрдэнээс дутахгүй их. Одоогоор тэд хоорондоо эрх ашиг нэгдэж буй ч үүрдийн найз, дайсан байдаггүйг хэн хэн нь сайн мэднэ. Нэмээд Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нар хоорондоо эв түнжин муутай хэвлэлээр хэн хэнийгээ “барьж идээд” удаж байгаа. Гэх мэтээр МАН ёстой л цусаа гартал зодолдож буй. Гэхдээ АН-аас ялгаатай нь тэд том эрх ашиг дээрээ бол тосоо гартал тэврэлдэж чаддаг.

АН

Ардчилсан нам өнөөдөр орших, эс орших дээрээ тулчихсан яваа. Хэдийгээр УДШ-ээс С.Эрдэнийн талын намын дүрмийг бүртгэж авсан ч АН хоёр тамгатай, хоёр талд байлдсаар байна. Нэг талд нь Женко, нөгөө талд нь С.Эрдэнэ зогсч буй. Хоорондын хагарал, зодооноо МАН шиг хав дардаггүй, дотоод ардчилал гэх гоё үгээр тайлбарлаж ирсэн  Ардчилсан нам түүхэндээ ийм эв нэгдэлгүй, сул дорой явж ирсэнгүй. АН үнэт зүйл, үзэл бодол, өнгө ч бараг үлдсэнгүй. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэсэн АН-ын үнэт зүйлийг аль хэзээний МАН булаачихсан.

Хууль дүрмээрээ бол АН-ын жинхэнэ тамга С.Эрдэнийн талд байгаа. Харин хууль, шүүхийг нь худалдаж авдаггүй юм бол Х.Баттулгыг УДШ намын даргаар бүртгэх ямар ч боломжгүй юм. Гэвч Х.Баттулга улс төрд эргэж орохын тулд улайрсан бух шиг дөргүй зүтгэх болсноос харвал АН-ын хэрүүл, зодоон ойрын хугацаанд дуусахгүй байх. Жирийн гишүүд, дэмжигчид нь С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрыг хоёулаа АН-аас аль болох “зайлаад өгөөсэй” гэж битүүхэн хүсч буй нь худлаа ч юм шиг.

АН тогоогүй, малгайгүй байх нь МАН-д ашигтай. МАН сайндаа биш АН-ын мууд л дараалсан хоёр удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Эцэс төгсгөлгүй энэ их зодоонд хамгийн их тамирдаж байгаа нь АН өөрөө.

ХҮН

Өнгөрөгч Бямба гаригт ХҮН ээлжит бус VII Их хурлаа хийж, баруун төвийн үзэл баримтлалтай болсноо зарлав. Саяхныг хүртэл МАН-ын халаасны нам гэж хардагдаж явсан тус нам үзэл санаагаа өөрчилж, ардчилалтай, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт эдийн засгийг дэмжихээ намын дарга Т.Доржханд нь мэдэгдсэн. Монголын гуравдагч намын орон зайг нөхөж яваа тус намд бас л хагарал, талцал нүүрлэжээ. Тус намын хуульч Д.Үүрцайх үзэл баримтлалын зөрчилдөөнөөс болж намаасаа гарч байгаагаа ч илэрхийлсэн. Мэдээж, аль ч намд үзэл бодлын зөрчилдөөн байх нь ойлгомжтой. Гэхдээ ХҮН-ын хэрүүлийн ард МАН байхыг бас үгүйсгэхгүй.

ХҮН баруун төвийн үзэл баримтлалтай болсноо зарласан нь үхэх, сэхэхийн зааг дээр байгаа АН-ын орон зайг нөхөж, гишүүд дэмжигчдийнх нь саналыг авна гэж тооцсон байх. Нөгөө талаар Хөдөлмөрийн үндэсний нам биш ХҮН болгосон нь олон танигдсан нэрээрээ сонгуульд оролцох тактик байж магадгүй. Хөдөлмөрийн үндэсний нам гэхээр хүмүүс мэдэхгүй. ХҮН-аар нь таньдаг болсны хувьд.

Х.БАТТУЛГА НАМ БАЙГУУЛАХ УУ?

Улс төрийн хүрээнд яригдаж буй сэдвүүдийн нэг. Хэрэвзээ АН-ыг авч чадахгүй бол тэрбээр шинэ нам байгуулж, улс төрд орохоос өөр сонголт байхгүй. Үүнийгээ ч Х.Баттулга баараггүй тооцсон. Тиймээс Ногоон намыг худалдаж авсан гэх яриа ч улс төрийн хүрээнд сонсогддог. Нөгөө талаар МоАХ-г нам болгоно гэсэн мэдээлэл ч сэвэгдсэн. Ямар ч байсан Х.Баттулга бие дааж өрсөлдөхгүй нь тодорхой. УИХ-ын сул гишүүн байхыг тэр мэдээж хүсэхгүй. Түүний гол зорилго нь Л.Оюун-Эрдэнийн суудал. Хэдийгээр Ерөнхийлөгч нэр дэвших эрхээ Үндсэн хуулиар хязгаарлуулсан бол Ерөнхий сайд болох эрх түүнд нээлттэй. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад танхимаа өөрөө томилох чөлөөлөх том эрх мэдэл олгосон. Дээр нь АТГ түүний мэдэлд ирсэн. Тэгэхээр Х.Баттулгын хувьд намтай байж эрх мэдэлд хүрэхээ маш сайн мэдэж байгаа.

МАН ХҮСВЭЛ

Ямар ч байсан 2024 оны сонгуулийг угтаад Монголын улс төр хөдөлгөөнд оржээ. Авчиг сонгуулиас өмнө тогтолцоогоо өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх гээд Ардын намд хийх ажил их. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх нэн шаардлага ч үүссэн. Эв нэгдлийг илэрхийлэгч гэх утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай хуулийг  шинэчлэн өргөн барихаар бэлтгэж буй гэх. Гэхдээ энэ бүхэн үнэмлэхүй олон МАН-аас хамаарна. МАН хүсвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчилж, улс төрийн намууд шинэчлэгдэнэ гэсэн үг.

                                                                  Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж