Төрийн хэмнэлтийн бодлого спортын салбар руу орно гэлээ. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад олгодог урамшууллыг хэмнэе. Амжилт гаргасан үед нь нэг удаагийн урамшуулал байж болох юм. Сар бүр насан туршид нь урамшуулал олгодгийг зогсооё. Ийм санал нэмэхийг гишүүд маань дэмжиж өгөөч" гэж ярьсан.
Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн 67 тамирчинд сардаа 154 сая төгрөг, жилдээ нэг тэрбум 848 сая төгрөгийн урамшууллыг төрөөс өгдөг. Хамгийн өндөр урамшууллыг паралимп, дэлхийн аварга Э.Содномпилжээ авдаг байна. Тэрбээр сард 10 сая төгрөгийн хишгийг төрөөс хүртдэг бол түүний араас найман сая төгрөгийн урамшуулал авдаг пара таеквондогийн дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ, 7.5 сая төгрөгийн урамшуулал авдаг олимп, дэлхийн медальтнууд болох З.Ойдов, Н.Түвшинбаяр нар удаалдаг.
Н.Түвшинбаярын үйлдсэн хэрэгтэй холбогдуулан олимп, дэлхийн медальтнуудад урамшуулал олгохдоо гэмт хэрэгт холбогдсон эсэхийг нь харгалзах үзэх ёстой гэж нэг хэсэг ярьж байсан ч удалгүй нам жим болсон.
Тамирчдад олгодог урамшууллыг зогсоох тал дээр хүндийн өргөлтийн дэлхийн аварга М.Анхцэцэг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хүмүүс тамирчин болгон авдаг гэж боддог юм болов уу ? Бүх тамирчид авдаггүй юм шүү дээ. Зөвхөн олимпын төрлийн спортын дэлхийн аварга, олимпоос медаль авсан хүмүүс л авдаг.
Тэр амжилтанд хүрэх гэж 10-20 жилийг зөвхөн бэлтгэлд зориулдаг. Тамирчин болоод хажуугаар нь сураад явна гэвэл өндөр зэрэглэлийн тамирчин хэзээ ч болж чадахгүй. Амьдрал, боловсрол, ар гэр гээд бүх юм л хаягддаг.
Дэлхийд хамгийн их хүн үзэж сонирхож улсаа бусдад таниулах боломж чинь спорт шүү дээ. Олон тамирчин карьераа дуусгаад хэн ч биш болж л байсан. Бас олон тамирчин амьдралын баталгаанд хүрэх гэж илүү их хичээж байхыг харсан. Манайд гадны улс орон шиг тамирчдаа (үндэсний бөхөөс бусад) дэмждэг байгууллага цөөхөн байдаг. Сүүлд нь Монгол Улсын хэмжээнд энэ шагналыг авдаг 50 гаран хүн л байдаг юм шүү. Тэрнээс бүх тамирчин авдаггүй” гэв.
Дэлхийн жишгийг дагах бус дэлхийн тэргүүлэх жишиг болъё. Манай улсаас өөр олимп, дэлхийн медальтнууддаа сар бүр урамшуулал олгодог ганц улс байгаа нь Малайз. Хэрэв тус улсын тамирчин олимп, паралимпоос алтан медаль авсан бол 1,182 ам.доллар, мөнгөн медаль авсан бол 709 ам.доллар, хүрэл медаль авсан бол 437 ам.доллар тус тус насан туршдаа сар бүр хүртдэг.
Дараах улс орнууд нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгодог.
УЛС | АЛТАН МЕДАЛЬ | МӨНГӨН МЕДАЛЬ | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
СИНГАПУР | 744,000 ам.доллар | 372,000 ам.доллар | 286,000 ам.доллар |
ХОНГКОНГ | 644,000 ам.доллар | 322,000 ам.доллар | 161,000 ам.доллар |
КАЗАХСТАН | 250,000 ам.доллар | 150,000 ам.доллар | 75,000 ам.доллар |
ИТАЛИ | 212,400 ам.доллар | 106,200 ам.доллар | 70,800 ам.доллар |
УНГАР | 167,500 ам.доллар | 125,600 ам.доллар | 95,500 ам.доллар |
ОРОС | 61,000 ам.доллар | 38,000 ам.доллар | 26,000 ам.доллар |
ФРАНЦ | 65,000 ам.доллар | 25,000 ам.доллар | 15,000 ам.доллар |
АНУ | 37,500 ам.доллар | 22,500 ам.доллар | 15,000 ам.доллар |
ӨМНӨД АФРИК | 37,000 ам.доллар | 19,000 ам.доллар | 7,000 ам.доллар |
ГЕРМАН | 22,000 ам.доллар | 17,000 ам.доллар | 11,000 ам.доллар |
КАНАД | 16,000 ам.доллар | 12,000 ам.доллар | 8,000 ам.доллар |
MАЛАЙЗ | 241,000 ам.доллар | 72,200 ам.доллар | 24,100 ам.доллар |
БРАЗИЛ | 47,500 ам.доллар | 28,500 ам.доллар | 19,000 ам.доллар |
ЯПОН | 45,200 ам.доллар | 18,100 ам.доллар | 9,045 ам.доллар |
АВСТРАЛИ | 15,100 ам.доллар | 11,400 ам.доллар | 7,600 ам.доллар |
Зарим улсын нэг удаагийн урамшуулал дэндүү өндөр. Хэрэв манайх ийм хэмжээний мөнгийг нэг удаад олгоно гэвэл төсөвт дарамт болох нь дамжиггүй. Тэтгэмж гэдэг бол тухайн тамирчны ардах амьдралдаа санаа зоволгүй, давхар ажил хийлгүй бэлтгэл сургуулилтаа хийх, амжилтаа бататгах, ахиулах үндэс, хөшүүрэг.
Спортын салбартай холбоотой бас нэг хэмнэлтийн бодлого яригдаж байгаа нь спорт хороодыг татан буулгах тухай. Хэрэв энэ ажил бодитой ажил хэрэг болвол Монголын спортын хөгжилд чөдөр тушаа болох нь лавтай. Учир нь “Алдар”, “Аврагч”, “Хилчин”, “Сүлд” зэрэг эдгээр хороодоос олимп, дэлхийн медальтнууд, шилдэг тамирчид олноор төрдөг. Өөрөөр хэлбэл, дараа үеийн спортын боловсон хүчин бэлддэг газрууд бол спорт хороод. Ажил үүргийн хувьд ч бэлтгэл, сургуулилтаа хийхээс гадна үндсэн албаа хаадаг нь болохыг бид хөл хорионы үеэр хангалттай харсан.
Нөгөө талаараа Монголд клубын тогтолцоогүй төдийлөн сайн хөгжөөгүй. Олон улсад ПСЖ, Реал Мадрид, Барселона, Фенербахче гээд спортын төрөлжсөн клубууд шигшээ багийн тамирчдын дараа үеийг бэлтгэж, цалинжуулдаг. Орост л гэхэд Динамо, Спартак, ЦСКА, Зенит, Локомотив, Трудовые Резервы зэрэг нэгдлүүдээс үеийн үед шилдэг тамирчин төрөн гарч ирж байсан билээ. Харин манайд энэ үүргийг спорт хороод гүйцэтгэдэг гэхэд хилсдэхгүй. Хэрэв спорт хороод үгүй болвол зөвхөн шигшээ багийн тамирчид ч цалин авдаг болно, залуучууд өсвөр үеийн тамирчдыг бэлтгэх орчин нөхцөл улам хумигдана л гэсэн үг.
Ерөнхийдөө хэмнэлтийг спортын салбарт хэрэгжүүлж байгаа нь арга ядсан үйлдэл. Өмнөх үеэ бодвол төрөөс спортын салбарт хандах хандлага, хөрөнгө оруулалт нь эерэгээр өөрчлөгдсөн ч хангалттай биш буй. Тамирчдынхаа тэтгэмжийг хассанаас хэрэггүй олон дэд сайд, дарга нарынхаа цалинг хэмнэж, спорт хороодыг татан буулгахын оронд төрийн өмчит ашиггүй, зарлага ихтэй компаниудаа хувьчлаасай.
Одоогоор 16 яам байгаагаас 14 нь дэд сайдтай. Дэд сайд нарын цалин 2.3 сая төгрөг. Жилдээ 386.4 сая төгрөгийг зөвхөн дэд сайд нарын цалинд зарцуулж байна.
Холбоотой мэдээ