Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2022.5.3/ тохиож байна. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр улам хойшилж буй нь анхаарал татах асуудал юм. Хэвлэлийн эрх чөлөөг боомилдог хамгийн том хүчин зүйлс бол төрийн бодлого. Үгээ хэлж, үзэл бодлоо иргэд илэрхийлэх нь хэвлэлийн эрх чөлөөний илрэл. МАН засгийн эрхэнд гарснаас хойш Монголд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үг, үйлдэл цөөнгүй гаргах болсон. Үүний нэг нь "доромжлох" заалтыг Эрүүгийн хуульд суулгаж өгөхөөр санал гаргасан явдал.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд доромжлох хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Энэ талаарх талуудын байр суурийг хүргэе.
Хуульч Л.Галбаатар:
-Хүнийг доромжлох асуудал нь иргэний маргаан байдлаар шийдэгдээд гэм хор учруулсан бол хохирлоо барагдуулаад явах бүрэн боломжтой. Хүний нэр төр, алдар хүндийн хэмжүүр нь харилцан адилгүй. Намайг Болд доромжилсон гэдгийг тухайн хувь хүн өөрөө нотлох нь илүү оновчтой. Эрүүгийн хуульд доромжлох гэх заалтыг оруулбал иргэд үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрхгүй болно гэсэн үг.
Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөнө. Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр доромжлох заалтыг оруулж болохгүй.
Би хувьдаа үүний эсрэг байна. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал комеди хийдэг хүмүүс хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Уг нь тэд энгийн иргэнийг биш олон нийтийн хяналтад байдаг улстөрчдийг шоглодог. Улстөрчдийн хувьд тэдний үгэнд эмзэглэж хандах нь утгагүй. Цагдаад гомдол гаргалаа гэхэд тухайн комеди хийдэг хүнийг дуудаж мэдүүлэг авна. Яваандаа “Би ингээд хэлчихвэл торгуульж, шоронд орох вий. Ер нь тэгж ажил, амьдралаа алдаад яах вэ” гэж бодно. Улмаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээ больж өөрөө, өөрийгөө цагдаж эхэлнэ.
Ерөнхийдөө эрүүл дуу хоолойг шууд бусаар боомилж байгаагаас өөрцгүй. Энэ байдлаараа ард иргэдийн хувьд нам, засгийг муулж болохгүй, дарга нараа өргөмжилж, бахдаж байх ёстой гэх байдалд оруулах нь.
Тиймээс зөвшөөрөгдсөн үнэнг ярих нь доромжлол болчихож байгаа юм. Төрийн зүгээс хариуцлага тооцдог байх л юм бол улстөрчид, төрийн албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилсэн, хардсан хэн бүрийг хуулийн заалтаар залхаан цээрлүүлдэг болно. Ер нь улстөрчид, эрх баригчид өөрсдийг нь сөрдөг, шүүмжилдэг хүмүүсийн амыг хаах арга нь хуулийн зохицуулалт болчихжээ. Нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд доромжлох, гүтгэх заалт нь Эрүүгийн хуульд байх ёсгүй гээд зөвлөмж хүргүүлсэн. Удалгүй дээрх хоёр заалтыг хассан ч буцааж сэргээх гээд байгааг огт ойлгохгүй байна.
“UB comedy” Клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг:
–Бид улстөрчдийн буруу шийдвэрийг шүүмжилдэг. Харин ч өөрсдийнхөө буруу үйлдлийг бусдаар хэлүүлэхгүйн тулд эрх баригчид хичээж ажиллах ёстой. Гэтэл доромжлол гэж хараад комедиан нарт ял шийтгэл оноох нь буруу. АНУ-д гэхэд ерөнхийлөгчөө хүртэл шоглоод явж байх жишээний. Тэр бүр дээр цагдаад өргөдөл, гомдол бариад гүйдэггүй. Харин ч алдаагаа засахын төлөө тэд явдаг. Энэ нь эрүүл сэтгэхүйтэй насанд хүрсэн хүний үйлдэл. Хууль санаачилсан гишүүд ард иргэд бие, биеэ доромжилж байгааг болиулахын тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж би лав бодохгүй байна.
Комедиан Д.Амартүвшин:
–Бусдын анхаарлыг энэ хуулиар татаж, цаагуураа хороо найруулаад явж байх вий. Би хувьдаа энэ хуулийн заалтыг батлагдана гэж бодохгүй л байна. Эрх баригчид нийгмийн анхаарлыг өөр тийшээ хандуулж араар нь хуулийн гол юмнуудаа хийдэг шүү дээ. Үнэхээр хуульд доромжлох заалтыг нэмэхээр байсан бол нууж л хийх байсан байх.
Цахим орчинд иргэд эрх баригчдыг битүү шүүмжилж байхад тэдэнд бас хариуцлага хүлээлгэх юм уу. Ийм утгагүй зүйл гэж юу байх вэ дээ.
Нэг үеэ бодоход залуус үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг зүйл ард хоцорсон. Цахим орчин хөгжсөн учраас монголчууд үзэл бодлоо илэрхийлж сурч байна.
Ард иргэдийн амьдралд олон асуудал үүсч, дээрээс нь улстөрчдийн оновчгүй шийдвэртэй холбоотойгоор иргэд айхгүйгээр үгээ хэлж байна. Ямар нэгэн айдасгүйгээр зоригтой үзэл бодлоо хэлдэг олон залуус бий. Уг нь хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, манайд бол эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчхоод байгаа шүү дээ.
Сэтгүүлч С.Батзаяа
-Монгол хэлний тайлбар тольд доромжлох гэдэг үгийг бусдын нэр хүнд, алдар нэрд амаар болон бичгээр басамжлан гутаах гэсэн утгатай байна. Монгол Улсад гутаах, доромжлох гэсэн хууль зүйн тайлбар нь байхгүй. Нөгөө талаас элэглэл, гүтгэлгийг доромжлолоос яаж ялгах вэ? Адил төстэй ойлголтуудыг хуулийнхан болон гомдол гаргагч нар ойлгодоггүй болох нь өнгөрсөн хугацаанд сонгуулийн үеэр тод харагдсан. Гэтэл Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох заалтыг тусгавал гомдол гаргагч нь өөрийн үзэмжээр цагдаад ханддаг, дууддаг асуудал нь нэмэгдэнэ.
Гомдол гаргагч нь өөрөө алдар хүндийг тодорхойлох уу аль эсвэл хуулийн хүрээнд авч үзэх үү? Тиймээс энэ хуулийн заалт бол ухралт.
2002 оны Эрүүгийн хуулийн заалтаас гүтгэх, доромжлох хэсгийг хассаныг л сэргээх гэж байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, сэтгүүлчийн ажлыг улам хязгаарласан л үйлдэл болж байгаа юм. Мөн зарим ажил мэргэжлийг байхгүй болгох нь. Жишээ нь элэглэл буюу комедиан. Жишээ нь, Ерөнхийлөгчийг элэглэх бүрт гомдол гаргаад байвал яах вэ. Тиймээс улс төрийн соёл тогтох хэрэгтэй. Мөн сэтгүүлчийн ажил, мэргэжлийн онцлогийг хуулиар хамгаалах шаардлагатай.
МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа
-2017 оноос Зөрчлийн тухай хуулиар хүний нэр төрд халдах зөрчлийг шийдвэрлэдэг болсон. Гэхдээ шалган шийдвэрлэж буй процесс нь эрхзүйн хамгаалалтгүй байсан. Хорооны цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч зэрэг төрийн албан хаагч нар үзэмжээрээ хандах тохиолдол ажиглагдсан. Мөн 2019 онд УИХ-ын ажлын хэсгээс томъёоллыг өөрчилж худал мэдээлэл гэсэн заалтыг Эрүүгийн хуульд тусгаснаар 13.14 дүгээр заалт батлагдсан байдаг. Энэ заалт батлагдахаас өмнө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хүний нэр төрийг хамгаалах харилцаа Иргэний хуулиар зохицуулагддаг атал эрх зүйн давхардал үүсгэж байна. Иймд Эрүүгийн хуульд оруулж байгаа нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
Гэтэл өнөөдөр сэтгэл нь ханахгүй Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэсэн заалтыг тусад нь оруулахаар болж байна. Хүний нэр төрд халдсан асуудал нь нэн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчдэд яригддаг.
Нөгөө талд эрх мэдэлтнүүд гомдол гаргаж байдаг. Ер нь гадаадын улс орнуудад хүний нэр төрийг хамгаалах харилцаа Иргэний хуулиар зохицуулагддаг. Эсрэгээрээ Монголд Эрүүгийн хуулиар зохицуулах гэж байгаа нь мөнгөөр дамжуулан эрх мэдэлд хүрсэн эрх мэдэлтнүдийн эрх ашгийг хамгаалах заалтыг л Эрүүгийг хуульд тусгах гэж байна. Энэ нь зөвхөн мэдээллийн хэрэгсэл төдийгүй иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах эрсдэлтэй.