УЕП даагаа нэхэж, УИХ шийдвэрээ хамгаалах уу?!

Хуучирсан мэдээ: 2022.05.03-нд нийтлэгдсэн

УЕП даагаа нэхэж, УИХ шийдвэрээ хамгаалах уу?!

УЕП даагаа нэхэж, УИХ шийдвэрээ хамгаалах уу?!

УЕП-оос нэр бүхийн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа УИХ-д хүргүүлсэн. Гэвч, өнгөрөгч Баасан гаригт УИХ-ын чуулганаар Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын  гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж ангийн нөхөд нь кноп дарсан билээ.  Өөрөөр хэлбэл, заавал гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болно гэж парламент үзсэн. Тэгвэл дээрх гишүүдийг түдгэлзүүлэх саналыг АТГ, прокурорын байгууллагаас УИХ-д дахин оруулна гэсэн мэдээлэл сонсогдох болсон.

УЕП-ийн "занаад" орсон дөрвөн гишүүнийг авч үлдэхэд Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хамгийн их үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, гишүүдийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн прокуророос оруулж ирсэн хэргийн материалтай танилцсан. Улмаар санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Эцэст нь чуулганаар нууц санал хураалт явуулж дээрх дөрвөн гишүүнийг авч үлдсэн юм.  УИХ ийм шийдвэр гаргасан нь нэг ёсондоо парламентын дархлаа, чадамж муудна гэж үзсэнтэй холбоотой байх. Учир нь, тэдний араас "төрхөмдөө буцах" гишүүдийн нэрс  ч мөн сонсогдож буй. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүллээ гэхэд Хөгжлийн банкны дуулиан болон авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон бусад гишүүдээс ч иргэд шударга ёсыг нэхэхэд хүрнэ.  Нөгөөтэйгүүр, парламентын нэр хүндэд муугаар нөлөөлнө.  Дараа, дараагийн олон гишүүдэд анхааруулга, айдас төрүүлэх учраас тэд ангийн дөрвөн гишүүнээ бодсондоо биш өөрсдийнхөө "амийг хамгаалсандаа" л авч үлдсэн болов уу.

Харин МАН-ын авлигатай тэмцэнэ гэсэн амлалтад ахиад ард иргэд итгэхгүй гэсэн үг.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай хатуу тэмцэхээ байнга хэлдэг.  Түүний авлигатай тэмцэх ажил парламентаас эхлэх ёстой байлаа. Үнэндээ МАН-ынхан наанаа амаа задартал хэрэлдэж буй ч хаалттай хаалганы цаана тас өмөөрөөд үлдсэн нь Ерөнхий сайдынхаа үг, үйлдлээс зөрсөн асуудал бүр биш. Намын даргынхаа үгнээс зөрж, "хар толгой"-гоо авхуулахыг хэн ч хүсэхгүй нь тодорхой.

Олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн Даваа гаригт Улсын Ерөнхий прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн дагуу асуудлыг хэлэлцэж Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдаж гишүүдээс тодруулга авсан. Баасан гаригт уг асуудлыг УИХ хэлэлцсэн. Гол нь Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай танилцах эрхтэй ганц хороо. УИХ гишүүдийг шалгуулахгүй гээгүй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах бүрэн боломжтой байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэгийн тухай хуулиар гишүүдээс нууцаар цаасаар санал хураадаг. Тиймээс гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр дэд хороо болон байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэж саналаа өгсөн байх” гэсэн үгээр өөрсдийгөө хамгаалсан.

Ийнхүү бүлгийн даргын бөөрөнхий хариултаас харвал УЕП-оос асуудлыг ахиад оруулж ирсэн УИХ өмнөх шийдвэрээ хамгаалж үлдэх нь тодорхой. Үгүй бол нэг асуудал дээр хоёр шийдвэр гаргаж, орон гаран парламент болж харагдах биз.

 Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайханы хувьд Халдашгүй байдлын дэд хорооны хуралд баримтдаа үндэслэн итгэл дүүрэн орсон. Ерөнхий прокурорын хэлсэнчлэн гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын  урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа гэдгээ хэлсэн. Дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хэрвээ гишүүдийг чуулганаар авч үлдвэл яах вэ гэдэг асуултад хуулийн байгууллага мухардалд орно гэдэг тайлбарыг өгсөн. Тэгэхээр УИХ, УЕП хоёрын хэн нь дийлэх нь удахгүй ахиад харагдах биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж