Хэвлэлийн эрх чөлөөг ярьсан монголчууд 30-аад жилийн нүүрийг үзэхдээ хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орноор тодроод 20 жилийн ойтойгоо золгож байна. Судлаачдын санал нэгдсэнээр тэрхүү гучин жилийн эхний хагаст хэвлэлийн эрх чөлөөнд халдах явдал харьцангуй бага байсан бол сүүлийн хагаст боломж олдвол заналхийлж, бололцоо гармагц хуульд элдэв заалт шургуулах замаар довтолж иржээ.
Үе үеийн эрх баригчид Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг амлах боловч тэр тоолондоо чөлөөт сэтгүүл зүйг чөдөрлөх, цензурдах, үзэл бодлын эрх чөлөөг нь хумихыг санаархах нь оржоонтой.
Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билиг гэгчээр тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр бүгд л энэ тухай ярихаас цаашгүй өнгөрөөсөөр уджээ. Энэ тоолонд хэвлэлийн эрх чөлөө улам бүр алсарсаар байна.
Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг Эрүүгийн, Зөрчлийн хуульд зүйл заалт оруулсаар ирсэн эрх баригчид хамгийн сүүлд гэхэд л Цар тахлаар далимдуулан хууль санаачилж, түүнийгээ зургаан удаа сунгаж, иргэдийн хүлцэнгүй ноомой, хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуулгавартай байлгаж, ямар ч хяналтгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо зарцуулж байна. Хамгийн сүүлд гэхэд л он солигдохын өмнө хэлэлцээд зургадугаар сарын 30-нд дуусах ёстой байсан тэрхүү хуулийг 2022 он дуустал болгох жишээтэй. Энэхүү хуулиар зөвхөн өөрсдийн өгч буй мэдээллийг баталгаатай гэж тооцсон бөгөөд түүнээс нь зөрсөн, үгүйсгэсэн мэдээллийг худалд тооцон торгож, эдийн засгийн аргаар эрх чөлөөг нь боомилох болов. Ингэхдээ энэхүү шийтгэлийг цагдаагийн үзэмжээр оногдуулах болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд үзэл бодлоо илэрхийлсэн 1480 иргэнийг торгон шийтгэжээ.
2021 онд цар тахлын хуулиар 1700 иргэн хуулийн этгээд торгоод 329 гаруйг нь албадлагын арга хэмжээ буюу баривчилж шийтгэсэн гэх тоон үзүүлэлт гарсан байна. “Глоб интернэйшнл” ТТБ-ын хуульчийн хэлснээр, өнгөрсөн онд гэхэд худал мэдээлэл тараахтай холбоотой эцэслэн шийдэгдсэн тохиолдол 15 байна. Хараат бус сэтгүүл зүй улам бүр алсарч байна.
Монголд хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хуулиар ийнхүү хумигдаж байна. Эрх баригчдын ажлаа хийхийг шаардсан, цар тахлын хуулиа мөрдөхийг сануулсан иргэдийг цагдаагийнхан баривчилсан тохиолдлууд энгийн үзэгдэл болов. Хууль, хяналтын байгууллагынхан нэг талаас, зөвхөн өөрсдөдөө ашигтай бичлэг хийн олон нийтийн сүлжээгээр цацаж, иргэнийхээ эрх чөлөөнд халдах нь явдал гарах болсоор удлаа.
Жагсаалд оролцсон иргэнийг залхаан цээрлүүлж, зодож байгаа бичлэгүүд хэвлэл мэдээллийн ачаар ил болсон ч дахиж тийм явдал гаргахгүй гэх баталгаа алга.
Мэдээллийн дайн өрнөж технологийн эрин үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч илүү хариуцлагатай, шуурхай, мэргэжлийн, чадварлаг байхыг шаардаж буй ч хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чадамж сул байгаагаас зарим тохиолдолд сошиалд мэдээлэл түгээж буй иргэнээс ялгарч чадахгүй байна.
Өнөөдөр хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн үйл ажиллагаа сошиал орчинд олон дагагчтай хувь иргэнээс зарим талаараа ялгарахгүй болсон нь байдлыг улам бүр дордуулаад байх шиг.
Нөгөө талд нь эрх баригчид, төрийн байгууллагууд судалгаа хийх, цогц мэдээлэл өгөх нэрийдлээр хэвлэлийн албаныхаа бүтэц орон тоог нэмэгдүүлж, нэг талыг барьсан мэдээллийг түгээх үйл явцыг төсөвт суулгаж байгаад хийгээд эхэлжээ. Энэ бүхэн нь олон ургалч үзэл санаа, чөлөөт хэвлэлийг боомилж, иргэдийн мэдэх эрх рүү халдаж байна. Иргэдийн сайн сайхны төлөө нэрийдлээр эрх чөлөө рүү нь байнга халдахыг санаархаж буй өнөө цагт илүү мэргэжлийн, төрөлжсөн, чадварлаг байхыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас шаардаж байна.
Бие биенээ үгүйсгэх бус нэгдэж, асуудлыг олон талаас нь харж, эрх зүйн орчноо бий болгохын тулд хамтдаа эрх баригчдад шахалт үзүүлэн тууштай зогсох эс бөгөөс аажмаар амиа хорлох хоёр сонголт үлдэв бололтой.
Холбоотой мэдээ