Орос, Украины геополитикийн асуудал, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал алтны эрэлтэд эерэгээр нөлөөлсөөр байна. Тухайлбал, манай урд хөрш БНХАУ-д цар тахлын тохиолдлын тоо өсч буйтай холбоотойгоор хөл хориог чангатгасан нь алтны эрэлтэд гол нөлөө үзүүлжээ. “World Gold Council” компанийн гүйцэтгэх захирал Андрью Нэйлор “БНХАУ-ын дотооддоо хэрэгжүүлж буй хөл хорионы арга хэмжээ эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа ч оны эхний улиралд алтны эрэлт 34 хувиар өссөн" гэж онцолсон байна. Алтны томоохон зах зээлүүдийн нэг БНХАУ-д алтны жижиглэн худалдан авагчдын эрэлт өндөр тул зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй юм. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа алтны ханш, эрэлтийн мэдээллийг онцоллоо.
Он гарснаас хойш тав орчим хувиар өсч, унц нь 1910 ам.долларт тогтворжоод байсан алтны үнэ сүүлийн 10 долоо хоногийн доод түвшинд хүрч буурав. Тодруулбал, алтны үнэ Мягмар гариг (2022.05.03)-ийн байдлаар 2.2 хувиар буурсан нь өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас хойших огцом унасан дүн болов.
Алтны спот үнэ 1.7 хувиар буурч, унц нь 1865 ам.долларт хүрчээ.
Лондоны металлын бирж (LME) дээр алтны үнэ өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс хойш анх удаа унц тутамдаа 1.9 мянган ам.доллараас доош буусан. Тус үнэт металлын үнэ өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт 1.84 хувиар буурч, нэг унц нь 1898 ам.долларт хүрчээ.
Үүний зэрэгцээ алт олборлогч компаниудын хувьцааны ханш буурах сөрөг хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Хойд хөршийн буюу Москвагийн бирж дээрх “Полюс” компанийн хувьцааны ханш 4 хувиар буурч, нэгж хувьцаа нь 12836 рубль, “Полиметал” компанийн хувьцааны ханш 10 хувиар буурч, 697.1 рубль болсон байна. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний улмаас "Полиметал" 2023-2026 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулж байгаагаа мэдэгдэв.
Өмнө нь 2022 онд 1.75 сая унц алт олборлохоо зарлаад байсан тус компани 2023 онд олборлолтыг 1.65 сая унц, 2024, 2025 онд 1.85 сая унц түвшинд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Харин 2026 онд олборлолтын төлөвлөгөө 1.9 сая унц байсныг 1.8 сая унц болгон бууруулах бололтой.
Алт нь инфляциас хамгаалах гол хэрэгслээр нэрлэгддэг. Дайны улмаас дэлхийн орнуудад инфляцийн дарамт эрчимжиж, улс бүр дор бүрнээ эдийн засагт илүү эерэг байх шийдлүүдийг эрэлхийлсээр байгаа билээ.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, хөрөнгө оруулагчид АНУ-ын холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо илүү чангатгана гэсэн хүлээлттэй байгаа аж. Эдийн засагчид “Холбооны нөөцийн банк 40 жилийн дээд түвшиндээ хүрээд буй инфляцийг бууруулахаар бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх магадлалтай” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Дэлхийн хэмжээнд алтны эрэлт 34 хувиар өсч буйд томоохон институц дунд эрэлт өндөр байгаа нь голлон нөлөөлж байгаа аж. Сингапурын инфляци сүүлийн 10 жилийн, Австралийн инфляци сүүлийн 20 жилийн дээд түвшиндээ тус тус хүрчээ.
“World Gold Council” компанийн Гүйцэтгэх захирал Андрью Нэйлор "Инфляциас хамгаалах гол хэрэгс алт нь институцын эрэлт нэмэгдэх гол хөшүүрэг болж байна. Түүнчлэн Украин дахь нөхцөл байдал, геополитикийн асуудлуудтай холбоотойгоор алтны эрэлт нэмэгдэж байна” гэж мэдэгджээ.
Монголбанкны хувьд сүүлийн таван жилийн хугацаанд 100 орчим тонн үнэт металл худалдан авч, гадаад валютын албан нөөцийг 3.8 орчим тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ.
Төв банк мөн Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгууллаа. Уг гэрээг байгуулснаар иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд алт, үнэт металл худалдахад Стандарт хэмжил зүйн газраас сорьцын баталгааг цахимаар авч, тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой болов. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд алт, үнэт металлаа Монголбанкинд тушаахтай холбоотой үйл ажиллагааг хялбаршуулж, цаг зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар өнгөрсөн хоёрдугаар сард арилжааны банкны төлөөллүүдтэй уулзаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон. Улмаар тус хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэнээ танилцуулсан билээ.
Журмын хэрэгжилтийн хүрээнд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2021 онд олгосон ба компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулжээ. Иймд алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг 2022 онд үргэлжлүүлэхээр болж, талууд санал нэгдсэн билээ.
Эх сурвалж: УУХҮЯ, МОНГОЛБАНК, BLOOMBERG, TASS, GOLD PRICE, REUTERS
Холбоотой мэдээ