"Гадаадын банкийг оруулахгүйгээр банкны орчин эрүүлжихгүй"

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

"Гадаадын банкийг оруулахгүйгээр банкны орчин эрүүлжихгүй"

"Гадаадын банкийг оруулахгүйгээр банкны орчин эрүүлжихгүй"

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар нөлөө бүхий банкуудын IPO гаргах хугацааг хойшлуулах эсэхийг хэлэлцэж байна. Олон улсын валютын сангаас IPO гаргах хугацааг түр хойшлуулах хэрэгтэйг дахин анхаарууллаа. Хэдийгээр банкууд IPO гаргахыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Банкуудын IPO хийх хугацааг хойшлуулах нь зүйтэй. Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдрал, олон улсын байдал зэргээс шалтгаалж бид IPO гаргасан ч үнэд хүрэхгүй, нурах эрсдэлтэй. Ер нь манай банкууд бизнесийн компани шиг болчихсон шүү дээ.  Ялангуяа  энэ нь Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкин дээр илүү тод илэрдэг. ХХБ өөрийн болон хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр ямар олон ААН-үүдийг худалдаад авчихсан билээ. Банкны хууль гаргаад  нэг эзэмшигчийн хувь 25-иас хэтрэхгүй, бизнес арилжааг шууд хамаарал бүхий этгээд хийхийг нь хориглосон. Гэтэл Голомт банк өнөөдрийг хүртэл хийгээд л явна. Ялангуяа нүүрсний том төсөл рүү дандаа ордог. Үүн дээр Монголбанк хяналт тавих ёстой. Гадаадын банкийг оруулахгүйгээр Монголын банкны орчин эрүүлжихгүй шүү.  Хойд Солонгос, Монголоос өөр гадаадын банк байдаггүй улс орон бараг байхгүй дээ. Хатуу дэглэмтэй Хятад гэхэд хичнээн олон гадаадын банктай билээ. Гадаадын банкийг оруулж ирэхэд бүх боломжийг ашиглах хэрэгтэй. Наад зах нь Оюутолгойн олон их наядаар тоологдох борлуулалтын мөнгийг Монголоор дамжуулах зүйл заалтыг хатуу баримтлахад гадаадын банк дагах гээд ороод ирнэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Хаан банк гэхэд хоёр хүний өмч, ХХБ нэг хүний өмч, Голомт банк нэг хүний өмч байх жишээний.  Монголд эргэлдэж байгаа мөнгөний  80 гаруй хувь нь дээрх гурван банкаар дамждаг. Хувь хүнд найдаад эдийн засгаа даатгасан улс Монголоос өөр байна уу. Монгол Улсын хөгжлийн гажуудал банкуудын хууль бус үйлдэлтэй шууд  холбоотой. Мөнгө яг хүрэх ёстой газартаа хүрэхгүй зөвхөн ашигтай газраа эргэлдээд байна. Тиймээс IPO гаргах нь чухал ач холбогдолтой. Банкуудын өөрийн хөрөнгө дутагдалтай, зээлийн хүү өндөр учраас  төрийн бодлого банкуудын хувь эзэмшлийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой.   30 жил 1-2 хүний өмч болох том банкууд монополь хийсэн. Банкууд хууль бус үйл ажиллагаанд ихээр оролцож байна. Тиймээс хугацааг нь хойшлуулах ямар шалтгаан байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Банкны тухай хууль 2021 оны нэгдүгээр сарын 29-нд гарсан. Банкууд IPO гаргах нь дунд хугацаанд буюу 5-8 жилийн хугацаанд хийгдэх ажил. Хууль батлагдах явцад ажлын хэсгээс  банкуудыг богино хугацаанд хувьчлах буюу гурван жилийн дотор багтааж 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд  бүх ажлыг хийж дуусгасан байх ёстой гэж тусгасан.  2022 оны зургадугаар сарын 30-ны дотор таван банк IPO зэрэг гаргахаар  байсан. Гэвч олон улсын байгууллагаас активын чанарын үнэлгээг 2017 онд Европын төв банкны аргачлалын дагуу хийхэд зарим банкуудад өөрийн хөрөнгө дутагдаж байна гэх дүгнэлт гарсан. Одоо банкуудын санхүүгийн тайланд ийм хэмжээний үнэлгээг хийх нь зүйтэй.   2021 оны санхүүгийн тайлан хэдийгээр олон улсын аудитын байгууллагаар үнэлэгдсэн ч гэсэн Монголбанкнаас цар тахлын үед үзүүлсэн хөнгөлөлт чөлөөлөлт, Орос, Украины асуудал  банкны санхүүгийн салбарт  сөрөг нөлөө үзүүлэхээр байнөа.

Тиймээс Төв банкны зүгээс банкуудын IPO гаргах хугацааг хойш нь сунгаж өгөх, бүгдийг нь зэрэг биш дэс дараатайгаар гаргах саналыг дэвшүүлж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

Банкны систем маш хурдацтай тэлж байна. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээгээр банкууд ард түмний хадгаламж эх үүсвэрийг өөр дээрээ ачааллах тусам өөрийн хөрөнгөөр эрсдэл хаах чадамж нь илүү нэмэгдэх ёстой. Мөн тэр хэмжээгээр олон нийтийн хяналтад орох нь системийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Банкууд IPO гаргах хугацаа нь дөхөөд эхэлтэл  эдийн засаг олон улсын тодорхойгүй байдал, Төв банкны нөөцийн эрсдэл богино хугацааны төлбөрийн тэнцлийн гадаад шокоос шууд хамааралтай байдал зэрэг нь сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эргээд банкны системийн тогтвортой байдлыг алдагдуулах вий гэж болгоомжилж байгаа Төв банкны байр суурьтай санал нийлж байна. Эхний ээлжид хэдэн банк IPO гаргах боломжтой вэ? Тэр банкуудаа дашуурдаад хойшоо явуулчихгүй биз дээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-2021 оны зургадугаар сарын 30-нд системийн таван банк хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болж бүртгүүлээд олон нийтэд хувьцаагаа арилжаалахаар бизнес төлөвлөгөөгөө ирүүлсэн. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран шалгаж  байна. Эхний банк СЗХ-оос хувьцаагаа арилжаалах зөвшөөрөл удахгүй авна. Банкуудын активын чанарын үнэлгээ буюу санхүүгийн тайлан нь олон улсын аудитын байгууллагаар үнэлгээ хийгдсэн. Гэсэн ч Монголбанкны зүгээс хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд активын чанарын үнэлгээг энэ оны наймдугаар сард багтааж системийн таван банкинд хийнэ. Үүний дараа IPO гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж