Үдийн 16:00 цагийн орчинд талбайн усан оргилуур буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд оюутан залуус сууж, зарим нь ролк, скүтрээр гулгаж байв. Харамсалтай нь усан оргилуурыг зорин ирсэн залуус шороо, тоостой сарзайсан хэдэн төмрийг харан сууна. Зуны улирал ирж, хуурайшилт эхэлсэн учраас сэрүүцэхээр усан оргилуурыг зорин ирсэн нь ч байлаа. Даанч усан оргилуур нь ажиллагаагүй хэвээр.
“Усан оргилуурыг ажиллаж эхэлсэн байх гээд ирсэн. Эдийн засаг хүндрэлтэй цаг үед усан оргилуур гэх мэтийг барих шаардлагагүй байсан. Гэхдээ зориглоод шийдээд хийсэн бол олигтойхон юм хийхгүй. Ер нь сэтгэл дундуур байна” гэж Б.Мөнхгэрэл ярив. Талбайн усан оргилуур хэзээнээс ажиллахыг хот тохижилтын газраас тодруулах гэсэн боловч хариулах хүн олдсонгүй.
Ямартай ч Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр энэ сарын 20-нд Улаанбаатарын усан оргилууруудыг нээх чиглэл өгсөн гэнэ.
Улаанбаатар хотыг усан оргилуургүй хот гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх. Өнгөрсөн хугацаанд нийслэлд нийт 145 усан оргилуур байгуулсан ч ердөө 50 орчим нь л ажилладаг гэдгийг албаныхан хэлэв.
“Төв талбайд усан оргилуур байх нь зөв. Төв талбай дээр иргэд амарч, тухлахад хэрэгтэй. Өвөрмонголд явж байхад талбай дээрээ маш сайхан усан оргилуур барьсан байдаг. Тэнд соёлтой сайхан сууж, дасгал хөдөлгөөн хийдэг хэв маяг байдаг юм билээ. Талбайн усан оргилуур баригдаж байхад цар тахлын үед хэрэггүй хөрөнгө оруулалт гэж бодогдож байсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн хэрэгтэй хөрөнгө оруулалтыг сонгодог байх ёстой. Миний хувьд барих эхэсэд эргэлзэж байсан. Сонгуулийн шоу маягийн бүтээн байгуулалт хийх ёсгүй байсан" гэж тэнд амарч суусан нэгэн иргэн шүүмжлэв.
Хүүхдээ тоглуулахаар төв талбайн усан оргилуурыг зорьж ирсэн Д.Оюунсүрэн “энэ усан оргилуурыг усаар дүүргэдэг бол харамсалтай байна. Төвийн цэвэр усны шугамдаа холбочихож болдоггүй юм байх даа. Мөнгө зарлагадчихаад барьсан хойноо ингэх хэрэг байхгүй” гэсэн юм. Иргэдийн зүгээс зөвхөн зундаа ажилладаг усан оргилуур биш жилийн дөрвөн улиралд үр өгөөжөө өгдөг бүтээн байгуулалт хийх хэрэгтэй" байгааг хэллээ.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийж, 84м урт 23.6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шаталсан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбайг бий болгосон. Гэхдээ цар тахлын үед хүмүүсийн бөөгнөрөл, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, цагийн хуваартайгаар ажиллаж байв.
Эргэн сануулахад Хотын дарга асан С.Амарсайхан цар тахлын үед усан оргилуурыг 3.2 тэрбум төгрөгөөр барьж байгуулсан нь тухайн үед шүүмжлэлийг дагуулж байв. Ингэхдээ Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байлаа. Харин тус усан оргилуурыг усаа усны машинаар зөөж буй зураг багагүй шүүмжлэлд өртөж байв. Энэ талаар тухайн үеийн Хот тохижилтын газрын дарга хэлэхдээ усаа зөөдөггүй, буруу ташаа мэдээлэл цацагдсанд харамсч байгаагаа хэлж байсан. Цар тахлын үед тус усан оргилуурыг ашиглалтад оруулахад иргэд эмч эмнэлгийн ажилчдад цалин урамшууллын нь нэмэгдүүлж, эмнэлгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолж байв. Өөрөөр хэлбэл зөвхөн зундаа ажилладаг усан оргилуур нийслэлд хэрэгтэй юу гэдгийг хөндлөнгийн шинжээчдээс тодруулаа.
УЛСТӨРЧИД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛДАГ
Дэлхийн банкны макро эдийн засгийн төслийн зөвлөх Д.ГАНБАТ:
-УИХ олон жил төсвийг дандаа алдагдалтай баталж байгаа. Улсын төсвийн алдагдал Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлдэг. Улсын төсвийн алдагдлын зөрүүг гадаадаас хүүтэй зээлээр улс санхүүжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна. Төрийн өмчит газрын өрийг оролцуулбал 10 тэрбум ам долларт хүрнэ. 10 тэрбум ам.доллар гэдэг өнөөгийн валютын ханшаар тооцоолбол 30 гаруй их наяд төгрөг юм. Засгийн газар гадаад өрийг төлөх чиглэлээр хариуцлагагүй ажиллаж байна. Гадаад өрийг төсвөөс тодорхой хэмжээнд төлж, багасгаж, төсөвт учрах дарамтыг багасгах ажлыг Засгийн газар хариуцах ёстой байтал өрийг өрөөр дарж, ирээдүйд Монгол Улсын үр хойчид учрах өрийн дарамтыг байнга нэмэгдүүлж, хариуцлагагүй ажиллаж байна.
УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, өрийн стратеги гэх мэт хууль тогтоомжийг баталсан. Гэтэл тухайн хууль тогтоомжид заасан, төсвийн тусгай шаардлага, ДНБ-д харьцах хэмжээ мөн өрийн хэмжээ, төсвийн алдагдлын хувь хэмжээ тодорхой лимитийн хязгаартай батлах ёстой байтал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа байнга өөрчилж, улстөрчид УИХ-ын гишүүдийн хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд үр ашиггүй хөрөнгө оруулалтыг орон даяар хийж байна.
Нэг жишээ нь зөөврийн усан оргилуур. Усны машинаар усаа зөөдөг гэж байгаа. Дэлхийд ийм усан оргилуур байдаггүй байх. Улстөрчид улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулдаг. Угтаа бол байгаа төсвийн хүрээнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийгээд үлдсэн мөнгөөр гадаад өр төлбөрөө барагдуулж, ирээдүйд учрах төсвийн дарамтаа багасгах нь зөв.
Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй бүтээн байгуулалт хийж буйд иргэд санаа зовж байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Нийслэлийн удирдлагуудын хамгийн том алдаа иргэдээ сонсохгүй ард түмний татварын мөнгийг буруу зүйлд зарцуулж байгаа тул иргэдээс цахим буюу цаасаар ажлын албаны залуустайгаа төвийн зургаан дүүрэг хүн их цугладаг газруудаар өөрийн биеэр явж санал асуулга авч байна.
Удирдлагуудын хэлж байгаа "Аз жаргалтай Улаанбаатар" хотод тоггүй лаа бариад хонож байгаа айл өрхүүд маш олон байна. Ээжүүд, ахмадууд эмнэлгийн цементэн шалан дээр хэвтэж байна.
Бид бодлогын түвшинд ул сууриар нь өөрчлөхгүй бол энэ хотод амьдрах аргагүй байдал үүсч байна. Төсвийн хөрөнгө үр ашиггүй хөрөнгө оруулалтын тод жишээ нь талбайн усан оргилуур. Тиймээс хөшөө дурсгал, усан оргилуур барихаас илүүтэй нийслэлийн төсвийг эрэмбэлж, нэн чухал шаардлагатай ажлуудаа хийх ёстой" гэдгийг хэллээ.